Японы мафи хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна
2011.04.21

Японы мафи хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна

Японд болсон газар хөдлөлтөөс хойш нэг хоног  ч өнгөрөөгүй байхад буюу 3-р сарын 12-ны шөнө дундын үед Ибараки мужийн Хитачинаки хотын захиргааны үүдэнд 50 тонн ачаа тээсэн ачааны машинууд ирж зогслоо. Пиджак, урт ханцуйтай цамц өмссөн хэдэн зуун хүн уг ачааг буулгаж эхлэв.

Гэхдээ тэд Улаан загалмайнх биш, харин Японд хэмжээгээр 3-т тооцогдох том мафийн гишүүд байсан юм. Тэд маш болгоомжлон, гэмт хэргийн ертөнцөд хамааралтайгаа нууцлахыг хүссэн бололтой якудза гэдгийг нь илтгэх шивээсээ халхалсан урт ханцуйтай цамц өмсч, тайруулсан хуруугаа харуулахгүй гэж бээлийтэй ажиллаж байлаа.

 

Инагава-кайн билэгдэл болсон Фужи уулын дэвсгэр бүхий бушель будаатай эмблем нь ч харагдахгүй аж. Элдэв хэл аманд өртөхөөс сэргийлж, шөнө ирэн тусламжаа тараасан нь учиртай. 2009 оны 9-р сарын 30-нд Цагдаагийн үндэсний агентлагийн (NPA) тэргүүн Андо Такахару зохион байгуулалттай гэмт хэрэгт дайн зарласнаас хойш ийнхүү Инагава-кай олны өмнө ил тод ажиллагаа явуулахаас зайлсхийх болжээ.


Хитачинаки хотын эрх баригчид тэдний хэн болохыг мэдэж байлаа. Нэг түшмэл видео бичлэг хийж эхлэхэд ч мафи тусламж үзүүлэх ажлаа зогсоосонгүй. Якудза нар хөнжил, ус, бэлэн гоймон, соёолсон шош, гар чийдэн, зай, нойлийн цаас гээд хэрэгтэй бүхнийг хотын захиргааны байшингийн өмнө буулгачихаад өөрсдийг нь ажиглаж байсан хотын захиргааны түшмэдэд зүгээр л толгой дохиод яваад өгчээ. Маргааш нь Тохоку дүүрэгт мөн ийм тусламж үзүүлсэн аж.


Ер нь 3-р сарын 11-ний газар хөдлөлтөөс хойш хэдхэн цагийн дараа Японы томоохон мафиуд улс даяар өөрсдийн оффисын хаалгаа нээж, гамшигт өртөгсдийг хоргодуулж эхэлжээ. Эндхийн мафийнхан албан оффистой. 80 мянга гаруй гишүүнтэй Японы хамгийн том 22 мафийн төв оффисын хаягийг мэдье гэвэл “NPA” сайт руу ороорой. Жишээлбэл Токио хотын Сумиёси-кай хэмээх якудзагийн бүлэглэл гэхэд л хотынхоо элит дүүрэг Гиндзад үл  хөдлөх хөрөнгө эзэмшдэг аж. Тэдний нэг толгойлогч нь Японд байнга амьдардаггүй гадаадынханд хүртэл урилгаа тараажээ. Байгалийн гамшгийн дараахан Сумиёси-кай бүлэглэл өөрсдийн ахмад гишүүдээс нэг сая гаруй доллар хүлээн авч, Мияги, Ибараки, Фукушима мужид охин компани, түншүүдийнхээ тусламжтайгаар тусламжаа тараасан аж. Дашрамд сонордуулахад якудза нар Японы зөвхөн барилгын салбарын ашгаас тогтмол 5%-ийг хүртдэг. Иймээс ард түмэндээ туслахад юу нь болохгүй байх билээ. Тэгээд ч өлсч цанган, даарч буй энгийн иргэд хэнээс авч байгаа тал дээр санаа зовох нь юу л бол.


