Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Кувейт Улсын Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг өнөөдөр (2021.03.17) хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнгөрөгч онд тохиосон бөгөөд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт, түүний дотор парламентын хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Элчин сайд Мухаммад Аль-Мутайри нар тэмдэглэв.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолж, тухайлбал, Монголын бараа бүтээгдэхүүнийг Кувейт болон булангийн орнуудын зах зээлд гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.
Монгол Улс, Кувейт Улстай тогтоосон хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Кувейт Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд хуваарийн дагуу үргэлжилж байна. Тухайлбал, Кувейт Улсын Засгийн газраас Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэлд 8 сая ам.доллар, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөлд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн. Мөн Кувейтийн сан Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасанд талархалтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим ажлууд хойшлогдсон. Аялал жуулчлал болон агаарын харилцааны төсөл, хөтөлбөрүүд яриа хэлэлцээрийн шатанд явж байгааг ноён Элчин сайд Мухаммад Аль-Мутайри хэллээ.
Уулзалтаар талууд хоёр орны харилцааг бүхий л салбарт дээшлүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажиллахаа нотлов.