Д.Батсайхан: Онцгой байдлын газарт цугларсан хандивын мөнгөөр техник, тоног төхөөрөмж авсан
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай уулзаж ярилцлаа.
-Иргэд маань зөвшөөрөлгүй газраас чанарын шаардлага хангахгүй бенгалын гал, салютыг худалдан авч буудуулах, сүлд модоо чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гардаг. Онцгой байдлын байгууллагын зүгээс энэ бүхнээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран боломжит бүх хэлбэрээр ард иргэдтэй хамтран хүргэж байна.
Түүнчлэн хэн дуртай хүн пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, мөн нийслэлийн Засаг даргын 662 дугаар захирамжаар хориглосон байдаг юм.
Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн объектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулмаар байна.
-Мөн хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан игэд гал түлэх, цахилгаанаар гэр байшингаа халаахдаа цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс объектын гал түймэр ихэсэх хандлагатай байдаг. Энэ жилийн хувьд обьектын гал түймрийн нөхцөл байдал ямар байгааг мэдээлэхгүй юу?
– Юуны түрүүнд хэдэн тоо баримт дурдах хэрэгтэй болов уу. 2018 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3,080 удаа гарч, 15.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 68 хүн амь насаа алдсанаас 49 том хүн, 19 хүүхэд байна. Мөн гал түймэрт 37 хүн түлэгдэж, гэмтэн 289 толгой мал хорогдож, 1,547 гэр орон сууц шатсан байна. Энэ тоо баримтаас гал түймрийн аюул, гарсан хохирлын хэмжээ ямар байгааг харж болох байх.
Зөвхөн гал түймрийн аюулын улмаас нийт 68 хүн амь насаа алдана гэдэг дэндүү харамсалтай тоо баримт. Шалтгаан нь пийшин, зуух, яндангийн цонолтоос, мөн газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас болсон гэдэг дүгнэлт ихэвчлэн гарсан. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр бид өдөр тутамдаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх анхаарал сэрэмжээ сайжруулах шаардлагатай байна гэдгийг анхааруулж байгаа дохио юм.
–Тэгвэл Онцгой байдлын байгууллагаас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
– Ер нь гал түймрийн дийлэнх нь хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм болохоор Онцгой байдлын байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтран аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг цаг улиралд нь нийцүүлэн байнга мэдээлж байдаг.
Мөн аврагч, алба хаагчид маань аж ахуйн нэгж, айл өрхөөр явж цахилгааны аюулгүй байдлын шалгалт хийж, зөвлөгөө мэдээллийг өгч, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан объектын гал түймэр, цас зуд, цасан шуурганаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл илүү зонхилдог бол хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймэр, зуны улиралд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг түлхүү явуулах жишээтэй. Мэдээж тэгээд авран туслах ажил бол байнга хийгдэж байгаа гэж болно.
– Ой, хээрийн гал түймэр гэснээс өнгөрсөн хавар, зуны саруудад Монголд хээрийн түймрийн гаралт, хохирлын хэмжээ хэр байсан бэ. 2017 онд бид тухайн саруудад их хэмжээний хохирол амссан шүү дээ?
– 2018 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 71 удаа ой, хээрийн түймэр гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 61.4 хувь буурсан үзүүлэлт. Түймрийн улмаас энэ онд 74 мянган га талбай ой, хээрийн түймэрт өртсөн байна.
– 2017 оны ой хээрийн түймэр, түүнээс амссан хохирлоос үүдэн ард иргэд сайн дураараа санаачлага гарган Онцгой байдлын байгууллагыг нисдэг тэрэгтэй болгох хандивын аян өрнүүлсэн. Гэхдээ одоо болтол тэрхүү хандивын мөнгийг хэрхэн зарцуулснаа Онцгой байдлын ерөнхий газраас тайлагнаагүй байгаа. Үүний тайлбарыг ард иргэд шаардсаар байна. Энэ талаар мэдээлэх өгөхгүй юу?
-Тухайн үед иргэд маань Онцгой байдлын байгууллага, тэр дундаа түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад туслах зорилгоор мөнгөн хандив өгөх гэсэн юм, ямар дансанд энэ хандивыг төвлөрүүлж болох вэ гэсэн хүсэлтийг ихээр ирүүлсэн учир манай байгууллагын зүгээс албан ёсны хандивын дансыг нээсэн. Ингээд ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 1 тэрбум 417 сая төгрөгийн мөнгөн хандив цугларсан. Үүнээс одоогийн байдлаар 1 тэрбум 51 сая төгрөгөөр холбогдох хууль, тогтоомжийн дагуу тендер зарлан, шалгарсан газруудтай гэрээ байгуулан Онцгой байдлын байгуулагад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдийг худалдан аваад байна.
Одоо гэрээ ямар нэгэн байдлаар зарцуулалт хийгдээгүй үлдэгдэл 366 гаруй сая төгрөг Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд байна.
