2021.01.14

С.Чинзориг: Цөөн хүний цалинг бууруулахгүй байх заалт оруулбал оновчтой болно

УИХ-ын чуулганы өнөөдийн /2021.01.14/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шүүхийн тухай хууль баталсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:

Энэ хууль хэрэгжснээр шүүгчдийн цалин хөлс буурахгүй, дунджаар 55 орчим хувийн удаан жилийн нэмэгдэл, онцгой нөхцлийн нэмэгдлүүд нийлээд авахаар болж байгаа юм. Нэмэгдэлүүд авахтай холбоотой таваас жил ажилласан шүүгчид жил тутам хоёр хувийн цалингийн нэмэгдэл олгодог байсан. Хоёр хувийн нэмэгдэл нь ирэх оноос байхгүй болоод удаан жилийн нэмэгдэл, онцгой нөхцлийн нэмэгдлүүд аваад эхэлнэ.

Тэгэхээр 25-30-аас дээш жил ажилласан шүүгчдийн өөрсдийнх нь гаргаж судалгаагаар найм орчим хүн дээр цалингийн бага хэмжээний бууралт гарч магадгүй байгаа юм. Энэ асуудлыг ХЗБХ судалж үзсэн үү? Хэрвээ шаардлагатай бол цөөн хүний цалинг энэ тогтоолын төсөлдөө оруулаад цалинг нь хүрсэн түвшингээс нь бууруулахгүй байх арга хэмжээ авахыг чиглэл болгосон заалт оруулаад явчихвал илүү оновчтой болох болов уу гэсэн саналтай байна. 

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Шүүгч нарыг цалинг ажлын хэсэг ихээхэн хэмжээгээр нэмж байгаа ойлголт төрөөд түүнтэй холбоотой ажлын хэсгээс орсон зарим саналууд унасан. Үүнтэй холбоотой эцсийн хэлэлцүүлэг хийх явцад шүүгч нарын цалингийн асуудлыг хэлэлцсэн. Онцгой нөхцлийн, ажилласан жил, докторын зэргийн нэмэгдэл гэсэн гурван нэмэгдэл авахаар болж байгаа.