УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд ​Н.Цэрэнбатын мэндчилгээ
2019.12.31

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд ​Н.Цэрэнбатын мэндчилгээ

Улиран одож буй 2019 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан хамтдаа нэг алхам урагшилж чадлаа. Бид Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, хууль хэрэгжих боломжийг бий болголоо.

Генетик нөөцийн тухай хуулиар Монгол орноос гаралтай бүхий л төрлийн нөөцийг ашиглаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж авсан тохиолдолд монголчууд ашиг хүртэх заалтыг хуульчиллаа.

Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төсөл, Ургамлын тухай хуулийн төсөл зэргийг УИХ-д өргөн барьж, Эко төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болгов. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 21 хувьд хүргэж, шинээр 22 газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ-аар гаргуулав.

Хууль, дүрэм биелүүлдэггүй хариуцлагагүй уул уурхайн компаниудад сануулга өгч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг авч, алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулан цаашид хариуцлагагүй уул уурхайд цэг тавих эхлэлийг бүрдүүллээ.

Түүхий нүүрсийг Улаанбаатарчуудын хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатарын утааг тодорхой хэмжээнд бууруулаад байна.

Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг шийдэх эхлэлийг тавьж, 21 аймгийн цаг уурчид, байгаль хамгаалагчид, ойн ангиудын авто машиныг шинэчиллээ. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22 хувиар бууруулах шинэ зорилт тавьж, Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрээ дахин тодорхойлж, олон улсад талархал хүлээгээд байна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн, анх удаа Монголд 10 мянган иргэнийг зочлох үйлчилгээний сургалтад үнэ төлбөргүй хамруулсан, Монгол Улсыг дэлхийд сурталчлах хиймэл оюун ухаант платформыг нээсэн зэрэг амжилтуудыг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ баярлалаа.

Хандлагаа өөрчилье” уриан дор хэрэгжүүлж буй аянуудынхаа цар хүрээг нэмэгдүүлж “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэг байгуулах ажлыг амжилттай эхлүүлж, 21 аймаг, 9 дүүрэгт тус бүрт 3.5 га газарт “Ногоон паспорт” хөтөлдөг сурагчдын хамтаар мод тарив. Сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяны шилдэг сурагчид Бээжин, Хонгконг хотуудын ногоон туршлагаас судалж, БНСУ-д зохион байгуулсан Ногоон долоо хоног олон улсын хурал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын чуулганд оролцож Монголын сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт”-ыг дэлхий нийтэд танилцуулсан зэрэг амжилтаар энэ оныг үдэж байна.

Ирж буй 2020 он бид бүхэнд амжилт бүтээлийн дээдийг авчрах болтугай, шинэ оны мэнд хүргэе.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд ​Н.Цэрэнбат