Д.Тогтохсүрэн: Хэрэв хоригийг хүлээгээд авчихвал төсвийг дахин задлана
2019.12.05

Д.Тогтохсүрэн: Хэрэв хоригийг хүлээгээд авчихвал төсвийг дахин задлана

2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьж байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-нд мэдэгдсэн. Төрийн тэргүүн төсвийн тухай хуульд хориг тавьснаар нэгэнт батлагдсан хуулийн төслийг “задлах уу”, энэ хэвээр нь явуулах уу гэдгийг УИХ шийдэх болоод байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

-Ирэх оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар та ямар байр суурьтай байна вэ? 

-2020 оны улсын төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх байх. Хориг гурван үндэслэлтэй байсан. Нэгдүгээрт, дараа дараагийн жилүүдэд төсөвт ачаалал үүсгэх хөрөнгө оруулалт олон тусгагдсан байна.

Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ хоёр хувиар нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой асуудалд хориг тавьсан. Гуравдугаарт, ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөд. 

Хувь хүний байр сууринаас хэлэхэд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл бүх аймаг, сумдын иргэдийн хурал хуралдаад дуусч байгаа. Арванхоёрдугаар сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад, төсвөө баталчихсан. Сумдынх тухайн сарын 20-ны дотор хуралдана гэсэн хуультай. 

Хэрэв хоригийг хүлээгээд авчихвал төсвийг дахин задлах хүндрэл учирна. 

-Ирэх оноос нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг засах боломж байгаа юу? 

-Эхлээд Олон улсын валютын сантай ярина. НД-ийн сан алдагдалтай байгаа. Хоёрдугаарт, улсын төсөвт очдог ачааллыг бууруулах зорилгоор ОУВС-тай тохиролцсоны үндсэн дээр нэмэхээр болсон.