Арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан хөгжлийн загвар төв болгоно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан бусад албаны хүмүүстэй ХҮСТҮБ-ийн АРМОНО корпорацийн барилга байгууламж, хүний нөөц, лаборатори, техник, технологийн чадамж, инкубаторын үйл ажилллагаатай танилцаж байгууллагын удирдлага, эрдэм шинжилгээний ажилчидтай уулзлаа.
Тэрээр Монгол улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг хөнгөн үйлдвэрийн тэргүүлэх салбарын нэг болгоход чиглэсэн шинжлэх ухаан, технологи, инновацид суурилсан хөгжлийг хангахад хийх зүйлс ч их байна, бидэнд чадавхи нөөц боломж ч их байна хэмээн дурьдлаа.
Цаашид арьс шир, мод, ноосны чиглэлээр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн асуудлыг шийдэх, арьс ширний урьдчилан цэвэрлэх байгуламж гэх мэт салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх чиглэлд ажиллах хэрэгтэйг анхааруулав.
“Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” ТӨААТҮГ-ын АРМОНО корпораци анх 1970 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны харъяанд “Арьс, шир, савхин эдлэлийн үйлдвэрийн туршлага, шинжилгээний төв” нэртэйгээр НҮБ-ийн ЮНИДО-ийн тусламжаар ДП МОН 70/506 төслийн хүрээнд арьс шиний салбарт тусгайлан зориулж байгуулагдсан.
Байгуулагдсан цагаас 50 жилийн хугацаанд арьс ширний үйлдвэрлэлийн салбарт малын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулах шинжлэх ухаан, технологийн дэвшлийг судлах, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, арьс ширний үйлдвэрлэлийн ойрын болон хэтийн хөгжлийн төлөвийг тодорхойлох, экспортын нөөц, үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын стандарт, техникийн баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, бүтээгдэхүүний чанарт лабораторийн шинжилгээ, баталгаажуулалт хийх зэргээр тасралтгүй ажиллаж байна.
Энэ хугацаанд арьс, шир, үслэг боловсруулах, хаягдал ашиглаж материал үйлдвэрлэх чиглэлээр 192 технологийн заавар, шинжилгээний аргын болон техникийн шаардлагын 148 стандарт батлуулж, 17 патент оновчтой санал боловсруулж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Мөн улсын ХХААХҮЯ-ны захиалгат шинжлэх ухаан технологийн 18, инновацийн-4, докторын дараах судалгааны грант-3, ХААИС-иай хамтарсан -1 төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.
Байгууллагын эрдэмтдийн багаас төрийн шагналтан-5, доктор цолтон-8, Монгол улсын зөвлөх инженер -9 болон хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтнууд олноор төрөн гарсан байна.
Тус байгууллагын шинжилгээний лаборатори нь 2002 оноос MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага ханган арьс ширний салбарт итгэмжлэгдсэн лабораторийн ажиллагааг тасралтгүй гүйцэтгэж салбарын экспортыг дэмжих чиглэлээр ажиллаж байна.
Корпорацийн эрдэмтдийн багт доктор-3, докторант-1, магистр-6, магистрант-2, бакалавр-3 тус тус ажиллаж байгаа бөгөөд судалгаа боловсруулалтын ажлын чиглэлийг тодорхойлох, гүйцэтгэх, удирдах, шинжилгээний үр дүнгийн боловсруулалт, үнэлгээ, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх чадвар бүхий Монгол улсын Зөвлөх инженер-3, тэргүүлэх инженер-1, мэргэжсэн инженер-3 ажиллаж байна.
Корпорацийн эрдэмтдийн багийн судлан бий болгосон “Бөсгөсөн шохой: инновацийн бүтээгдэхүүн нь төр, шинжлэх, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан тул Инновацийн үзэсгэлэн-2018-ны шилдгийн шилдэг бүтээгдэхүүнэр шалгарсан бөгөөд, цэвэрлэх байууламжын лаг бууруулах, ариутгал халдваргүйжүүлэлт, хөдөө аж ахуй, мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэлд хүхрийн давхар ислийг бууруулах зэргээр, импортыг бүрэн орлосон техникийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн болсон юм.