С.Бямбацогт: Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан Ерөнхийлөгчтэй холбоотой заалт ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ
Эх сурвалж: Үндэсний шуудан, сэтгүүлч С.Бүжин
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай Байнгын хороо намрын чуулганы хугацаанд хэр ачаалалтай ажиллав?
-Хамгийн их ачаалалтай ажилласан байна. Манай Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 21 удаа хуралдаж, 29 хуулийн төслийг хэлэлцэж, Их хурлын 16 тогтоол баталсан. Мөн албан тушаалтныг томилох чөлөөлөх долоон асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны таван тогтоол баталлаа. Мөн бид Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан.
-Тухайлбал?
-“Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл”, УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр цуврал хэлэлцүүлэг, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг намрын чуулганы хугацаанд манай Байнгын хорооноос зохион байгуулсан.
-Сонгуулийн хуулиудад ямар өөрчлөлт орсон бэ?
-Энэ намрын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. УИХ Сонгуулийн хуулийг долоо дахь удаагаа баталж байна. Энэ удаагийн хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулна. Мөн Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хоногийг 15 болгон богиносгосон. Санал хураах цагийг 21.00 цагт дуусгах гэх мэт өөрчлөлтийг орууллсан. Мөн УИХ-ын сонгуулийн товыг тогтоосон. Ирэх зургадугаар сарын 24-нд сонгуулийн санал хураалтыг явуулна.
-Ирэх хаврын чуулганаар Байнгын хорооны гишүүд ямар хуулийн төслүүд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлнэ. Ерөнхийлөгчтэй холбоотой заалт хэзээ хэрэгжих вэ. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой юу?
-50 наснаас дээш, сүүлийн таван жил эх орондоо тогтвортой амьдарсан, Монгол Улсын иргэнийг Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно. Хуулийн төслийг Д.Лүнджээжанцан нарын гишүүд өргөн барихдаа энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр тусгасан. Хэлэлцүүлгийн явцад 2020 оны тавдугаар сарын 25-нээс эхлэн хэрэгжүүлье гэдэг тодорхой саналууд гарсан юм. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай ярилцсан. Хуульд эрх зүйн байдлыг дордуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй. Энэ зарчмын хүрээнд 2020 оны тавдугаар сарын 25-наас Ерөнхийлөгчийн сонгуулийн заалт хэрэгжиж эхлэхэд одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрх нь нээлттэй байна гэдэг зарчмын хүрээнд 2020 оны тавдугаар сарын 25 болгож өөрчилсөн.