Төвдүүдийн бослогыг дарах ажиллагааг Ху Жин Тао биечлэн удирддаг
- “Төвдийн асуудлыг шийдэхэд Улстөрийн товчооны байнгын хорооны хэдхэн удирдагч оролцдог. Гэвч Ху Жин Тао л голдон удирдах үүргийг гүйцэтгэдэг” гэсэн байна
- Хятадын коммунист намын удирдагчдын хувьд Төвд нь Тайванаас ч илүү эмзэг бүс нутагт тооцогддог гэнэ.
- Түүнчлэн “WikiLeaks” сайт “Хятадын удирдагчид нийгмийн асуудлыг шийддэггүй, зөвхөн ард иргэдээ хүчээр дардаг” гэж буруутгажээ
“WikiLeaks” сайтын мэдээлснээр Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жин Тао төвдүүдийн бослогыг дарах их туршлагатай нэгэн гэнэ. Эрх баригчдын хувьд нэн эмзэгт тооцогддог Төвдийн талаарх асуудлыг шийдэх бүх бодлого, мөн Төвдөд үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ямархуу байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулах асуудлыг Ху дарга биечлэн шийддэг талаар “WikiLeaks” сайт бичжээ. Тус сайт эдгээр мэдээллийн эх сурвалжийг Бээжинд суугаа АНУ-ын Элчин сайдын дипломат шуудангаас авсан гэдгээ ч мөн дэлгэсэн юм.
2008 оны 4-р сарын 16-ны шуудангийн баримтад “Ху Жин Тао Төвдийн талаарх Хятадын Коммунист намын бодлогыг тодорхойлдог. Ер нь энэ намын бүх удирдагч хатуу байр суурийн төлөө байдаг” гэжээ. Дашрамд дурдахад Ху Жин Тао өөрөө өмнө нь Төвдийн автономит тойргийн Коммунист намын нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан билээ. Иймээс одоо ч гэсэн Хятадын коммунист намын удирдагчдаас хэн ч маш чухал бөгөөд эмзэг хэмээгддэг энэ асуудлыг шийдэх тал дээр Ху даргатай өрсөлдөж зүрхэлдэггүй аж.
Дипломат эх үүсвэрүүдээс үзэхэд “Төвдийн асуудлыг шийдэхэд Улстөрийн товчооны байнгын хорооны хэдхэн удирдагч оролцдог. Гэвч Ху Жин Тао л голдон удирдах үүргийг гүйцэтгэдэг” гэсэн байна. Хэрэв хэн нэгэн хөндлөнгөөс оролцож зүрхэлбэл шууд л “улстөрийн хүүр” болох нь дамжиггүй. Тэр бүү хэл ийм хүнийг бүр урвагч гэж буруутган, зохих шийтгэлийг хүлээлгэх биз.
Ху дарга 1987-1989 онд Төвдөд гарсан эсэргүүцэл бүрийг маш хурдан, “үр дүнтэй” дарж байсныг Дэн Сяо Пин өндрөөр үнэлжээ. Чухам үүний ачаар Ху Жин Тао 1992 онд Байнгын зөвлөлийн гишүүнээр элссэн юм. Иймээс Ху дарга энэ асуудалд үргэлж маш хатуу ханддаг аж. Хэрэв Тайвани асуудал болон эдийн засгийн хөгжил, улстөрийн шинэчлэлийн асуудал дээр Хятадын коммунист намын удирдлагууд санал жаахан зөрөлдөөнтэй, ялгаатай байж, авч хэлэлцэх зэргээр шийдвэр гаргадаг бол Төвдийн хувьд тийм юм огт байдаггүй. АНУ-ын дипломатчдын шууданд бичсэнээр Хятадын коммунист намын удирдагчдын хувьд Төвд нь Тайванаас ч илүү эмзэг бүс нутагт тооцогддог гэнэ.
2008 оны 4-р сарын 25-ны өдрийн өөр нэг мэдээлэлд өгүүлснээр Төвдөд дэгдсэн 3-р сарын бослогыг дарах үед Ху Жин Тао өөрөө биечлэн коммунист намын суртал ухуулгын хэлтэс дээр ирж, зааварчилгаа өгч, энэ сэдвээр хэвлэл мэдээллийнхэнд яаж, юу гэж мэдээлэхийг хүртэл үүрэгдсэн байна.
