УИХ гаргасан хуулиа “алдаатай” байсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө
2009.03.13

УИХ гаргасан хуулиа “алдаатай” байсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө

Өчигдөр УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.

2008 оны 5-р сард өөрчлөлт орсон “төрийн албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа баг хороодын засаг дарга нарыг улс төрийн албан тушаалтан гэдэг ангиллыг өөрчилж, төрийн захиргааны албан тушаалтан гэсэн ангилалд оруулсан билээ. Цэцийн дарга Ж.Бямбадорж чуулган дээр цэцийн дүгнэлтийг танилцуулахдаа. Ингэж Баг, хорооны Засаг дарга нарын ангиллыг өөрчлөн, төрийн захиргааных болгож сонгон шалгаруулалт явуулдаг болсноор нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд төр оролцсон хэрэг гэж Цэц дүгнэж байна. Учир нь Үндсэн хуульд баг, хорооны засаг даргыг аймаг, сумын засаг даргатай адил томилон гэсэн заалттай бий гэлээ.

Баг хороодын засаг дарга нарыг төрийн захиргааны албан хаагч хэмээх ангилалд оруулснаар жалга довын үзлийг арилгаж, ах дүү олонтой нэгнийг сонгогдох боломжийг хаасан, шалгаруултанд орж томилогдох давуу талтай. Багийн Засаг даргын сонгон шалгаруулалтад 6600 гаруй хүн бүртгүүлснээс 6200 нь орсон гэнэ. Эднээс 4000 гаруй нь тэнцсэн юм байна. Өөрөөр хэлбэл, уг шалгалтад тэнцэх хүн олдохгүй гэх айдас бодит амьдрал дээр алга хэмээж. Цэц буруу дүгнэлт гаргасан гэсэн байр суурьтай гишүүн бас цөөнгүй байлаа.

Гишүүдийн олонхын буюу 59.6 хувийн саналаар УИХ дээрх дүгнэлтийг хүлээж авав. Ингэснээр 130 гаруй хорооны Засаг даргыг томилох эсэх нь гацаанд орлоо. Гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан тогтоолоо гуравдугаар сарын 4-ний өдрөөс эсвэл өчигдрөөс хэрэгжүүлэх тухайд хэсэг маргав. Эцэст нь өчигдрөөс хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Дүгнэлтийг хүлээн авснаараа УИХ муу хууль гаргасан гэсэн үг биш шүү. Зарчмаараа л явж байгаа хэрэг" гэсэн тайлбар хийв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.