Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтой уулзлаа
2019.01.30

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтой уулзлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтой 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа болон ухаалаг эрчим хүчний системийн талаар ярилцлаа.

Уулзалтад Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга, эдийн засгийн хэлтсийн дарга Ива Щустакова, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван нар оролцлоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Чех Улс ньМонгол Улсын эрчим хүчний салбарт олон жил амжилттай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Тухайлбал “ДЦС-3” ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн конвейрын системийг цахилгаан хяналт, удирдлага хамгаалалтын системд оруулах төсөл, “ДЦС-4” ТӨХК-ийн химийн ус бэлтгэх аж ахуйн удирдлагын щит, хяналт хэмжилтийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл зэргийг амжилттай хэрэгжүүлсэн талаар дурдлаа.

Элчин сайд Ийржи Бродский хэлэхдээ Монгол Улсын Эрчим хүчний яам нь 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ухаалаг систем, ухаалаг тоолуурын шинэ технологи, иноваци нэвтрүүлэх төслийн хүрээнд хамтран ажиллах саналтай байгааг дурдлаа. Өнөөгийн байдлаар Чех Улсын“ZPA SMART ENERGY” компани нь МУ-ын “УБЦТС”ТӨХК-тай хамтран ажиллаж, цахилгааны тоолуур нийлүүлж байна.Мөн ноён Ийржи Бродский нь МУ-ын Эрчим хүчний сайдыг БНЧУ-ын худалдаа аж үйлдвэрийн сайдын урилгаар тус улсад айлчилж, эрчим хүчний шинэ техник, технологиудтай танилцахыг хүслээ.

Сайд Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ Чех улсын техник технологи нь Евро стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талаар дурдаад бидний зүгээс ухаалаг төхөөрөмжийг эрчим хүчний салбарын бүх шатанд хэрэглэхийг зорьж ажиллаж байна гэлээ. Цаашдаа хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг ухаалаг эрчим хүчний чиглэлээр өргөжүүлэх саналтай байгаагаа харилцан илэрхийлэв. Ухаалаг төхөөрөмжүүдийг хэрэглэгчийн энгийн төвшнөөс эхлэн эрчим хүчний үйлдвэрлэлийн дамжлага бүрд ашиглах бодлогыг барьж ажиллан хэрэгжүүлэхийг зорьж буй талаар Сайд уулзалтын үеэр дурдлаа.