Монгол Улс өнөөдөр хөгжиж байна уу?
Монголчуудын хөгжлийн үе 1911 онд Манжийн ноёрхолыг түлхэн унагаж тусгаар тогтнолоо зарлан тунхагласнаар эхэлсэн. Дэлхийн улс төрийн газрын зураг дээр алга болчихсон ард түмэн өнгөрсөн ХХ зуунд гарч ирж түүхээ шинээр бичиж байна.
Бид хөгжлөө хэрхэн үнэлэх, хаанаас хайх ёстой вэ?
Хүмүүсийн амьдралын түвшин, хувь хүний хөгжин дэвших бүх боломж хэрхэн хангагдсан эсэхээр л хөгжлөө үнэлэх байх. Улс орны тусгаар байдал, бүрэн эрхээ хэрэгжүүлэх дотоод хүчин зүйлийн гол эх үүсвэр нь сэтгэл хангалуун, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрхэм тэмүүлэлтэй, зорилго холч, эх орноороо үнэт зүйлээ хийсэн хүчирхэг хүн ардтай байж л хөгжил хангагдана. Социализмын он жилүүдэд үүний үндэс суурийг тавьсан юм шүү.
Ард түмнийх нь дийлэнх ядуу, орлого зарлага тэгш бус, боловсрол олох боломж муу, эрүүл мэндээ өөрөөсөө үл шалтгаалах нөхцөлөөс болж алддаг, гутранги үзэлтэй улс орны хүн амыг амар жимэр, айдгаа ардаа хийсэн, нийгмээрээ аюулгүй орчинд амьдардаг хөгжиж буй ард түмэн гэж үзэхгүй шүү дээ.
Монгол Улсын эдийн засаг хүнд үе байсан ч даван туулж чадсан. Өнөөдөр гол үзүүлэлтүүд эерэг гарч, төсвийн орлого нэмэгдэж байгаа нь хөгжлийн хэмжүүр мөн үү?
Бид олон хэцүү хүнд сорилт туулж явна. Бидний эрин үеийн гол агуулга бол тусгаар тогтнолоо бататгаж, хөгжин мандах явдал. Монгол гэдэг ард түмэн тусгаар оршихын төлөөх тэмцэлдээ маш их гарз хохирол амссан. Бидний монголчууд өвгөдөөс өвлөсөн, хэнээс ч булааж түрэмгийлж аваагүй газар нутагтаа ч бүрэн эзэн сууж чадаагүй.
Хөгжлийн гараагаа эхэлж байсан зуу гаруй жилийн өмнө бидний үндэсний баялагийн нийт хэмжээ манайд ирж ажиллаж байсан судлаачдын тооцоогоор 250 сая рубль, 13 сая гаруй толгой мал нь энэ үндэсний баялагийн дийлэнхийг бүрдүүлдэг. Улсын жилийн орлого 74,5 сая рубль, зарлага 73,5 сая рубль, чөлөөт үлдэгдэл буюу улсын хэмжээний нийт орлого 1 сая рубль байжээ.
Тухайн үеийн 1 рубль нь одоогийн 1 төгрөг. 1921 оны хувьсгалын дараа улсын сангийн нийт мөнгө 1,5 сая байв. Үндсэндээ ахмад үе маань 0 ээс эхэлсэн. Тэгээд улс орноо босгоод бидэнд хүлээлгэж өгсөн юм. Одоо улсын төсвийн жилийн орлого, зарлага аманд багтахгүй тоотой болсон. Энэ үүднээс харвал бид хөгжин дэвшсэн. Ургаш хол ахисан.
Харин өссөн эдийн засгийн үр дүн хүндээ хэрхэн наалдав гэдэг л чухал. Хөгжлийн хэмжүүр хүн л байх ёстой. Тайван амгалан, чинээлэг, өөртөө болон бусдад сэтгэл хангалуун, эрүүл чийрэг, нийгмийн бүх талын аюулгүй орчинд амьдардаг Монгол хүн бий болсон цагт бид хөгжжээ гэж үзэж болох байх. Үндэсний баялаг, эдийн засгийн нөөцөө бид хувиарлан зарцуулах арга гарцаа зөв байлгаж чадахгүй байна уу даа л гэж бодож сууна.
Алдаа ч байна, оноо ч байна. Алдаж болно. Харин алдаагаа давтахгүй байх л хэрэгтэй.
Бид алдаанаасаа суралцаж урагш алхах ёстой гэдэгтэй бүх хүн санал нийлдэг. Тэгвэл өнөөгийн алдаа юунд оршиж байна гэж та боддог вэ? Гаргаж болохгүй алдаа гэж байдагийг түүхэн сургамж харуулдаг гэж би боддог.
