Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив
Үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан, мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр утсаар ярьж, баяр хүргэв.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-д талархал илэрхийлээд, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хятадын талтай урьдын адил идэвхтэй хамтран ажиллахаа тэмдэглэв. Цар тахлын улмаас улс орнуудын эдийн засгийн байдал амаргүй байгаа тул хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх талаар үргэлжлүүлэн идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэж, хятадын талаас холбогдох дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Хятад, Монголын бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө монголын талтай нягт хамтарч ажиллахын зэрэгцээ Ковид-19 цар тахалтай цаашид ч хамтран тэмцэж, хятадын талаас эмнэлзүйн мэдээлэл хуваалцах, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлэв. Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээж, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулах, тухайлбал “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллахаа нотлов.
Гадаад харилцааны сайд нар цар тахлын нөхцөлд хоёр улсын хооронд хэрэгжүүлэхээр тохиролцсон “Ногоон гарц” нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд чухал түлхэц болно гэж санал нэгтэй үзэв.
Түүнчлэн Сайд нар олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.