Жижиг, дунд үйлдвэрлэлийн Дэд хорооны ажлын хэсгийн хурал боллоо
2021.03.05

Жижиг, дунд үйлдвэрлэлийн Дэд хорооны ажлын хэсгийн хурал боллоо

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэмжих асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр ХХААХҮЯ-ны байранд боллоо.

Уг арга хэмжээнд ажлын хэсгийн ахлагч, Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн  бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Гандулам, тус хэлтсийн ахлах референт А.Наранцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов.   

Арга хэмжээний эхэнд ЖДҮГ-ын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа Жижиг, дунд үйлдвэрийн газрын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, Ковидын нөхцөл байдлын улмаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын санал зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

Түүнчлэн тус газраас дэлхийн 23 орны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн бүтэц, туршлагын талаар судалгаа хийснээ ажлын хэсэгт танилцууллаа.

Танилцуулгын дараа дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бодлогын чиглэлийн асуудлыг Жижиг, дунд үйлдвэрийн газар дээр зангидаж, нэгдсэн чиглэл өгөх, тухайн орон нутгийн хөгжилтэй уялдуулсан бодлого хэрэгжүүлэх зэрэг санал хэлж, цаашид хийхээр төлөвлөсөн ажилдаа анхаарч ажиллах санал хэлснээр өнөөдрийн ажлын хэсгийн хурал өндөрлөсөн юм.