Бидний гаргаж болох магадлалтай хамгийн том алдаа бол тусгаар тогтнолоо хэврэгшүүлэхэд оршино. Аль ч орны хүчирхэг ба сул дорой байдал, тусгаар тогтнолоо олох болон алдах нь цаг хугацаатай гэдгийг бид ямагт санаж явах ёстой. Том байсан улс жижиг, жижиг байсан улс томорсон олон жишээг бид мэднэ. Манай улс гэхэд л хэчнээн улсыг түүхийн тавцанд хүчирхэгжин гарч ирэх нөхцөлийг бүрдүүллээ дээ. Ийм үйл явц бас цаашид явагдах л байх. Ийм нөхцөлд үндэстний язгуур хүчирхэг чанараа хэвээр хадгалж уусаж алга болохгүй байх, тусгаар байдлаа алдахгүй байх, дархлаагаа байнга бэхжүүлж байх ёстой.
Улс аюулаас ангид байх үндсэн нөхцөл нь эх оронч үзлээр тугаа хийсэн, улс үндэсний эрх ашгаас урвадаггүй, хөгжин төлөвшсөн иргэдтэй байх явдал. Хүний хөгжлөөр л хөгжилөө хэмжинэ гээд байгаагийн учир энэ. Цаг зуурын сайн сайхан, тайван амгаланд хууртаж болохгүй гэдгийг түүх сургаж байдаг. Төрийн хараа холч байх учиртай. Хараа холч байхын тулд төр хүчирхэг байх шаардлагатай. Улс орны өнөөгийн нөхцөл байдлыг харвал төр нэгдмэл, хүчирхэг шинжээ сэргээх шаардлагатай болжээ гэсэн дүр зураг харагдаж байна.
Манай Их Улсын доройтлын үндсэн шалтгаан төрийн нэгдмэл байдал, засаглалын хүч суларсантай л холбоотой. Яагаад ийм байдал үүсэв гээд дотор нь задалбал их олон зүйл яригдана. Өнөөгийн алдаа эндлийн бас нэг гол учиг нь өнөөгийн цаг үе дэх үндэстнийхээ сэтгэлгээ, иргэншилийнхээ онцлог, дорнын төрт ёсны уламжлалтай үндэстний сэтгэхүйн хэв шинж гэх мэт дотоод хүчин зүйлээ таньж, нээн орчин үеийн цагийн байдалтай уялдуулах явдалд анхааралгүй хандаж байгаад оршино гэж би хэлэх байна.
Тэгэхлээр одоо цагийн бид өнгөрсөн туршлагаасаа сургамж авахгүй байгаагаас амьдарч буй цаг үеийнхээ алдаа, оноог таньж мэдэхгүй байна, түүнээс шалтгаалаад алдаа гаргаад байна, гаргаж буй алдаа нь төрийн хүчирхэг байдлаа алдаж буй явдал гэж та хэллээ. Таны бодлоор төр сулран хүчгүйдсэний алдаа нь төрийн бодлогод байна уу?, төрийн түшээдийн үйлдэлд байна уу?
Төр хүчирхэг байдлаа алдсаны учрыг эхлээд бид олох ёстой. Хүчирхэг төр гэж дарангуй төр биш шүү. Төрийн бүх институци нь цагийн механизм шиг ажилладаг, хэн ч ирсэн зөв бодлого нь хүчтэй хэрэгжиж байдаг ёс зүйн, сахилга батын шаардлага өндөр ийм төрийг хэлж байна.
Манайд төр, улсаа засах бэлэн жор хайсан алдаа их байлаа. Хаана ч тийм төр засах жор байхгүйг одооноос ухаарч байх шиг. Монголын төрийг монголчууд л засаж чадна. Биднээс илүү ухаалаг улс сайхан төр байгуулаад байна. Тэрийг нь аваад л хэрэглэе гээд бид зуу гаруй жилийн өмнөөс л хайсан юм. Тэр гаднаас авчирсан жортой хайрцагандаа үндэстнээ тааруулах гээд үйлээ үзээд байх юм.
Гагцхүү өөрсдийнхөө үндэстний онцлогт тохирсон төрөө засаж, засаглалаа хэрэгжүүлж чадахгүй байгаад их учир байна. Либерал үзэл санааг манайд түгээн нутагшуулах оролдлого төдийлөн таарамжтай биш байна. Хориглон хязгаарлах гэсэн утгаар хэлээгүй юм шүү. Нээлттэй нийгэмд хэн ямар үзэл санаа тунхаглаж түүндээ үнэнч байх нь чөлөөтэй. Засаглалын хяналт тэнцвэржил, хуулийн засаглал гээд их ярьж Үндсэн Хуульд энэ нь тусгагдсан гэх боловч учир дутагдалтай байна. Үндсэн Хуульд засаглалын эрх мэдлийг биш, чиг үүргийг л хувиарласан.