Зөвхөн Токиод 800 гаруй якудзагийн бүлэглэл байдаг. Үүнийг Японы цагдаагийнхан төдийгүй хүн амын ихэнх нь мэддэг. Якудзагийн бүлэглэл нь япончууд, солонгосчууд ба буракуминчуудаас бүрддэг. Японы буракуминчууд нь Энэтхэгийн шоовдорлогсдын давхаргатай төстэй. Мөн хууль зөрчигсөд, мотоцикльчдын бүлэглэл ч бий. Япон улс хар тамхичдын тал дээр нэлээд зөөлөн төрийн бодлоготой. Иймээс хар тамхичдын эцэг эх нь хүүг нь эмчилнэ гэж амласан якудзагийн боссод түүнийг хүлээлгэж өгөх нь бий. Якудзагийн бичигдээгүй хуулиар нэг удаа тэнд орсон бол хэзээ ч гарахгүй,бүр төрсөн эцэг эхийнхээ оршуулгад ч очих эрхгүй гэнэ. Ингээд якудза нарын цорын ганц эцэг нь мафи болдог.
Орчин үеийн якудза нар бараг л бизнесмэн болжээ. “NPA”-ийн  2007 оны илтгэлд якудза нар үнэт цаасны наймаа руу ханцуй шамлан орж, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа эргэлдүүлдэг хэдэн зуун компанид “эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах өвчин халдаасан” гэж тэмдэглэжээ. Якудза нар аливаад шинэлэг хандаж, хүчирхэг байдал, чанд сахилга баттай учраас нөлөө нь Японоос ч хальж гарсан аж.


Гэхдээ мафийн боссын хүчирхэг эсэхийг буяны үйлс, хандив бус харин хууль бус замаар олсон мөнгө нь тодорхойлдог. Тэгээд ч зөвхөн газар хөдлөлт, цунами зэрэг томоохон байгалийн гамшгийн үед л якудза нар хүмүүст тусалдаг. Ингэснээр зарим нь нэр хүнд олж авч, нутгийн олны дэмжлэгийг хүлээх зэргээр сэргээн босголт дууссаны дараа өөрсдөд ашигтай байлгах гэж ийм тусламж үзүүлдэг бололтой. Харин мафийн нэгэн гишүүн энэ талаар “Миний хувьд би намайг өсч өндийлгөсөн нийгэмд өрөө өгч, хариу барих гэсэн юм. Энэ бл якудзагийн дүрэм” гэжээ.


Цагдаагийн газрын мэдээгээр Сумиёси-кай, Инагава-кай гэмт бүлэглэлүүд өөрсдийн гишүүдээс хэдэн сая доллар авч, гамшгийн бүс нутгуудад нийт 200 тонн гаруй ачаа илгээсэн аж. Мацуба-кай, Киокуто-кай (хоёулаа Токиод байдаг) бүлэглэлийн зэрэгцээ хэмжээгээрээ арай бага Айдзукотэцу-кай (Киотод байдаг) гээд бүгд л энэ тусламжийн ажиллагаанд оролцжээ. Цагдаагийнхны ажиглалтан дор Ямагути-гуми ихэнх ажлаа киосейша хэмээх иргэний туслахуудын тусламжтайгаар гүйцэтгэсэн байна. Тусламжийн ажлыг зохион байгуулахад нэгэн бүлэглэлийн толгойлогч, хуучны якудза нарын нэг Тадаси Ирие их үүрэг гүйцэтгэсэн аж. Ямагути-гуми бүлэглэлийн гишүүд цацраг идэвхт бодис тархсан нутгийн иргэдэд эмийн сан, гутал, оймс, хоол хүнс, хогны уут, дэр зэргийг тараажээ. Нийт 800 гишүүн уг ажиллагаанд оролцсон байна.


