Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан боллоо
2019.06.28

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан боллоо

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Хоёр орны Засгийн газар хоорондын комисс 2013 онд анх байгуулагдсан бөгөөд өмнөх IV хуралдаан 2017 оны 9 дүгээр сард Минск хотноо болсон.

ЗГХК-ын өмнөх хуралдаанаас хойш хоёр орны харилцаанд түлхэц үзүүлсэн ач холбогдол бүхий олон арга хэмжээ хэрэгжиж, худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулахад чиглэсэн тодорхой алхмууд хийгдэн ба Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр 2018, 2019 онд тус тус уулзалт хийсэн юм. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдааны Монголын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Беларусийн хэсгийн даргаар Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нар ажиллав.

Хоёр талын ажлын хэсгийн төлөөлөгчид 6-р сарын 27-ны өдөр ХХААХҮЯ дээр хуралдааны Протоколын төслийг боловсруулан, цаашид хамтран хэрэгжүүлэх ажиллуудаа харилцан тохиролцсон. Энэ оны 4-р сард хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээл олгох тухай Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газрын техник хангамжийг сайжруулах, Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний иж бүрэн үйлдвэр байгуулах, Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай цахилгаан шат шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр урьдчилан тохиролцоод байгаа юм.

Уг хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох юм. Комиссын нэгдсэн хуралдаан ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болсон бөгөөд энэ удаагийн ЗГХК-ийн хуралдаанд Бүгд Найрамдах Беларусь Улсын талаас ихээхэн ач холбогдол өгч Аж үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хүнсний яам, Гадаад харилцааны яам, болон Төрийн өмчид компаниудын төлөөлөгчид нийлсэн томоохон бүрэлдэхүүнтэй ирж оролцсон.

Хуралдааны үеэр хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүдээс гадна хүнс, хөнгөн үйлдвэр, зам тээвэр, уул уурхай, барилга, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоо байгааг талууд онцлон тэмдгэлсэн бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээх, шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаар тохиролцон Протоколд гарын үсэг зурав.

Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч нарын 2018 оны 6 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотод хийсэн уулзалтаар тохирсны дагуу Монгол, Беларусийн хамтын ажиллагааг 2019 - 2021 онд хөгжүүлэх Замын зургийг талууд тохирч энэ удаагийн комиссын хуралдааны үеэр гарын үсэг зурлаа.