Гэхдээ энэ нь оновчтой болоогүй гэдэг судлаачидтай би санал нийлдэг. Тиймээс ч монголын нөхцөл байдал, үндэстэн ардынх нь сэтгэхүй, уламжлалт соёл, төр засах хэв маяг, язгуур зан заншилаас нь хол хөндий байгаа учраас тэр дагуу засах гэсэн төр нь суларч гацчихаад, явуургүй болчихоод байна уу даа гэж бодох болсон. Андуу бодсон байж болох л доо. Гэхдээ үүссэн сөрөг асуудлын дийлэнх нь хүнээсээ биш, тогтолцооноосоо шалтгаалаад байгаа учраас би дээрх дүгнэлтийг хийгээд байгаа юм.
Тогтолцоо гэдэгт би одоо мөрдөж буй Үндсэн Хуулийн үзэл санаан дээр бий болсон төрийн байгууламж, бусад органик хуулиуд тухайлбал, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гэх мэт гол хуулиудыг мөрдөн хэрэгжүүлсний үр дүнд бий болсон нийгмийн системийг хэлж байгаа юм. Төрийн бодлого нэгдмэл, залгамжилсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүсэл бодол дээр суурилагдсан байж л хүчирхэг, зөв, чигч байж чадна.
Уг нь нам төвт төрийг халсан их өөрчлөлт 1990 онд хийгдсэн шүү дээ. Одоо эргээд сонгуулиар ялсан эрх баригч нам нэр дор нам төвт тогтолцоо сэргэчихсэн явж байна. Хэнийг ямар албан тушаалд томилохоос эхлээд бүх асуудал эрх барьж буй намын удирдах түвшиний байгуулгад, парламент дотроо намын бүлэг гэх субьект дээр хэлэлцэгдэж байж төрийн үйл ажиллагаа болон явж байна. Тийм учраас намын төр тогтож, үндэстний төр хүчгүйдэж байна.
Мэдээж олон хүн сайнтай муутай ч тэдний дийлэнх олонхи нь Монгол төрийн төлөө морь нохой мэт зүтгэх хүсэл эрмэлзэлтэй сайн хүмүүс гэдэгт би итгэлтэй байна. Гагцхүү тогтолцоо нь тэднийг төрд биш аль нэг нам, бүлэглэлд зүтгэж буй хуурмаг этгээд мэт муухай харагдуулах гол нөхцөл болж байна. Ийм байдал бүлэг зальхайтнууд нам болон төрд гарч ирэн дураар аашлах боломжийг олгож байна. МАНАН гэж нэрлэгдээд байгаа мафижсан бүлэглэл үүний жишээ. Ийм бүлэглэл гарч ирэх боломж олгосон нь бидний алдаа.
Та одоо байгаа төрийн тогтолцоог манайд хараахан тохирохгүй байна гэлээ. Хуулийн засаглал, олон намын тогтолцоо, ерөнхийдөө ардчилсан засаглал манайд тохирохгүй гэж хэлээд байна уу?
Бид хоёрын яриа их хүнд сэдвээр өрнөж байна л даа. Ард түмэн, олон нийтийн ашиг сонирхолд л үйлчлэх ёстой хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх зэрэг төр, засгийн институциуд хувийн сонирхол дээр нэгдсэн бүлэг этгээдийн гарт орчихвол тэнд ардчилал бол хоосон үг болно. Дүр эсгэсэн ардчилал гэдэг биз дээ. Украйны “Ард түмний зарц” гэдэг цуврал кино яг энийг үзүүлдэг. Хэдийгээр хошин гэдэг тодотголтой ч бодит байдлыг харуулсан учраас мөрөөдлийн ерөнхийлөгчийн дүрд тоглосон жүжигчин нь жинхэнэ ерөнхийлөгч болсон.
Манайд ч ийм байдал үүссэн учраас тэр МАНАН гэдэг бүлэглэл бий болсон. Жаахан түүх ярья. Хуулийн засаглал гэх ойлголт шашнаас уг сурвалжтай гэж орчин үеийн улс төрийн нэрт онолч Фрэнсис Фукуяма номондоо бичсэн байдаг. Нэг үгээр бол бүхнээс хүчирхэг хааны эрх мэдлийг хязгаарлах зорилгоор л парламентат ёс үүссэн шиг, хүчирхэг хаад ноёдын анхаарлыг татаж хүндэтгэлийг нь хүлээн дагаж мөрдөх дүрэм журмыг зохион хэрэгжүүлж чадах ганц хүмүүс нь шашны мяндагтанууд байсантай холбогдуулан тэгж хэлсэн хэрэг.
