Б.Бат-Эрдэнэ: Авлига гэх ганцхан үгнээс олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсон
2018.02.02

Б.Бат-Эрдэнэ: Авлига гэх ганцхан үгнээс олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсон

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга нь албан тушаалаараа "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ–ийн дарга болдог юм байна. Энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Монголын уул, уурхайн томоохон компаниудыг удирддаг "Эрдэнэс монгол" компанийн ТУЗ–ын даргаар томилогдсон тэрбээр цаашид тус компанийн удирдлагын болоод санхүүгийн менежментийг сайжруулах чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж буйг сонирхлоо.


-Та "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ–ийн даргаар томилогдлоо. Цаашид уг компанийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Нэн тэргүүнд засч, сайжруулах шаардлагатай ямар ажлууд байна вэ?

-Баярлалаа. Ер нь төр өөрөө залгамж шинж чанартай байх ёстой. Бат–Эрдэнэ гэх хүн тус компанийн ТУЗ–ийн даргаар томилогдоод шинэ ажлыг зохион байгуулна гэхээсээ илүүтэйгээр төрийн залгамж халааг хэвийн үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд сайжруулах чиглэлээр ажлууд хийх шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөв­лөөд байна.

"Эрдэнэс Монгол" нь уул, уурхайн компаниудыг нэгтгэсэн төрийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг групп юм. Тодруулбал, тус компанийн удирдлага дор Багануур, Шивээ–Овоо, Эрдэнэс–Оюутолгой, Эрдэнэс–Тавантолгой, Мон–Атом, Эрдэнэс Метан гэх мэт компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ч үүднээс "Эрдэнэс Монгол" компани нь дэлхийд яаж харагдана түүгээр Монголын уул, уурхайн компаниудыг үнэлнэ.

Тэгэхээр нэгдүгээрт толгой компани болох "Эрдэнэс Монгол" компанийн засаглалыг сайжруулах, хоёрдугаарт, авлигаас ангид байх түүнээс урьдчилан сэр­гийлэх, соён гэгээрүүлэх, авлига үүсэх эрсдэлээс хам­гаалах гэх авлигын эсрэг стандартыг нэвтрүүлэх шат дараатай ажлыг зохион байгуулна. Учир нь олон нийт уул, уурхайн салбарыг авлига ихтэй гэж харддаг. Энэ нь ч зөв байх. Яагаад гэвэл, газрын доорх баялаг, их хэмжээний мөнгө, тусгай зөвшөөрлийг тойрсон асуудлууд яригддаг учраас ингэж харддаг байх. Ер нь ганц уул, уурхайн салбар гэлтгүй төрийн алба, төрийн өмчит компанийг авлигатай холбогдуулан хардаг. Ийм хандлага нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулахад нөлөө үзүүлж байна.

-"Эрдэнэс Монгол" компани нь Авлига­тай тэмцэх ажлын менеж­ментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлэхээр болсноо мэдээллээ. Энэ стандартыг нэвтрүүлснээр тодорхой ямар үр дүн гарна гэж та харж байгаа вэ?

-ТУЗ–ийн даргын хувьд "Эрдэнэс Монгол" группийн хэмжээнд Авлигатай тэмцэх аж­лын менежментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүмүүс стандартын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Энгийнээр хэлбэл стандарт нь эрсдэлээс сэргийлж тухайн компанид хэм, хэмжээ тогтооно гэсэн үг юм.

Авлигын эсрэг стандартыг хэрэгжүүлснээр олон улсад IPO гаргахад, 1072 хувьцааг амь оруулах үйл ажиллагаанд том түлхэц болно гэж харж байгаа. Мөн олон улсад уул, уурхайн ком­паниудыг үнэлэх үнэлэмж дээшилнэ. Цаашлаад энэ нь Монгол Улсын авлигын индекс, үзүүлэлттэй уялдаж байгаа юм. Олон улсын зах зээлд IPO гаргахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг компа­ниуд­даа нэвтрүүлсэн эсэх нь мэдээж нөлөөлнө. Нэгэнт олон улсад хувьцаагаа гаргах гэж байгаа бол олон улсын хууль, дүрэм, стандартыг дагахаас өөр замгүй.

-Монгол Улс авлигын индексээр 16 байраар ухарч олон улсад 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн мэдээллийг сонслоо. Бид авлигыг бууруулах чиглэлээр яг яаж ажиллах ёстой юм бэ?

-Монгол Улс до­тоод­доо төрийн байгуул­лагуудаа авлигын индек­сээр дүгнэдэг. Яг үүнтэй адил Монгол Улс олон улсын стандартын үнэл­гээгээр ороод индексээ тодорхойлуулж байгаа. Миний мэдэж буйгаар сүүлийн гурван жил авлигын индекс буурч байна. Энэ бол маш том анхааруулга юм. Авлига ихтэй газарт ядуурал ноёрхдог. Баян ядуугийн ялгаа ихэсдэг. Авлига гэх ганцхан үгэнд тулгуурлан олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсон.

Тэгэхээр авлигатай бүх шатандаа тэмцэж байх хэрэгтэй. Хүнийг сүүдэр дагадаг гэдэг шиг авлигыг хувь хүний ёс зүй дагадаг. Тэгэхээр авлига нь ёс зүйтэй салшгүй холбоотой. Хүмүүс ёс зүйгээ алдсанаас болж авлигын хэрэгт холбогдож байгаа юм. Ёс зүйтэй, хүмүүжилтэй хүн авлигад нэр холбогдоод байх нь бага шүү дээ. Тэгэхээр авлигыг таслан зогсоох, урьд­чилан сэргийлэх, ир­гэдийн итгэлийг сэргээх, олон улсад нэр хүндээ өсгөх гэх мэт ажлуудыг хийх цаг нь болсон.

-"Эрдэнэс Монгол" компани олон улсын ERP системийг үйл ажил­лагаандаа нэвтрүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ системийг нэвтрүүлэхийн давуу тал нь юу юм бэ?

-XXI зуун бол мэдээлэл технологийн зуун. Гэтэл бид төөрөлдсөн олон цааснаасаа салаагүй л байна. Тиймээс бид "Эрдэнэс Монгол" компанийг ERP нэгдсэн системд холбох томоохон ажлыг хийж байна. Ингэснээр "Эрдэнэс Монгол" компани болон охин компаниудын санхүүгийн бүх мэдээллийг ганц кноп дараад л авдаг болох юм. "Эрдэнэс Монгол" группийн санхүүгийн бүхий л мэдээллийг цахимжуулж байна гэсэн үг. Ингэснээр анхан, дунд шатанд авлигыг бууруулах ажил руу мөн давхар орж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ мэтчилэн компанийн засаглалыг илүү сайж­руулах ёстой. Мөн зардлаа хэмнэх шаардлага бий. Үрэлгэн зардлуудыг танах хэрэгтэй. Төр зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлж ажиллаж чадахгүй бол зуун мянган жил мөрөөдөөд хөгжиж чадахгүй. Тэгэхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх нь чухал ажил шүү дээ.

Монгол Улс дотооддоо хөгжихөөс гадна гадаадын шинэ технологиудыг авч хэрэгжүүлдэг байх ёстой юм. Энэ бүхэнд төр өөрөө маш сайн манлайлалыг үзүүлж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ жилийг Хариуцлагын жил болгон зарлаж, ярьж байгаа. Бид төрийн албаны бүх шатанд хариуцлага, санхүүгийн сахилга батыг сайжруулах төвшинд ажиллана.

Сэтгүүлч Д.Үржинбадам