2021.01.21
Д.Ихбаяр: Үйлчилгээний газарт хандсан иргэдийн QR бүртгэлжүүлэлт хангалтгүй байна
Нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.ИХБАЯРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дэлхий нийтэд тархсан "COVID-19” цар тахлын улмаас улс орнууд шинэ сорилттой нүүр тулж байна. Халдвараас хамгаалах гол аргуудын нэг нь хөл хөдөлгөөнийг хязгаарлах. Ингэснээр хүн хоорондын харилцааг цахим хэлбэрт шилжүүлэх нь улам бүр чухал болж байна. Энэ тухайд нийслэлээс ямар ажлыг, хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Нийслэлийн зүгээс цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, дэлхий нийтэд тархаад буй коронавирустэй холбогдуулан халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоох шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав. Уг шийдвэрийн дагуу нийслэлээс коронавируст халдвар цар тахлын нөхцөлд мэдээллийн технологийн шийдлийг ашиглах төлөвлөгөөний хүрээнд иргэд, олон нийтийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх QR технологийн аргачлалыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр зорчилт хөдөлгөөний бүртгэл, замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн QR тусгай зөвшөөрөл, Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэх зөвшөөрөл, үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй аж ахуйн нэгж байгууллагын хяналт үнэлгээ өгөх ажлуудад QR системийг ашиглан ажиллаж байна.
-Өнгөрсөн оны сүүлчээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр нийслэлчүүд хатуу хөл хорионы дэглэмийг сар орчмын хугацаанд мөрдсөн. Энэ үеэс QR ашиглан хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг олгож эхэлж одоо ч энэ ажил үргэлжилж байна. Ер нь энэ хугацаанд хэчнээн тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлээд байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/1242 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцох хязгаарлалт тогтоогоогүй салбар чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код бүхий тусгай зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг зохион байгуулсан.
Энэ хүрээнд эхний хөл хорионы үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 14-ний хооронд 18 чиг үүргийн байгууллагын 67200 тээврийн хэрэгсэлд QR код олгосон. Үүнээс хойш буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нөөс арванхоёрдугаар сарын 23-ний өдөр хүртэлх хугацаанд буюу өндөржүүлсэн бэлэн байдлын үед замын хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, QR код олголтыг түр зогсоосон.
Ингээд буцаад хөл хорионы горимд шилжсэн. Хоёр дахь хөл хорионы хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-наас энэ оны нэгдүгээр сарын 11 хүртэл байсан. Энэ хугацаанд 15 чиг үүргийн 57.661 тээврийн хэрэгсэлд QR код олгосон байна. Энэ сарын 11-ний өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн тул QR код олголтыг зогсоогоод байна. Хэрэв цаашид замын хөдөлгөөнд дахин хязгаарлалт тавих шаардлага үүсвэл тухайн үеийн УОК, НОК-ын шийдвэрийн дагуу дээрх бүртгэл, мэдээлэлд суурилан зохих арга хэмжээг хэрэгжүүлэх болно.
-Хотын ойр орчимд амьдардаг, товчоодоор тогтмол орж гарах шаардлагатай автомашин болон иргэдийн мэдээллийг бүртгэлжүүлж, QR кодоор нэвтрүүлэхээр болсон. Энэ ажил ямар шатандаа явна вэ, товчоодын цаана амьдардаг иргэдийг бүрэн бүртгэлжүүлж дууссан уу?
-Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг хороодод түр болон байнгын оршин суугч мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын мэдээллийг бүртгэж, шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэх зөвшөөрлийг https://erp.ulaanbaatar.mn/ системийг ашиглан олгох боломжтой болсон.
Энэ системийг ашиглан Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрлах хорооны Засаг дарга, иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэн бүртгэж, шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж байгаа цагдаа иргэдийн бүртгэлийг шалган нэвтрүүлж байна. Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэх шаардлагатай байгаа. Тэдний хувьд заавал PCR шинжилгээ өгөх хэрэггүй болсон. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийт 5597 иргэнийг бүртгэлжүүлээд байна. Эдгээр хүний хувьд товчоодоор нэвтрэхдээ QR кодоо ашиглан чөлөөтэй нэвтрэх боломжтой.
-Зорчих хөдөлгөөнтэй холбоотойгоор QR код олгохоос гадна үйлчилгээний байгууллагууд иргэдийн мэдээллийг бүртгэлжүүлэх үүднээс Е баримт ашиглан QR кодыг уншуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг иргэд хэрхэн хүлээн авч, хэр үр дүнтэй байна вэ?
-Улсын онцгой комиссын 2020 оны 37 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх https://qr.119.mn/ системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоогоогүй чиг үүргийн аж ахуйн нэгж, байгууллагуудад https://qr.119.mn/ системээс өөрийн байгууллагын QR кодыг үүсгэж байршуулсан эсэх, үйлчлүүлж буй иргэдээс E barimt аппликейшн ашиглан QR кодыг уншуулж байгаа эсэх болон НОК-оос гаргасан зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа эсэхэд https://qr.ulaanbaatar.mn/ системийг ашиглан хяналт тавьж үнэлгээ хийх боломжтой болсон.
Иргэдийн зорчилт бүртгэлийн https://qr.ulaanbaatar.mn системийг ашиглан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагууд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон есөн дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид хяналтын үнэлгээг хийж байна.Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ноос энэ сарын 15 өдрийн хугацаанд 4447 аж ахуйн нэгж, байгууллагад 9897 хяналт хийсэн байна. Үүнээс 397 аж ахуйн нэгж, байгууллага зөрчилгүй, 3913 нь зөрчилтэй байсан. Эдгээр байгууллагад холбогдох арга хэмжээг нийслэлийн МХГ-аас авч ажиллаж байгаа юм. Түүнчлэн энэ сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд https://qr.119.mn системд нийслэлийн хэмжээнд бүртгүүлсэн 136.526 байгууллага QR үүсгэж, 1.4 сая гаруй иргэний 1.9 сая шахам удаагийн бүртгэлийг хийгээд байна.
