МоАХ-ны мэдэгдэл
2012.01.26

МоАХ-ны мэдэгдэл

Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий чуулган 2012 оны нэгдүгээр сарын 25-нд хуралдаж, улс орны өнөөгийн байдлыг авч хэлэлцээд дараах мэдэгдлийг гаргаж, Монголын ард түмэнд сэрэмжлүүлэн сонордуулж байна.

Монголчууд аа, 1990 онд та бидний улс төрийн мятрашгүй тэмцлээр олж авсан эрх чөлөө, ардчилал, бүрэн тусгаар тогтнол маань өнөөдөр хоосон зүйл болж Үндэсний тусгаар тогтнол алдарч, асар их мөнгөөр дамжих гадаадын сонирхол, бодлогын тоглоом, санхүүгийн хараат болох аюул бодитоор нүүрлэж эхэллээ. Өвөг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн асар их баялаг маань Монголынхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулж, та бидний аж амьдралыг өөд нь татах ёстой байтал эсрэгээр эх орныг маань баялгийн хүүдий, эздийг нь гуйлгачин гэж хардаг үндэстэн дамнасан корпорацуудын хараа хяналт, удирдлагад орох
үүдийг олигархиуд цэлийтэл нээжээ. Монголын баялаг Монголын ард түмэнд бус гадаадын шуналтнуудад л ашиг болж, гадаадынхны Монголын баялагт хүрэх зам мөрийг хичээнгүйлэн зассан цөөн хэдэн дотоодын луйварчид, олигархиуд л хязгааргүй баяжих нь нэгэнт тодорхой болж ирж байна. Стратегийн хувьд сайтар байршсан олигархиуд нь төрийн дээд эрх мэдэлтнүүдийг хувийн сонирхол, хобби, хэрэгцээ, өмнөх нүгэл хилэнц, харилцаа холбоо зэргээр нь уургалах, барьцаалах замаар талдаа татаж, өөрсдөдөө таалагдах шийдвэр бүрийг гаргуулах хэмжээнд томорчээ. Өнөөдөр Монголын төрийг ард түмний ашиг сонирхол бус нам дамжсан бүлгүүдээр хэрэгжих олигархиудын шунал залж байна. Энэ шунал хаа хүрч зогсох, улс орныг ямар гамшигт унагахыг бид төсөөлшгүй. Мэдэгдэж байгаа ойрын аюул нь Монголын эдийн засаг гадаадынхны бүрэн хяналтад орж, энэ хяналтаар дамжуулан бүгдийг гадны ашиг сонирхолд нийцүүлэх үйл явц хэдийнэ эхэлжээ.

Ард түмний олонхийн төлөөх аливаа санал, санаачилга бүхнийг улайран эсэргүүцэн, дэвшилтэт бүхэнд дайсагнадаг посткоммунист хүчин өнөөдөр улс орны эрх мэдлийг атгаж, өөрсдийгөө мөнгөөр угждаг цөөн хэдэн олигархиудын заавраар Монголын баялгийг харийнханд хэсэглэн зарсаар байна. Өнөөдөр монголчууд бид жинхэнэ ардчилсан шударга дэг журмаар, олонхын язгуур эрх ашгийн төлөөх хуулиар бус харин Үндэстэн дамнасан корпорацуудын зохиож өгсөн "баялгийн хараалын" дүрмээр амьдарч байна. Энэ дүрмийн дагуу монгол хүн бүрт 21 мянган төгрөг оногдож, тэрний тал нь ирээдүйд төлөх ёстой өр болон хоцорч байгаа бол үндэсний олигархи гэгдсэн цөөн хэдэн хүнд тус бүр 21 сая ам.долларын цэвэр ашиг, харин тэдний цаад эзэд нь болсон үндэстэн дамнасан корпорациудад 21 тэрбум ам.долларын цэвэр ашиг оногдож байна. Энэ шударга ёс, ардчилсан хууль зүй мөн үү?

 Энэ бол тэртээ 1990 онд бидний хүсэж, тэмүүлж, зорьж байсан "Ардчилал" биш гэдгийг МоАХ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид эрх зүйт төртэй, шударга ёсыг хэм хэмжээгээ болгосон хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд амьдрахыг хүссэн. Тэмцсэн. Ялсан. Гэвч Монголын ард түмний түүхэн ололтыг өнөөдөр нам дамнасан бүлгүүдэд хамаарах хэдхэн луйварчид гадаадынхантай үгсэн үгүй хийх хэмжээнд очжээ. Хамгийн харамсалтай нь, МоАХ-ны оролцоо, идэвхтэй дэмжлэг, зүтгэлээр анхлан байгуулагдсан Ардчилсан намыг өнөөгийн хэсэг удирдлага ард түмний язгуур эрх ашиг, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан, булхай луйврыг эсэргүүцэн тэмцэхийн оронд хамтран зохион байгуулагч нь болж хувирчээ. Шинэ нийгмийг хуучин хүчнээр байгуулуулахаар итгэж Монгол Улсыг 70 жил дампуурал, мухардлын замд хөтөлж байсан МАХН, МАН-ыг удаа дараа эрх бариулахаар сонгуулж байсан нь бидний хамгийн том алдаа болсныг ухаарцгаая!

Учир иймд МоАХ эх орондоо жинхэнэ ардчилал, шударга ёс, эрх зүйт засаг төр, иргэний нийгмийг байгуулах ариун тэмцэлд дахин босох, нэгдэн нягтрахад Монголын ард түмнийг уриалан дуудаж байна. Үүний тулд юуны өмнө ардчиллын тулгуур багана болсон Ардчилсан нам дотор шинэ уур амьсгал оруулж, шин ёс зүй, дэг журам тогтоох шаардлагатай юм. Ардчилсан нам олигархиудын гар хөл байхаа больж, нам дамнасан бүлгүүдээсээ хагацахгүйгээр улс орны шинэчлэлийг авч явах чадамжгүй байсаар байх нь тодорхой. Монгол хү улсынхаа жинхэнэ эзэн нь байж, баялгаа хэнээс ч асуухгүйгээр олборлож, эзэмшиж, хуваарилж, үр шимийг н бодитоор хүртдэг байх тэр сайхан цагийг авчрахын тулд Ардчилсан нам эхэлж шинэчлэгдэх ёстой.

 Монгол хүн бусдын тэтгэлгээр бус өөрийнхөө орлогоор хангалуун амьдардаг байх ёстой. Ард түмэн өөрийнхөө баялагт эзэн нь байх ёстойгоос бус баялгийг нь луйвардсан цөөхөн хэдэн хүний гарыг харж, "буяныг" нь горьдож амьдрах ёсгүй. Ардчилсан Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг амьдралд хэрэгжүүлж, ардчилал, эрх чөлөө, шударга ёс, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, сайн сайхан амьдралын төлөө МоАХ-ны туган дор дахин нэгдэхийг ард түмэндэ: уриалж байна.

 

“Монгол улсын жинхэнэ эзэд нь ард түмэн" гэдгийг өнгөн дээрээ шударга ёс ярьсан, үнэн хэрэгтээ ард түмний эсрэг хандсан цөөн хэдхэн луйварчдад ойлгуулах, мэдүүлэх цаг болжээ. Бидний тэмцэл ариун учраас ялагдашгүй.

 

Ардчилсан монголчууд аа эх орон, ардчилалд аюул учирлаа. Сэрцгээе!

Монголын ардчилсан холбоо

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.