2021.03.09
Ерөнхий сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн банк 1.3 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлсэн нь нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд тэмдэглэв.
Дэлхийн банк 2021-2025 оны Түншлэлийн стратегийн хүрээгээ Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан боловсруулж байгаад талархал илэрхийлэв. Цар тахлын эсрэг тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг шуурхай, цаг алдалгүй шийдвэрлэсэн нь чухал дэмжлэг болсныг хэлэв.
Дэлхийн банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, “Алсын хараа-2050” зэрэг баримт бичигтэй үйл ажиллагаагаа уялдуулна гэдгээ Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв. Эдийн засгийг төрөлжүүлэх, цахим шилжилт, ил тод байдал, сайн засаглал зэрэг салбарт болон вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.