ЗТБХБЯ авлига, хүнд суртлаас ямагт татгалзана
2009.05.18

ЗТБХБЯ авлига, хүнд суртлаас ямагт татгалзана

ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, газрын дарга нарынхаа хамт хэвлэлийнхэнд хандаж, иргэдэд хөнгөн шуурхай үйлчилж, авлига хүнд суртлаас татгалзаж, төрийн алба ямар байх ёстойг бусдадаа үлгэрлэхээр болжээ.


Тус яаманд АТГ-аас хамтран ажиллах тухай албан бичиг ирсэн юм байна. Энэ бичгийн хариуд ЗТБХЯ хэрхэн ажиллахаа илэрхийлсэн санамж бичгийн төслийг 14 хоногийн өмнө хүргүүлжээ. АТГ-ынхан санамж бичгийн төсөлтэй танилцаад хариу өгмөгц, хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж, харьяа агентлаг, газар бүртээ хэрэгжүүлэх юм байна.

Энэ санаачилгыг гаргасан ЗТБХБЯ-ныхан бусад яам агентлагаа ч авлига, хүнд суртлын эсрэг санамжид нэгдэхийг уриалав.

Уг санамж бичгийн төслийг уншигчдадаа хүргэе.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг

Нэг талаас Авлигатай Тэмцэх Газар (цаашид “АТГ” гэх), нөгөө талаас Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын яам (цаашид “Яам” гэх) (цаашид хамтад нь “Талууд” гэх) дор дурдсан асуудлаар хамтран ажиллах талаар тохиролцож энэхүү Санамж бичгийг үйлдэв.

Энэхүү Санамж бичигт оролцогч Талууд

Хууль дээдлэх, ил тод байх болон төрийн албаны бусад үндсэн зарчмуудыг хамтын үйл ажиллагаандаа баримтлах, авлигатай тууштай тэмцэхээ илэрхийлж, Авлигын эсрэг тэмцэлд ёс зүйтэй манлайлал үзүүлэх санаачлагаа илэрхийлж, хувь хүний болон нийгмийн тогтолцооны шударга байдлыг бэхжүүлэх зорилготойгоор, талууд энэхүү Санамж бичгийн хүрээнд зохиогдох ажлын үр дүнг олон нийтэд таниулж, төрийн үйлчилгээг иргэд, байгууллагад шуурхай, хүнд сурталгүй хүргэж бусад төрийн байгууллага, албан хаагчдад үлгэр дууриал болгохыг эрмэлзэж,
Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх, авлигын эсрэг тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагааг шат дараатай тогтмол явуулахаар дараахь зүйлсийг харилцан тохиров.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол Улсын үндсэн хууль, Төрийн албаны хууль, Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн зүгээс авлигын эсрэг тавих хяналтыг илүү нээлттэй болгох зорилгод Талуудын хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэхэд Санамж бичгийн зорилго оршино.

