С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?
2020.03.30

С.Эрдэнэ: Гадаадаас авчрах иргэдээ хэн, хаана бүртгэж байгаа юм бэ, яагаад энэ асуудал нууц байна вэ?

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр /2020.03.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс зарим асуудлыг тодруулсан юм.

-Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд цахимаар хуралдсан. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн бэ?

-Ардчилсан нам өнгөрөгч бямба гарагт ҮБХ-ныхоо ээлжит XI хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу Ардчилсан нам цахим хурлаа амжилттай зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан бөгөөд хуулийн хугацаанд Үндэсний аудитын газар, СЕХ-нд хүргүүлэхэд бэлэн болсныг албан ёсоор мэдэгдэж байна.

Бид энэ удаад мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл болсон ТББ, ААН, холбоод, эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулсан. Ардчилсан намын олон мянган жирийн гишүүд, дэмжигчдээс гадна ҮБХ-ны гишүүд, бодлогын зөвлөлийн саналууд мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Мөрийн хөтөлбөрийн төсөл Үндэсний аудитын газраас батлагдаад ирэнгүүт орон даяар танилцуулах ажил эхэлнэ.

-Шинэ корона вирусын тархалттай холбоотой УИХ дахь АН-ын зөвлөлөөс шаардлага хүргүүлсэн. Энэ нь олон нийтийн дунд чамгүй шүүмжлэл дагуулсан. Та бүхний байр суурь хэвээрээ юу?

-Үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд Ардчилсан намын зөвлөлийн байр суурь хэвээр байгаа. Аливаа асуудалд улс төрийн өнцгөөр биш илүү бодитоор шалтгаан, үр дагаварыг нь тооцож хандах хэрэгтэй. Бид нэг л удаа хариуцлагагүй алхам хийх юм бол үүсэх үр дагавар нь маш ноцтой төдийгүй нөхөж баршгүй хохирол амсана гэдгийг хаа, хаанаа сайтар ойлгож, ухамсарлах нь туйлын чухал. Вирусын тархалттай холбоотой улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх бодит эрсдэл тулгараад байна.

Эрх баригчид энэ асуудлыг анхаарч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Харамсалтай нь эрх баригчид хийрхсэн, хий хоосон, хөөсөрсөн мэдээлэл өгч, хэт тайвширсан байдалтай байна. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдлыг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ өвчний өмнө хүчин мөхөстөж байна. Өвчний тархалт буураагүй байхад хэт бардам зангаар асуудалд хандах нь бидэнд тохиолдож болзошгүй ноцтой байдлын үндсийг тавих эрсдэлтэй.

Энэ бол Үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудал юм шүү гэдгийг дахин хариуцлагатайгаар сануулан хэлье. Гэтэл бидний тавьсан зарчмын дагуух шаардлага, байр суурийг зориуд мушгин гуйвуулж, улс төржүүлж байгаа нь увайгүй үйлдэл. Дэлхий дахинд 150-200 мянган Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэдэг тоо бий. Тэгвэл эдгээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө өнөөгийн эрх баригчид яг ямар бодит арга хэмжээ авсан юм бэ. Тусгай үүргийн онгоцонд ямар хүмүүс сууж байгаа юм, хэн хяналт тавьж байгаа юм, ямар зарчмаар иргэдийг хамруулж байна гэдэг тухай бодит мэдээлэл алга.

Гадаадад байгаа жирийн иргэд тусгай үүргийн онгоцонд сууж чадаж байна уу. Өнөөдөр гуравхан сая монголчуудын өмнө ганцхан алхмын цаана аюулын харанга дэлдэж байгаа нь үнэн. Үндэсний аюулгүй байдлаа бодож байгаа юм бол уянгын халилаар бодит үнэнийг халхавчлах хэрэггүй. Эрх баригчид яагаад гадаадад байгаа иргэддээ туслах бодит арга хэмжээ авахгүй байгаа юм, Монгол төрийн бодлогыг гадаадад байгаа иргэддээ хүргэхгүй байгаа юм бэ. АН-ын зөвлөл зарчмын найман шаардлага тавьсан. Тухайлбал, халдвар авсныг нь мэдсээр байж эрүүл иргэдтэй хамт тээвэрлэхгүй байх, тахлын голомтоос ирсэн хүмүүсийг 28 хоногоос доошгүй хугацаанд тусгаарлах зэрэг зарчмын дагуу шаардлага тавьсан.

Түүнчлэн 1-2 удаагийн оношилгоогоор халдвар авсан нь илрэхгүй байх магадлал өндөр байгаа (6 удаа оношилж байж илэрсэн тохиолдол гарсан) учраас 6-аас доошгүй удаа оношилж, баталгаажуулах хэрэгтэй. Мөн тээвэрлэх, тусгаарлах явцад хэн нэгэн эрх мэдэлтэн, дарга нарын нөлөөнд автаж, дэглэм зөрчихгүй байх, эх орноо зорьж байгаа хүмүүсийг ялгаварлаж, танил, албан тушаал харгалзахгүй байх, шаардлагагүй хүмүүс (зураглаач гэх мэт) тээвэрлэж эрсдлийн зэргийг нэмэгдүүлэхгүй байх нь чухал. Хамгийн гол нь гадаадад амьдарч, суралцаж байгаа, эх орондоо ирэх боломжгүй иргэдээ тухайн улс орондоо эмнэлгийн аливаа тусламж үйлчилгээ авах, аюулгүй байдлаа хангахад дипломат болон эдийн засгийн туслалцаа үзүүлэх, эрсдлийн үеийн стандарт, төлөвлөгөө гаргаж ажиллах зэрэг зарчмын дагуу шаардлага тавьсан. Тиймээс байр сууриа цаашид ч хатуу хамгаална.