Судалгаанд суурилсан төрийн бодлоготой болохыг дэмжлээ
2019.09.26

Судалгаанд суурилсан төрийн бодлоготой болохыг дэмжлээ

“Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого” сэдвийн хүрээнд МУИС-ийн дугуй танхимд болсон салбар хуралдаан “Судалгаанд суурилсан төрийн бодлого”, “Салбар дундын судалгаа”, “Шинжлэх ухаан ба Тогтвортой хөгжлийн зорилт-2030” гэсэн гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралдаанд олон салбарын үе үеийн эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн профессорууд, хууль тогтоогч болон гүйцэтгэх засаглалын байгууллагын төлөөллүүд оролцож, саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ.

Судалгаанд суурилсан төрийн бодлого үгүйлэгдэж байгааг эрдэмтэн судлаачид онцолж байв. Гэхдээ бодлого нэрээр шинэ хууль тогтоомж гаргах бус одоо байгаа эрх зүйн орчиндоо тулгуурлан шаардлагатай өөрчлөлтийг хийх нь зөв гэдэг дээр санал нэгдэж байна. Үүнээс гадна шинжлэх ухааны салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг ихээхэн хөндөж ярилцлаа.

Их хурлын ахмад төлөөлөгчдийн хувьд Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүхэнд анх удаа шинжлэх ухааны ажилтнаа төр сонсч, энэ салбарт анхаарал хандуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, судалгаанд суурилсан төрийн бодлоготой байхыг шийдвэр гаргагчид ойлгож, дэмжиж эхэлсэнд баяртай байв.