Грек улс дампуурлаас гарахын тулд газар нутгаа зарж магадгүй
2012.09.07

Грек улс дампуурлаас гарахын тулд газар нутгаа зарж магадгүй

Грек улс сан хөмрөгөө арвижуулахын тулд газар нутгаа зарах гэж байна гэсэн мэдээ дэлхий даяар шуугиан тарьж эхэллээ. Тус улсын Ерөнхий сайд Антонис Самарас өнгөрсөн сарын 23-нд Францын «Le Monde» сонинд өгсөн ярилцлагадаа төсвөө нэмэгдүүлэхийн төлөө газар нутгаасаа салж магадгүй хэмээн мэдэгдсэн.

Мэдээж Афин, Салоникийн талаар энд яриагүй. Харин ашигладаггүй зарим арлаа зарж яагаад болохгүй гэж. Тэгээд ч Грекийн ойролцоох Ионик, Эг, Газар дундын тэнгист 2000 гаруй арал байдаг. Үүнээс дөнгөж 200-300 арал дээр хүмүүс амьдардаг аж.

Гэхдээ дампууралд өртсөн Грек улс тусгаар тогтносон газар нутгаасаа хэсгийг ч болов зарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Грекийн Засгийн газрын албан ёсны эх сурвалжууд А.Самарасыг ийм утгатай үг хэлээгүй хэмээн хамгаалж буй аж. Тус улсын Засгийн газрын хэвлэлийн албаныхан арлыг урт хугацаагаар түрээслүүлэх, лизингээр ашиглахыг зөвшөөрөхөөс биш, эдгээр объектыг өмчлөх эрхээ алдахгүй хэмээн мэдэгджээ.

Үнэхээр тийм эсэхийг цаг хугацаа л харуулна. Гэхдээ Евро комисс, Европын Төв банк, ОУВС өмнө нь зөвшилцсөн санхүүгийн тусламжийн хүрээнд Афинд 130 тэрбум еврогийн ээлжит зээлийг олгох эсэхээ энэ сард шийдэх юм. Хэрвээ зээл олдохгүй бол Грек улс шууд дампуурлаа зарлана. Энэ үеэр үндэсний бахархлаа гээх аюултай.

Тиймээс арлуудаасаа их хэмжээний мөнгө олох нь чухал болжээ.Үүнтэй зэрэгцээд эхний худалдан авагч гарч ирлээ. Литвийн нийслэлийн мэр Артурас Зуокас чухам аль арлыг онилсноо мэдэгдээгүй ч ойролцоогоор 5-5.5 сая доллараар авах бодолтой байгаа гэнэ. Тэр энэ арлаа аялал жуулчлал, бизнесийн төвийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ. Эрх баригчид улс орныхоо газар нутгийг бүхэлд нь, эсвэл хэсгийг зарсан тохиолдол түүхэнд бий. Эндээс цөөн баримтыг дурдъя. Зарим нь Грекийн одоогийн засаг захиргаанд сургамж болох ч юм бил үү.
Дельфин ба Франц
XII зууны эхээр Францын зүүн өмнөд хэсэг, улс байжээ. Энэ улсыг дель-финий сүлдтэй, IV Гиг гүн удирддаг байсан. Үүнээс болж энэ улсыг «le Dauphin» гэж хочлох болжээ. Харин Гигийн өв залгамжлагчид улсынхаа нэрийг Дофин гэж өөрчилсөн юм.XIV зууны дунд үеэс бүс нутгийн байдал тогтворгүй болов. Дофин Гумберт II хаан Загалмайтны аян дайнд хамаг мөнгөө шавхаж, оронд баригдсан тул улс орноо бүхлээр нь Францын VI Филипп хаанд худалджээ.
Наполеоны том наймаа
XVIII зууны сүүлчээр Европт дэгдсэн их дайнд АНУ өртөөгүй. Гэвч Ерөнхийлөгч Томас Жефферсон тэргүүтэй Америкийн засаг захиргаа Европын дайны аюул шинэ тивд нүүрлэж болзошгүй хэмээн эмээж байв. Ерөнхийлөгч Жефферсон энэ үеэр АНУ-ын худалдааны талаас илүү хувийг атгадаг Шинэ Орлеаныг худалдан авахаар шийджээ. Тэрээр АНУ-ын газар нутагтай нь нийлсэн энэ хотыг авахын тулд их мөнгө гаргах байсан ч Наполеон урьтаж, татгалзахын аргагүй саналыг америкчуудад тавив.Гаитийн боолуудын бослогыг дарж амжаагүй байтал Англид дайн дахин дэгдсэн тул Наполеон Хойд Америк дахь Францын эзэмшил, хамгаалалтгүй газар нутгаас салахаар шийджээ. Хямдхан ч хамаагүй, аль болох хурдан зарах нь л чухал. Яагаад гэвэл энэ газрыг алдахаас зарсан нь ашигтай.Ингээд" АНУ" одоогийн газар нутгийн дөрөвний нэг хэсэг буюу хоёр сая 140 мянган км.кв талбайтай газар нутгийг га бүрийг нь долоохон центээр худалда авч, 15 сая доллар төлсөн байна. Наполеоны зарсан газар нутагт одоогийн Арканзас, Миссури, АЙОВА, Оклахома, Канзас, Небраска Миннесота, Хойд, Өмнөд Дакота, Нью-Мексико, Moнтана, Вайоминг, Техас Колорадо, Луизана муж бүхэлдээ болон хэсэгчлэн багтсан юм.


 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.