Монголын хүчирхэг их хаадын засаглал дахь ард түмнүүдийн бүх шашин Монгол төрийн дор оршиж байсан билээ. Энэ бол төр засах дорнын ёсны уламжлал. Өмнөд хөрш хятадад тогтож байсан төрүүд ч шашныг дээрээ гаргаагүй. Хойд хөршийнх ч мөн адил үнэн алдартны сүмүүдээ төрийн дээр гаргалгүй хааны эрх мэдлээ хэвээр хадгалж үлдсэн нь Монголын Зүчийн улсын төр засах ёсон дээр суурилсанаас үүдэлтэй гэж болно. Тийм ч учраас Оросыг өрнөдийнхөн хөндлөнгийн нүдээр хараад байдаг учиртай. Харин өрнөдөд байдал өөр байсан бөгөөд хуулийн засаглал төвлөрсөн төрийн эрх мэдлийг тогтоон барьдаг эрх зүйн институци болон төлөвшсөн түүхтэй.
Монголын шашны тэргүүн Богд гэгээнийг тусгаар улсынхаа шашин, төрийн эрх мэдлийг хослон баригч хаанаар өргөмжилснийхөө дараахан Улсын Дээд, Доод хурал байгуулж хуулийн засаглалын үзэл санааг төрийнхөө бүтцэд оруулж ирсэн юм. Шинэ нөхцөл байдлыг олж харж ойлгосон хэрэг. 1921 оны Ардын хувьсгалын дараа ч Хаант засаглал хэвээр байсан. 1924 оноос Үндсэн Хуульт хамтын засаглал тогтоох замаар явсан ч Чойбалсан, Цэдэнбал нар ганц хүний засаглал тогоосон. Энэ хоёр маань Богд хаантай ялгаагүй эрх мэдэлтэй байсан шүү.
Шашны үзэл санааны оронд марксизм-ленинзмийн сургааль нэртэй үзэл суртал ноёлж хэрэгжүүлэгч субьект нь МАХН, түүний хөтөлбөр, их болон бага хурлуудын тогтоол шийдвэр гэх боловч Чойбалсан, Цэдэнбал зэрэг бие хүмүүс шууд удирдлагыг хэрэгжүүлж байсныг бид мэднэ. Тоталитар, авторитар дарангуйлагч хэмээн тэднийг бид нэрлэдэг. Тийм дэглэмийн удирдагчийн зөв байсан. Ер нь дарангуйлагч дээр гэж би ярих гээгүй. Тэдний үйлдлийг хүлээн зөвшөөрдөг, хүлээдэг, хүсдэг сэтгэхүй бидэнд байдгийг би хэлэх гэсэн юм.
Нэг намын ноёрхолын үед Ардын Их хурал, Сайд нарын зөвлөл гэх мэт олон түмний төрийн эрх барих төлөөллийн болон гүйцэтгэх институци нь намын шийдвэрээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Чойбалсангийн үед Цэдэнбал дарга нэг хэсэг намын даргын албан тушаалд буюу удирдлагын 2 дугаар эгнээнд явж байгаад маршалыг нас барсны дараа нэлээд тэмцэл хийж байж нам, төрийн удирдлагыг нэг гарт төвлөрүүлж авсан юм.
Тэгвэл таныхаар ямар хэлбэр, бүтэц манайд тохиромжтой вэ?
Уламжлалаа харвал хоёр танхимтай парламентын хувилбар манайд илүү тохиромжтой гэж боддог. Энэ нь засгийн бүх эрх ард түмэнд хадгалагдана гэдэг зарчмыг үндэс болгосон хэрэг юм. Их танхим нь сонгуулийн насанд хүрсэн 5000 хүн тутмаас 1 төлөөлөгч сонгогдож бүрдэнэ гэвэл одоогийн байдлаар 240 суудалтай л танхим болох юм.
Энэ сэдвээр олон хүн санаа бодлоо хэлж байгаа болон тайлбарлахад хугацаа орох, мөн бидний яриа нэлээд урт болж байгаа тул ингэсгээд орхисон нь дээр байх. Эрх мэдэл хаана байршиж, хэрхэн хэрэгжиж, хэнд хянагдаж, хэний эрх ашигт үйлчилж байх вэ гэдгийг олон нийтэд нэн ойлгомжтой болгох шаардлага манай үеийнхэнд тулгарч байна. Үүнийг хийж чадвал хойч үеийнхэн маань зөв сайхан нийгэмд амьдарна.
Эрх ашгийн эрэмбээ бид зөв тогтоож чадаагүй байна гэсэн үг үү?
Тийм ээ, чадаагүй байна. Чадсан бол алив тэр иргэний нийгэм чинь гэж хүмүүс асуухгүй, ядуурал нийгэмд нүүрлэхгүй байсан.
Монгол төрийн түшээ хүний үндсэн шинжийг та хэлээч?
Төрөө байтугай нэрээ боддоггүй хүмүүс төр рүү зүтгэж байгаа нь тогтолцоо буруу яваад байгааг л харуулж байгаа юм.