-Одоогоор үйл ажиллагааг нь хязгаарласан 18 салбараас бусад нь ажиллаж байна. Тэдгээр байгууллага үйлчилсэн иргэдээ нэгбүрчлэн бүртгэлжүүлж чадаж байгаа болов уу. Тухайн байгууллагаар хэчнээн иргэн үйлчлүүлж, хэд нь QR код уншуулж бүртгэлд хамрагдсаныг хэрхэн хянаж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын QR платформын хэрэглээн дэх хяналт шалгалтыг энэ сарын 14-ний өдөр холбогдох байгууллагуудын хамт зохион байгуулсан. Дээрх хяналт, шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагуудын QR уншуулалтыг кассын худалдан авалт хийсэн иргэдийн тоотой харьцуулах замаар хяналт тавьж байна. Энэ төрлийн хяналт шалгалт хийхэд бүртгэлжилт маш хангалтгүй буюу 30 хүрэхгүй хувь нь бүртгэл хийлгэсэн байх жишээтэй.
Тиймээс цаашид QR системийн ашиглалт хангалтгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээг авч ажиллах чиглэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газруудад хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллага https://qr.ulaanbaatar.mn системийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
-Е баримт, QR код ашиглаж мэдэхгүй иргэн цөөнгүй бий. Энэ тохиолдолд ямар маршрутаар үйлчлүүлснийг тогтоох ямар боломж байна вэ?
-Нийслэлийн албан ёсны веб хуудас болон сошиал медиа сувгуудаар аж ахуйн нэгж, байгууллагууд qr.119.mn системээс QR код үүсгэж, хэвлэх заавар болон түүнийг иргэд Е баримт системэээр дамжуулан хэрхэн уншуулж, бүртгүүлэх тухай заавар, мэдээллийг түгээж, мэдээллээр хангах арга хэмжээг авч ажиллаж байна.
Түүнчлэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхээр ирж байгаа иргэдийн иргэний үнэмлэхийг уншуулж, нэвтрүүлэх чиглэл өгөн ажилласан. Ингэснээр иргэний мэдээлэл болон зорчсон байршлын мэдээллийг бүртгэж авч байна. Түүнчлэн танадалт, илрүүлгийн шинжилгээний www.eruul.gerege.mn системийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Тус системээр одоогийн байдлаар 28507 иргэн шинжилгээний цаг авч, PCR шилжилгээнд хамрагдсан дүн мэдээтэй байна.
-Нийслэлийн зүгээс халдвараас хамгаалахын тулд төрийн үйлчилгээг аль болох цахимжуулж, хүн хоорондын бөөгнөрөл үүсгэхгүй байх талд цөөнгүй ажлыг хийж байна. Харин нөгөө талдаа эдгээр ажлыг иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Нийслэлийн нутгийн захиргааны найман байгууллагын 102 төрлийн үйлчилгээг eservice.ulaanbaatar.mn болон E Mongolia системээр дамжуулан авах боломжтой болсныг онцолмоор байна. Тухайлбал, Хот байгуулалт, хөгжлийн газрын барилгын загвар зураг батлах (архитектур төлөвлөлтийн даалгавар олгох), Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээллээр үйлчлэх, Хот байгуулалт, хөгжлийн газрын үйлчилгээний төлбөр төлөх зэрэг зургаан төрлийн үйлчилгээ, мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой 16 төрлийн үйлчилгээ зэргийг дурдаж болох юм. Түүнчлэн нийслэлийн харьяа байгууллагуудад хандсан өргөдөл гомдлоо eservice.ulaanbaatar.mn систем, Check My Service гар утасны аппликейшн, 1800-1200 тусгай дугаараар залгах зэргээр гэрээсээ гаргаж, цахим хэлбэрээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.
Эдгээр боломжийг ашиглан төрийн үйлчилгээг гэрээсээ авах нь цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна эрсдэлээс өөрийгөө хамгаалах ач холбогдолтой юм.
-Цаашид иргэдийн амьжиргаа, эдийн засгаа дэмжих үүднээс коронавирустэй зэрэгцэн амьдрахаас аргагүй болж байх шиг. Нийслэл, тэр дундаа танай газраас цар тахлаас хамгаалахын тулд технологийн ямар шинэ шийдлийг санал болгох вэ?
-Иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлээс үзүүлж буй төрийн 500 гаруй нэр төрлийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүссэн газраасаа авах боломжийг бүрдүүлж, 100 хувь цахимжуулах зорилго тавин ажиллаж байна. Үүний тулд үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд процессын шинжилгээ хийж, үйлчилгээний шат дамжлага, бүрдүүлэх бичиг баримтыг цөөрүүлж, цахим хэлбэрт шилжүүлэх буюу цахим засаглалыг хэрэгжүүлэх шаардлагатай.
Үүнтэй холбоотойгоор судалгааны ажлуудыг хийж эхлээд байна. Тодруулбал, цар тахалаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд "Ковид-19” цар тахлын халдвар авсан иргэн, ойрын болон дам хавьтагчдын мэдээллийг цахим системээр илрүүлэх, ингэснээр тархалтаас сэргийлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн зорилтот бүлгийн өрх, иргэнд шаардлагатай тусламж, дэмжлэгийг цаг алдалгүй хүргэх ажлыг зохион байгуулж, хороо, хэсгийн ахлагчдын үйлчилгээг чанаржуулж, шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна.
М.Өнөржаргал