Осакагийн цагдаагийн газрын мэдээгээр Ямагути-гумийн нэгэн толгойлогч хэдэн ачааны машиныг дүүргэж, гамшгийн бүс рүү 200 гишүүнийхээ хамт илгээсэн гэнэ. Тэр бүү хэл мань эр Мияги мужийн иргэдэд халуун хоол хүргэж, түр зуурын усанд орох газрыг барьж өгчээ. Сайтама муж дахь Сумиёси-кай бүлэглэлийн шантажлах ажлаар дагнагч нэгэн гишүүн “Яг өнөөгийнх шиг цаг үед нийгмийн ялгаа арилдаг. Японд якудза, энгийн иргэд, гадаадынхан гэж байхгүй. Бид бүгд өнөөдөр япончууд, яагаад гэвэл энд амьдарч байгаа учраас. Эцсийн эцэст элдэв яриа энэ тэргүй зөвхөн мөнгө хийх л хэрэгтэй” хэмээн ярьжээ. Харин зарим нь “Одоо хүний амь насыг аварч, бие биедээ туслах цаг. Энэ бол бид байгаагаасаа илүү сайн болж харагдаж чадах агшин. Якудза нарын 95 хувь нь хүний үнэргүй, хаягдал шаар. Зөвхөн 5% нь тодорхой ёс журамтай. дэг журмаа чанд сахидаг” гэж байна. Нэрээ нууцалсан, Ибаракийн цагдаагийн өндөр албан тушаалтнууд энэ талаар “Бид якудза нарт талархах ёстой. Тэд эхний өдрөөс эхлээд “фронт”-ын тэргүүн эгнээнд байж, бусдын чадаагүй болон хүсээгүй ажлыг хийсэн. Хууль бол хоёр иртэй мэс мэт, заримдаа тусламж үзүүлэхэд саад тотгор учруулдаг. Хуулиас гадуур гэж зарлагдсан этгээдүүд зарим үед хууль ёсны хүмүүсээс ч хурдан байх үе бий” гэжээ. Мэдээж, мафи цуглуулсан бүх мөнгийг тусламжид зориулахгүй авч үлдэх магадлалтайг тэд тэмдэглэж байна.


Японд якудза яагаад ийм их нөлөөтэй байдаг юм бол? Түүх сөхье. Феодалын нийгмийн үеэс улбаатай якудзагийн бүлэглэлийн зэрэгцээ сүүлийн үед байгуулагдсан нь бий. Киотогийн Айдзукотэцу гэхэд л 1868 онд үүсчээ. Гэхдээ дэлхийн 2-р дайны дараа л якудза жинхэнэ хүчирхэгжиж ирсэн гэдэг. Тухайн үед дайнаас шившигтэйгээр буцаж ирсэн цэргүүд /иргэний эрхээ хасуулсан/, шоовдор буракуминууд, өнчин ядуус болон Японд үнэгүй ажил хийлгэхээр авч ирсэн олон тооны солонгосчууд бөөн бөөнөөрөө мафид элссэн байна.


Өнөөдөр Японы 80 000 якудзагийн бараг талыг солонгос гаралтай япончууд толгойлдог. Тэд бүр 1945 онд АНУ-ын цэргийн запаст нэвтэрч, хар захыг гартаа атгасан. Учир нь америкчууд тэдэнд япончуудаас арай өөр хандаж байсан бололтой. XX зуунд солонгосчууд далд зах зээл дээр давамгайлах болсныг эсэргүүцэн Японд якудза дахин сэргэсэн гэж зарим түүхч үздэг. Гэхдээ япончууд тэдгээр солонгосчуудын эсрэг шууд тэмцэхийн оронд хуучны якудзагийн бүтцийг сэргээж, эгнээндээ элсүүлэн уусгах зарчим баримталсан аж. Цагдаа нар дэг журмыг сэргэхийн тулд өөрсдийн якудзаг дэмжин, Солонгосын дээрмийн харгис бүлэглэлүүдийн нөлөөг хязгаарлах болсон байна. Дайны дараа Токио хотод якудза Киокутокай хяналтаа тогтоосон бол Японы баруун хэсэгт Ямагути-гуми ноёрхжээ. Харин Мати 1946 онд Гиндзед өөрийн Тосэй-кайг байгуулж, 1500 гишүүнтэй болов.


Ер нь япончууд якудзаг “муу боловч хэрэгтэй хүч”, “хоёрдогч цагдаа” гэж үздэг гэнэ. 1992 оноос Японы Засгийн газар мафитай урьд хожид үзэгдээгүй хатуу аргаар тэмцэж эхэлсэн. Гэсэн ч одоо хүртэл Японы 22 гэмт бүлэглэлд элсэх нь хууль зөрчсөн хэрэг биш. Тэгэхээр эрүүгийн хариуцлагад татагдахгүй гэсэн үг.


Иймээс ойрын ирээдүйд Японы цагдаа нарын мафитай хийх тэмцэл амжилттай байх нь юу л бол. Тэгээд ч якудза одоо хэзээ хэзээнээс илүү хүчтэй байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.