Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  төрд итгэх итгэлийг алдагдуулж байна
2009.02.14

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрд итгэх итгэлийг алдагдуулж байна


Бусдын төрд бүдүүлгээр халдсан мэдээллүүд нь өнөөгийн манай олонх хэвлэл мэдээллийн хэрэгслийн амиа зогоож, хоолоо олж иддэг гол амьжиргаа нь болжээ.

2008 оны эхээс эхлэн Төрийн Ордны Ёслол хүндэтгэлийн өргөөг барьж эхэлсэн билээ. Энэхүү өргөөний барилгын гүйцэтгэл ажлын Д.Арвин гишүүн мэдлийн “Их өргөө” компани барьсан, тус компани барилгын материал нь чанаргүй, “хулхи” байсан тухай мэдээллийг монголдоо  нэлээд нэр хүнд бүхий сонин болох “Ардын эрх” сонины дугаарт нийтэлжээ.

Дээрх мэдээлэл нь андуу ташаа, миний нэр төрийг гутаан доромжилсон мэдээлэл хэмээн УИХ-ын Гишүүн Д.Арвин хэвлэлийнхэнд бага хурал зарлан өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдлээ.

Энэхүү хуралд дээр Төрийн, захиргааны үйлчилгээний  газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Д. Маналжав түүнтэй хамт хүрэлцэн иржээ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөг  “Их өргөө” гэдэг компани  бус “Нийслэл өргөө” хэмээх компани барьсан болохыг тэрбээр хэвлэлийн хурал дээр хариуцлагтайгаар мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Д.Арвин "Би төрийн түшээгээр арав гаруй жил ажиллаж байна. Төрд зүтгэж байгаа хүн цэвэр байх ёстой гэсэн зарчмаар ажилласаар өдийг хүрлээ. Гэтэл ийм том хөрөнгө оруулалтын асуудалтай намайг холбосон нь нэр төрийг минь гутаасан хэрэг болж байна. Ард минь намайг сонгосон сонгогчид, гэр бүл, найз нөхөд  минь бий. Тиймээс энэ мэдээллийг няцааж, хатуухан мэдэгдэл хийж байна.  “Ардын эрх” сонин дараагийн дугаартаа надаас уучлал гуйж, залруулга гаргавал хуулийн байгууллагад хандахгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Монголын ард түмний итгэлийг хүлээж, УИХ-д байнга сонгогддог “дархан” гэж хэлж болох цөөхөн эмэгтэй гишүүний нэг болох Д.Арвин гишүүн өөрийн  хэлэх гэснээ шударгаар хэлдэг, эмэгтэй хүнд баймгүй шийдэмгий эмэгтэй билээ.

Үндэслэлгүйгээр  УИХ-ын гишүүд болон төрийн “хар хүн”-ий нэр төрд халдан, буруу ташаа мэдээлэл цацах нь ард иргэдийн төрд итгэх итгэл, төрийн  лигтем шинжийг алдагдуулсан хор хөнөөлтэй үр дагаврыг дагуулдаг гэдгийг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид анхаарч үзэж байх хэрэгтэй билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.