– Нисдэг тэрэг авах асуудал юу болсон бол?
-Ард иргэдийн зүгээс гаргасан хандивын мөнгийг нисдэг тэрэг авахад зарцуулаарай гэсэн санал нь Онцгой байдлын байгууллагын нисэх нэгжтэй болох зорилттой нийцэж байгаа юм. Гэвч гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин манай улсад ашиглагдаж байгаа МИ-171Е гэсэн загварын нисдэг тэрэгний зах зээлийн дундаж үнэ нь 20 гаруй тэрбум төгрөг. Аврах ажиллагаа болон эрэн хайх зориулалттай евро стандартын EC загварын нисдэг тэрэг гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй. Харин бидэнд цугласан хандив 1.4 тэрбум.
Гэхдээ бас иргэд маань энэ хандивыг зөвхөн нисдэг тэрэгтэй болоход биш Онцгой байдлын байгууллагыг техник, тоног төхөөрөмжийн чадамжтай болгохын тулд цуглуулсан гэж ойлгож байгаа. Тиймээс хандивын мөнгийг Онцгой байдлын албанд нэн шаардлагатай байгаа бусад техник тоног төхөөрөмжийг авахад зарцуулахаар ажлын хэсэг тооцоо судалгаа хийсний үндсэн дээр зарцуулсан.
Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллага гадны зээл тусламж болон төр засгийн дэмжлэгтэйгээр чамгүй хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэл хийсэн. Гэсэн хэдий ч аврах гал унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ 50 хувь, тусгай зориулалтын хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэл 30, холбоо, зарлан мэдээллийн хэрэгсэл 20 гаруй хувьтай байгаа юм. Мөн зарим багаж хэрэгслийн тухайд зайлшгүй шинэчлэл, засвар үйлчилгээ хийх нөхцөл байдал тулгараад байсан юм.
–Тухайлбал ямар тоног төхөөрөмж авсан бэ. Тэдгээр нь ямар ач холбогдолтой вэ?
-Хандивын дансанд орсон мөнгийг шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахад тухай бүр Монгол Улсын шадар сайдын тушаалаар батлуулж, хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэсэн гэдгийг онцлох хэрэгтэй байх. Тухайлбал, дулаан мэдрэгч камераар тоноглогдсон нисгэгчгүй аппаратыг эрэн хайх, аврах ажиллагаанд ашигладаг. Ой, хээрийн бүсэд түймэр унтрааж байгаа алба хаагчдын байршлыг тодорхойлох, галын тархалтыг хянах, эм тариа болон бусад бага оврын 5 кг хүртэлх эд зүйлсийг шаардлагатай цэгт хүргэх боломжтой. Мөн уулчин аврагчын иж бүрэн хувцас хэрэглэл, металл хайгч, амьсгалын бие даасан төхөөрөмж, агаараар цэнэглэгч шахуурга гээд аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, дутагдалтай тоног төхөөрөмжүүдийг дурдаж болно. Ер нь аливаа зүйлийг хөндлөнгөөс шүүмжлэхэд тун амар.
Харин бодит нөхцөл байдал дээр ажиллаад ирэхээр л бидний зовлон жаргалыг ойлгодог юм. Гал түймэр, техникийн холбогдолтой ослын голомт болон эрүүл мэндэд хортой хий, утаа ялгарсанаас амьсгалахад хүндрэлтэй орчинд ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчид нь хорт хий утаанаас хамгаалах баг /багны бортого цэнэглэгчийн хамт/-аар бүрэн хангагдсан байх естой. Гэтэл одоо ашиглагдаж байгаа багнуудын 50 хувь нь элэгдэлд орсон ашиглах боломжгүй болчихоод байгаа юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал шийдэгдээгүйгээс худалдан авалт хийгдээгүй. Мөн тодорхой хэсгийг алба хаагчдынхаа ажиллах орчныг сайжруулахад зарцуулсан гэх мэтчилэн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авахад дээрх хандивын мөнгийг зарцуулсан. Энэ бүх хөрөнгө оруулалт, худалдан авалтанд Үндэсний аудитын газраас хяналт шалгалт орж, гэрээ холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдан Сангийн яамаар дамжуулан хийгдсэн.
Төгсгөлд нь онцлон хэлэхэд ард түмний амьдрал нийтээрээ элбэг дэлбэг, хангалуун биш хүндхэн байгаа энэ цаг үед Онцгой байдлын албыг чадавхижуулахаар хандив өргөсөн ард түмэндээ дахин талархал илэрхийлье. Та бүхний сэтгэл, зүрхээ зориулан өргөсөн хандив тусламж Онцгой байдлын ерөнхий газар болон 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар хэлтэс, гал унтраах 60 гаруй анги, авран хамгаалах эрэн хайх бүлгүүд, түүнд ажиллаж буй алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, аюулгүй байдлыг хангахад бодит дэмжлэг болсон гэдгийг бахархалтайгаар уламжлах байна.