Ц.Төмөрбаатар:
Хүн чаддаг зүйлээ л хийх ёстой
Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. Мөн та ЭНД дарж өнөөгийн УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгөөрэй.
Энэ удаад Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатартай ярилцлаа.
Тэрээр "Хүний амь", "Суварган цэнхэр уулс", "Говь хянганд тулалдсан нь", "Нарны унага", "Фронтод явах өргөдөл", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Үхэж үл болно-Чингис хаан" зэрэг кино, театрын 80 орчим дүр бүтээсэн бөгөөд Чингис хаан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг Монголын түүхэн дэх агуу удирдагчдын дүрийг гайхамшигтайгаар бүтээж олны хүртээл болгосон юм.
УИХ-ын гишүүн гэж хэн бэ?
- Энгийн иргэн хүн миний бодлоор бол УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Сонгогдсон тэр хүн ард түмэн, бидний үгийг сонсож, эрх ашгийнх нь төлөө ажиллаж, хамгаалж явах үүрэгтэй хүн юм. Харин өнөөдөр бол УИХ-ын гишүүнээр сонгогдлоо л бол бүх салбарын мэдлэгтэй, бүх эрх мэдэлтэй, бүгдийг хийж болдог ийм хүмүүс болж хувираад байна. УИХ-ын гишүүн амалсан, хэлсэнээ бүтээхгүй, ажлаа хийхгүй байвал сонгосон иргэд нь тэднийг буцаагаад татаж чаддаг байх ёстой.
Эх орон, ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллаж байгаа хүнийг УИХ-ын гишүүн гэнэ.
Тэрнээс биш өөрийн хувийн гэр бүл, хамаатан садан гадаадын компанийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа бол тэр гишүүн урвагч. Сонгосон сонголтоос урвагч болно.
УИХ-ын гишүүн, парламентч хүнд байх ёстой шинжүүд юу вэ?
- Өнөөдөр Монголын парламент, гишүүдийн нэр хүнд ихээр унасан. Ард түмэн төрдөө итгэхээс илүү төрийн эрхийг барьж, хууль тогтоож байгаа эдгээр хүмүүсийг “76 тэнэг” л гэж үздэг, хэлдэг болсон. Тэд 76 тэнэг биш ээ. Тэдний дунд сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байгаа нь олон хүн бий.
Хүн чаддаг чаддагаараа л ажиллах ёстой. Хэн юу хийж чадах вэ? Түүгээрээ л сайн ажиллах ёстой гэж би боддог.
Хэрвээ би УИХ-ын гишүүн гэж бодоход урлагийн салбарт олон жил ажилласан мэдлэг, туршлагаа ашиглан энэ салбарт чиглэн, мэргэжлийн түвшинд ажиллах болно. Тэрнээс биш эдийн засаг, санхүү, уул уурхай, байгаль орчин гэж худлаа гүйгээд яах юм. Ямар ч анхны мэдэгдэхүүн байхгүй байж шал өөр салбарын сайд болоод гүйж явдаг. Дарга цэрэг болох гээд л зүтгээд байдаг. Үүнийхээ дараа хүнд суртал, идэж уусан, мэдлэггүйгээс болж салбарт нь хамаг муу муухай нь гарч ирдэг. Уул уурхайн салбартаа сайн, мэргэшсэн, туршлагатай хүн тэр л салбартаа сайн ажил л даа. УИХ-ын гишүүн гэхээрээ бүгдийг гэнэт мэддэг болчихгүй шүү дээ. Тийм байж эх орон, ард түмнээрээ тоглож, мэдэхгүй зүйлээ ярьж хийж явах шаардлага байхгүй.
УИХ-ын гишүүн хүн эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх ёстой вэ?
- УИХ-ын гишүүнийг ард иргэд өөрийгөө төрдөө төлөөлүүлэхээр сонгож байгаа учраас гишүүн хүнд өөрийн эрх ашиг гэдэг зүйл байх ёсгүй. Олон мянган хүний эрх ашгийг төлөөлөөд сууж байгаа хүн эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эхэнд тавихгүй бол тэр хүн төрийн түшээ биш болно. Зөвхөн өөрийн эрх ашгийг хайж яваа урвагч л гэсэн үг.
УИХ нь Монголын төрийн эрх барих дээд байгууллага тул эх орны эрх ашгаа тэргүүнд тавьж, түмэн олны итгэлээр сонгогдон, төрийн түшээгээр ажиллаж байгаа учраас ард түмнийхээ эрх ашгийг удаахад тавьж, үүний эцэст өөрийн нэр төрийг эрхэмлэн явах нь зүйтэй.
Та сонгогчийн хувьд сонгуульд саналаа өгөхдөө ямар шалгуурыг мөрдлөгө болгодог вэ?
- Монголчууд 2020 оны сонгуулиар эх орныхоо төлөө ажилладаг, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж чадах, тусгаар тогтнол, эх орны бүрэн бүтэн байдлын төлөө ажиллаж, дуугарч чаддаг хүнийг сонгох ёстой.
Сүүлийн үеийн сонгуулиудыг харахаар иргэд залуу хүмүүсийг ихээр сонгох болжээ. Би залуучуудыг муу гэж хэлэхгүй. Тэд ажил, амьдралын туршлага дутуу байдаг. Хэдийгээр мэдлэг, мэдээлэл сайтай ч аливаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тэдэнд туршлага дутаад байгаа юм.
Харин 40-өөс дээш насныхан бол амьдрал үзэж, асуудалд хандах хандлага нь тогтсон, хувь хүн талаасаа төлөвшиж чадсан байдаг. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж үг бий. Төрөө бүү хэл өөрийн биеэ ч засаж амжаагүй, чадаагүй хүнд төр барих эрх мэдлийг өгөх шаардлагагүй.
Сонгууль дөхөхөөр худлаа яригчид ихэсдэг. Харин үнэн сэтгэлээсээ эх орон, ард түмнийхээ төлөө ажиллая гэж шийдсэн хүн харах харц, хэлэх үгнээс нь мэдэгддэг. Тэр чин сэтгэл нь цусандаа оргилон хөөсөрч байдаг. Тиймээс сонгогчид сонголтоо хийхдээ хариуцлагатай байх ёстой.
Хариуцлагатай гэхээр санал өгөх өдөр харанхуй гүйгээд оч гэсэн үг биш. Танай тойрогт нэр дэвшээд, намайг сонгооч гээд явж байгаа хүний намтар, удам угсаа, боловсрол, туршлага зэргийг уншиж судалж танилц. Боломжтой бол иргэдтэй хийх уулзалтуудад очиж суугаад тэр хүний мөрийн хөтөлбөр, хэлж ярьж байгааг сонсож, харилцаа, хөдөлгөөн зэргийг ажиглах ёстой юм. Энийг л сонгуульдаа хариуцлагатай оролцох гэж хэлээд байгаа юм.
Тиймээс иргэд нэр дэвшигчийн өгсөн мөнгө, бэлэг сэлтэнд хууртахгүйгээр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хариуцлагатайгаар эдлэх ёстой.