Хоёр. Хамтын ажиллагааны төрөл, хамрах хүрээ, талуудын үүрэг


2.1 Яам нь авлигын хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор яамны албан хаагчдын эрх зүйн мэдлэг, ёс суртахуунд нөлөөлөх сургалт, ном, гарын авлага, мэдээлэл, зөвлөмж, санал зөвлөгөөг АТГ-аас авч ажиллана.
2.2 Авлигатай тэмцэх чиглэлээр бодлого боловсруулах, хуулийн төсөл боловсруулах, санал асуулга явуулах, дотоодын болон олон улсын семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд АТГ-тай идэвхтэй хамтран ажиллана.
2.3 Яам өөрийн харьяа агентлаг, салбар нэгж, тэдгээрийн албан хаагчдын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох үүднээс төсвийн орлого, зарцуулалт, санхүүжилт, гадаадын зээл тусламж түүний хуваарилалт, тендер шалгаруулалт, түүний үйл ажиллагааны талаархи мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өөрийн цахим хуудас зэргээр дамжуулан тогтмол хугацаанд АТГ болон олон нийтэд аль болох шуурхай хүргэнэ.
2.4 Яамны чиг үүргийн дагуу тусгай зөвшөөрөл олгох, эрх олгох, бүртгэх, хяналт тавих, тендерийн сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлаар баримтлах дүрэм, журам боловсруулах, шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт хийх зэрэг ажлыг АТГ-тай хамтран хэрэгжүүлж, тухай бүр АТГ-ын саналыг албан ёсоор авч тусгана.
2.5 Яам нь өөрийн салбарын онцлогийг тусгасан “ёс зүйн дүрэм” батална. Дүрмийг батлахдаа АТГ-ын саналыг авч тусгана.
2.6 Удирдах албан тушаалтан, албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан журам, хугацаанд багтаан өгүүлэх талаар анхаарч мэдүүлэг өгөх албан тушаалтны жагсаалтыг яам, агентлаг бүх шатны салбаруудад гарган үр дүнг цаг тухайд мэдээлнэ.
2.7 Яам нь төрийн албан хаагчийг төрийн албанд шинээр авах, ажлаас чөлөөлөхөд тавих шаардлага, яамны албан хаагчид албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө шан харамж авах, хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус хангамж эдлэхгүй байх, дээрх үүргээ зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцох тухай байгууллагын дотоод журамд хуульд нийцүүлэн тодорхой тусгана.
1.2 2.8 Авлигын асуудлаар яам болон АТГ-т иргэн, төрийн бус байгууллага болон бусад сонирхлын бүлгүүдээс ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдол саналд Талууд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариу өгөх, хяналт шалгалт явуулах зэргээр шуурхай хандах ба Талууд тухайн асуудлаар шаард¬лагатай мэдээ мэдээлэл, баримт нотолгоог харилцан саадгүй гаргаж өгч хамтран ажиллана.
2.9 Яам шаардлагатай гэж үзвэл яамнаас томилдог ажлын хэсэг, комисст АТГ-ын ажилтныг оролцуулж болно.

Гурав. Баталгаа

3.1. Яамны албан тушаалтан, ажилтнууд нь үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Авли¬гын эсрэг хуулийг чанд мөрдөж авлигад автагдахгүй ажиллахаа баталж байна.
3.2 Яамны албан тушаалтан, ажилтнууд нь иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хуулийн да-гуу аливаа хүнд суртал гаргахгүй, хувийн сонирхолгүй, шуурхай үйлчилж ажиллахаа баталж байна.
3.3 Яамны албан тушаалтан, ажилтнууд нь яамны хариуцаж буй салбарт бизнес эрхэлж байгаа танил, найз нөхөд, төрөл төрөгсөд болон бусад холбоотой этгээдүүдэд хууль бусаар давуу эрх олгож дэмжлэг үзүүлэхгүй болохоо баталж байна.
3.4. Яамны албан тушаалтан, ажилтнууд нь яамны хариуцаж буй салбарт бизнес эрхэлж байгаа хувийн компаниудыг шууд болон шууд бусаар дэмжих зэргээр аливаа бизнесийн хамтын ажиллагаа эрхлэхгүй болохоо баталж байна.
3.5 Яамны албан тушаалтан, ажилтнууд нь яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг хууль, тогтоомжийн дагуу шударга шалгуураар олгох бөгөөд үүнтэй холбоотой авлигын аливаа үйлдэл хийхгүй болохоо баталж байна.
3.6 Яамны албан тушаалтан, ажилтнууд нь яамны зарласан тендерийг хуулийн дагуу шударгаар шалгаруулахаа баталж байна.

Дөрөв. Бусад зүйл


4.1 Энэхүү санамж бичигт Талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
4.2 Санамж бичгийн хэрэгжилтийн талаар яам улиралд нэг удаа АТГ-т мэдээлж санал солилцоно.
1.3 4.3 Энэхүү санамж бичгийг олон нийтэд ил тод мэдээлж, олон нийтийн хэвлэл мэдээл¬лийн хэрэгсэлтэй нээлттэй хамтран ажиллаж, тэдэнд хөндлөнгөөс хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.
4.4 Тус яамны албан тушаалтан, ажилтнуудтай холбоотой авлига, хүнд суртал, хууль зөрчсөн аливаа үйлдэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг яам АТГ-т шуурхай шилжүүлж шалгуулна.
4.5 Санамж бичигт оруулах нэмэлт, өөрчлөлтийг Талууд бичгээр үйлдэнэ.
4.6 Талуудын хамтын үйл ажиллагаа нь энэхүү Санамж бичигт заасан асуудлаар хязгаарлагдахгүй.

Санамж бичиг байгуулсан талууд:
Авлигтай тэмцэх газрыг төлөөлж дарга Ч.Сангарагчаа
Зам тээвэр, Барилга, Хот Байгуулалтын яамыг төлөөлж сайд Х.Баттулга


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.