Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн 60 км замын ажил энэ сарын 20-нд эхэлнэ
Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсгийн 60 км замын засварын ажлыг гүйцэтгэх компани тодорч ажлаа эхлэхэд бэлэн болсон байна.
Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачилга гаргаж баруун чиглэлийн гол замын эвдрэлийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр засварлаж бариулахаар өнгөрсөн парламентаар эцэслэн шийдүүлсэн. Гэвч гүйцэтгэгч компанийг тодруулах явц удааширч, эхний тендерт оролцсон байгууллагуудын бичиг баримт нь нөхцөлд тохироогүй учраас дахин тендер зарлах шаардлага гарсан байна. Эхний тендерийг зарлахдаа барих ёстой 60 км замыг гуч, гучаар нь хувааж хоёр багц болгон зарласан бол хоёр дахь тендерийг шууд 60 км зам барих гэсэн нэг багц болгон зарлаж, гүйцэтгэгч компанийг шалгаруулсан юм.
Харин өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд 2019 оны 9-р сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд баруун аймгууд чиглэлийн гол авто замын сүлжээний хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах олон улсын тендерийн үйл ажиллагааг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулсан.
Гүйцэтгэгчээр шалгарсан “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК-тай зам барилгын ажлын гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2021 оны 3-р сарын 31-нд гэрээ байгуулснаар ажил 4-р сарын 20-ны өдөр эхлүүлэхээр холбогдох бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Зам барих ажлыг 24 сарын дотор дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөх үүргийг гүйцэтгэгч компани хүлээж авсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Чинзориг нь Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүдийг төлөөлж ажлын гүйцэтгэл болон чанарт байнга анхаарал тавьж сонгогчдодоо өгсөн амлалтаа биелүүлж ажиллахаа илэрхийлээд байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn