Шүдний эмнэлгүүд - насны хүүхдэд "ҮНЭГҮЙ" үйлчилж эхэллээ
2019.04.23

Шүдний эмнэлгүүд - насны хүүхдэд "ҮНЭГҮЙ" үйлчилж эхэллээ

2-12 насны хүүхдүүдийн шүд, амны хөндийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 хувьтай гарчээ.

Хүүхдийн шүдний цооролт нь чих, хамар хоолой болон амь насанд аюултайд тооцогддог эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчин, амьсгалын замын өвчин болон олон халдварт өвчний суурь шалтгаан болдог. Тэгвэл "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр өчигдөр /2019.04.22/ албан ёсоор орон даяар хэрэгжиж эхэллээ. Эхний ээлжинд  энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах бөгөөд 2019-2023 онд хэрэгжүүлэх хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж эрүүлжүүлэн, амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэгт чиглэн хэрэгжих аж.

Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар тогтоолоор батлуулсан юм.

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт нийгэмд хамгийн үр ашигтай байдаг аж. Багаар тооцоход нийгэмд арав дахин их үр ашгийг авчирдаг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм. Энэ оны гуравдугаар сарын 18-27-нд зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад нийслэлийн 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцэж,  97 нь гэрээ байгуулжээ.  Орон нутгийн хувьд сонгон шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, 64 нь гэрээ байгуулсан байна. Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлэлт болгожээ. 2-12 насны хүүхдүүд албан ёсны гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой болж байна.

 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ: ХӨТӨЛБӨР 2019-2023 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖИНЭ 

Хөтөлбөрийн гол зорилго бол хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх улмаар эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшил олгоход оршиж байна. Дээрээс нь үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангахаас гадна судалгааны ажлуудыг хийх, шинэ технологи,  инноваци нэвтрүүлнэ.  Судалгаагаар хүүхдүүдийн 86-96 хувь нь шүд цоорох өвчлөлтэй байсан. 5-6 насны гурван хүүхэд тутмын хоёр нь өрөвсөлтэй шүдтэй гэсэн ноцтой судалгаа байгаа учраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаатай үргэлжилнэ. Улсаас 50 тэрбум төгрөгийн төсвөөр санхүүжигдэнэ. 100 хувь төлбөргүйгээр улсын төсвөөс хүүхдээ эрүүлжүүлэх үйл ажиллагаа явж байна гэж ойлгож болно. Тухайн хороо, сургууль, цэцэрлэгийн аль нэг эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллуулъя гэдэг хүсэлтэй байсан боловч яамнаас эцэг, эхчүүд болон эмнэлгүүдтэй ярилцаж, санал аваад, тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийнхээ харьяаллын аль ч эмнэлэгт эцэг, эхчүүд хандаж шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зориулалттайгаар зохицуулсан. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг эмнэлэгт үзүүлээд байнга хэвшсэн байдаг. Тийм учраас тэр эмнэлэгтээ даатгалаасаа санхүүжүүлээд үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. 725 мянган хүүхдийг нэг дор эрүүлжүүлэх боломжгүй учраас эхний ээлжид 2-6 настай хүүхдүүдийг хамруулна. Түүнээс гадна яаралтай шүдний чиглэлийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай бол 2-12 насны хүүхдүүдийг насыг нь  харгалзахгүйгээр эмнэлгээс үйлчилгээ авахад шаардагдах санхүүжилтийг эмнэлгүүдэд олгох нөхцөлийг бүрдүүлж байна.  

АХЛАХ ЗЭРГИЙН ЭМЧ Д.ДОРЖСҮРЭН: “БАЯНСАН ДЕНТ” ЭМНЭЛЭГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ҮЙЛЧИЛЖ  БАЙНА 

Манай улсын хувьд 2-12 нас хүүхдүүдэд шүд цооролт маш их байгаа. Хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн төсөвтэйгөөр үйлчилж байна.

Тухайн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд шаардлагатай үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна. Цоорсон болон ломбодсон шүд гээд асуудалтай  бүх шүдийг эрүүлжүүлэх үүрэгтэй. 60 мянган төгрөгтөө  багтааж, илүү төлбөр авахгүйгээр хүүхдийн амны хөндийг, шүдийг эрүүлжүүлэх юм. Манай “Баянсан дент” эмнэлэг өглөө 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. Эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй үүднээс цаг авахуулж байгаагаас гадна, харьяалал харгалзахгүй үзэж байна. Чанартай эмчилгээ, ломбо хийж нэг хүүхдийг ч гэсэн эрүүл шүдтэй байгаасай гэсэн сэтгэлээр хандаж байна даа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр санхүүгийн хувьд асуудалтай байгаад үзүүлж чадахгүй байсан хүүхдүүд хамрагдаж буйд, “Баянсан дент” эмнэлэг энэхүү үйл ажиллагаанд гар бие оролцож байгаад маш их баяртай байна.

“EMPIRE DENTAL CLINIC”-ИЙН НҮҮР АМНЫ ИХ ЭМЧ Р.БААСАНСҮРЭН:  ӨГӨГДСӨН МӨНГӨН ДҮНД БАРИГДАХГҮЙГЭЭР БҮХ ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ ШҮДТЭЙ БОЛГОХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА

Манай эмнэлэг хоёроос дээш насны бүх хүүхдүүдэд үзлэг хийдэг. Үзүүлж байгаа хүүхдүүдийн хувьд шүдээ угаахгүй, дээрээс нь шүдний цоорол маш их байгаа. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр тухайн хүүхдийг эрүүлжүүлэх, гэр бүлд нь зөв дадал, зуршилтай болгох зорилготой.

Тэгэхээр хүүхдийнхээ шүд, амны хөндийг эрүүлжүүлсний  дараа  эцэг эхчүүд дараа дараагийн зөв дадал хэвшлийг мөрдөх хэрэгтэй. Хүүхдэдээ цаг зав гаргаж,  шүд угаах дадал хэвшлийг илүү сайн хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсмээр байна. Ганц удаагийн үзлэг хийгээд эрүүл болчихлоо гээд орхичихгүйгээр зөв дадлыг мөрдөх нь чухал. Үзүүлэх гэж ирсэн хүүхдүүдийн  тухайн  дүүргийн  харьяа бүхий регистрийн дугаар болон хүүхдийг дагуулж ирж буй иргэний регистрийн дугаарын мэдээлэл байхад хангалттай. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ачааллаас хамаараад долоо  хоногтоо нэг өдрийг хүүхдийн өдөр болгож хэрэгжүүлэх зорилготой байна. Хоёр жилийн турш үргэлжилнэ.  Нэг хүүхэд нэг л удаа үзүүлж, амны хөндийг эрүүлжүүлнэ. Шүд өвчлөлтэй байх нь ямар нэгэн суурь өвчний эх үүсвэр болж, эд эрхтэнд нь сөргөөр нөлөө үзүүлдэг тул эцэг эхчүүд та бүхэн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийнхээ амны хөндийн эрүүл ахуйд анхаараарай гэж хэлмээр байна.

 

ТА ХҮҮХДЭЭ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЭМНЭЛГИЙН ЖАГСААЛТ,
УТАСНЫ ДУГААРЫГ ДАРААХ ХҮСНЭГТЭЭС ХАРНА УУ?