Хятадын Нийгмийн ухааны академийн мэргэжилтэн Дон 4-р сарын 15-нд АНУ-ын нэгэн дипломатчид сонирхолтой мэдээлэл өгчээ. “Хэлтсийн дарга Лю Юнь Шань шууд Ху Жин Тао даргаас заавар авсан. Хэдийгээр суртал ухуулгыг Төв хорооны гишүүн Ли Чань Чунь хариуцдаг ч тэр ам ч нээж зүрхлээгүй. Профессор Чжоу Америкийн дипломатчид мэдээлэхдээ “3-р сард суртал ухуулгын хэлтэс дээр хэвлэл мэдээллийн олон төлөөлөгчийг оролцуулан хурал хийсэн. Түүн дээр “зөвлөгөө” өгсөн юм. Өрнөдийнхөн төвдүүдийг дэмжиж байгааг шүүмжилсэн олон нийтлэлийг хэвлэ гэсэн. Түүнчлэн Төвдийн нөхцөл байдлын талаар өөрсдийн тайлбарыг хэвлэхийг хориглосон” хэмээжээ.
Төвдийн Лхаст 2008 онд дэгдсэн бослогын үеэр Хятадын эрх баригчид Хятад орон тэр чигээрээ босч, эсэргүүцэхээс эмээж байсан талаар АНУ-ын 3-р сарын 18-ны дипломат шууданд өгүүлжээ. Ард иргэд босох шалтгаан байсан. Хятадад авлига цэцэглэж, мөн баячууд ба ядуусын ялгаа улам ихсэн, нийгмийн шударга бус байдал гаарч байгаа аж. Түүнчлэн 2008 оны Олимпийн наадмыг ашиглан, иргэд өөрсдийн дургүйцлээ илэрхийлэх вий гэж эрх баригчид сэрэмжилж байв. Иймээс Хятадын удирдагчид мэдээллийн бүх сувгийг хааж, дэлхий нийт хэрхэн хүлээж авч байгаад их анхаарал хандуулсан байна. Энэ үеэр хүч хэрэглэн, галт зэвсэг ашигласан талаар мөн АНУ-ын дипломатч тэмдэглэжээ. Тэрбээр энэ талаарх анхны шуудангаа 2008 оны 3-р сарын 15-нд буюу профессор Донтой уулзсаны дараа шууд АНУ руу илгээсэн байна. Профессор өөрөө дипломатчтай холбоо барьж, яаралтай уулзах санал тавьсан гэнэ. Учир нь Донд түүний удирдлага “3 өдрийн дотор өөрийн гадаад эх үүсвэрүүдтэй холбоо тогтоож, Лхасын үйл явдлын талаар дэлхий нийт, олон улсын нийгэмлэг юу бодож байгааг мэд” хэмээн тушаасан аж.
Дон “Хятадын хэвлэл мэдээлэлд Төвдийг нөмрөн давалгаалсан эсэргүүцлийн талаар ганц ч үг гараагүй. Би өөрөө энэ талаар өрнөдийнхний санал бодлыг тандах даалгавар өгсний дараа л мэдсэн. Хятадад бараг хэн ч болсон явдлын талаар мэдээгүй өнгөрсөн байх” хэмээн дурсав. Дараа нь Дон интернэтийн хоригийг аргалж нэвтрэн, өрнөдийн том сайтууд руу орж, мэдээлэл авч бүхнийг мэдсэн аж. Тэрбээр “Зааврыг Комунист намын хамгийн том түшмэд өгсөн. Ялангуяа Бээжингийн Олимпийн өмнө байсан болохоор тэд гадаадын хариу үйлдэлд ихэд анхаарал хандуулсан. Гэхдээ эрх баригчид үүссэн асуудлыг энхийн замаар шийдэх магадлал маш бага байсан” гэжээ.
Тэгээд ч хэрэв Ху дарга Төвдийн асуудалд “зөөлөн хүч” хэрэглэвэл улстөрийн сөргөлдөгчид болох Цзян Цзэ Минь, Цзэн Цин Хун нарын эсэргүүцэлтэй тулах гэнэ.
Түүнчлэн “WikiLeaks” сайт “Хятадын удирдагчид нийгмийн асуудлыг шийддэггүй, зөвхөн ард иргэдээ хүчээр дардаг” гэж буруутгажээ. Тэр бүү хэл тус сайтын баталж буйгаар Төвдийн лам нар сүүлийн үед зулын гол болох нь ихэссэний хариуд Хятадын эрх баригчид хуурамч видео бичлэг хийн, цацаж байгаа аж.
орчуулагч АШИМ
Эх сурвалж
Vip76.mn