Д.Оюунхорол: Хүүхэд хамгааллын мөнгийг  НАЙМАН ТЭРБУМ төгрөг болгож тусгасан
2018.10.30

Д.Оюунхорол: Хүүхэд хамгааллын мөнгийг НАЙМАН ТЭРБУМ төгрөг болгож тусгасан

Сэтгүүлч Б.НОМИН

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийн талаар тодруулга авлаа. Тэрбээр уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч юм.

-Ажлын хэсэг ирэх оны төсөвт ямар санал оруулж байгаа вэ?

-Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг есөн их наяд 676.5 тэрбум төгрөгөөр, зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөгөөр оруулж ирснийг хэвээр нь хадгалсан. Төсвийн алдагдлыг нэг их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувьтай байхаар тооцоолж оруулж ирснийг ажлын хэсэг хэвээр нь дэмжсэн. Харин дотор талд нь тодорхой өөрчлөлтүүд оруулсан.

-Тухайлбал?

-Хөрөнгө оруулалтад аймаг, орон нутагт 189 тэрбум төгрөгийг хүн амынх нь тоотой харгалзуулаад хуваарилсан байсан. Нэгд­сэн чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга ямар хөрөнгө оруулалт хийх нь тодорхойгүй байдлаар их хэмжээний мөнгийг аймаг, орон нутагт шилжүүлэх нь Төсвийн тухай хуулийг зөрчинө. Татвар төлөгчдийн мөнгийг ямар зүйлд зарцуулах нь тодорхойгүй байгааг буруу гэж үзсэн. Үүнийг ажлын хэсэг авч үзэн, намын бүлгийн хуралдаанаар ярьж мөн буруу гэж дүгнэлээ. Тиймээс төсвийг төгрөг бүрээр нь, хөрөнгө оруулалтын зардлыг бичиж, хуваарилах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан.

Энэ дагуу гишүүд өөрсдийн тойргийнхоо саналыг бичиж өгсөн. Засгийн газраас өргөн барьсан төсөлд 117 сургууль, 143 цэцэрлэг, шинээр барихаар оруулж ирсэн. Гишүүдийн саналын дагуу 189 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 18 сургууль, 32 цэцэрлэг нэмж тавихаар тусгалаа. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг бүрэн хамруулна.

Намын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн байдлаар шийдвэр гаргасан. Төсөвт бас нэг зүйлийг орхигдуулсан байсан. Улаанбаатар хотод 1.3 сая хүн ам амьдарч байна. Гэтэл хотод тавьсан хөрөнгө оруулалт үнэхээр бага байсан. 20 мянга гаруй хүн амтай хороонд сургууль, цэцэрлэггүй байна. Тиймээс хүн амынх нь тоонд нь харгалзуулж асуудалд хандах нь зөв. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн тойргийн саналыг хүлээн авч Улаанбаатар хотын төсвийг ойролцоогоор 90 орчим тэрбум төгрөгөөр нэмж, төсвийг батлахаар оруулж ирсэн.

-Хүүхэд хамгааллын төсвийн бууруулсан байна гэж байсан?

-Өнгөрсөн жил УИХ-ын эмэгтэй гишүүд зургаан тэрбум төгрөгт хүргэсэн байсан ч Засгийн газраас 2.4 тэрбум төгрөг болгож бууруулсан. Бид өмнө нь зургаан тэрбум төгрөг хүрэлцэхгүй гэдгийг хэлж байв. Сангийн яамны төсвийн зарцуулалтын тайланд 560 гаруй тэрбум төгрөгийг тавилга, тоног төхөөрөмж авсан гэсэн ташаа мэдээлэл байсан.

Уг нь 154 тэрбум төгрөгөөр хэрэгцээтэй сандал, ширээ авсан юм билээ. Үүнтэй холбоотой сөрөг мэдээлэл бий. Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл их гарч байгаа энэ цаг үед бодит ажил хэрэг болгохын тулд эх үүсвэрийг нь нэмэх шаардлагатай байна гэсэн саналыг үндэслэн найман тэрбум төгрөг болгож нэмэгдүүлж байгаа.

-Жижиг, дунд үйлд­вэрийг дэмжих эх үүсвэрийг нэмсэн үү?

-Ерөнхийлөгч жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд мөнгө тавьсангүй, ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг дэмжих бодлогуудаа явуулна уу гэсэн. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт 21:100 хөтөлбөр хэрэгжүүлж үйлдвэрчидээ дэмжинэ гэсэн байгаа. Энэ чиглэлээр төсөвт эх үүсвэр суулгаагүй байсан. Үүнд 47 тэрбум төгрөг тавьж өгсөн.

Ер нь Монгол Улсад сүүлийн 27 жилд орлого багатай иргэдэд зориулсан зээл хүндээ хүрэхгүй байгаа талаарх шүүмжлэл өнөөдөр хэвээр үргэлжилж байна. УИХ, Засгийн газраас зарцуулалтад анхаарал хандуулах шаардлагатай. Гэхдээ энэ мэдээллээс болж төсөвт мөнгө суулгахгүй байж болохгүй гэж үзсэн. Харин хяналтыг нь хүчтэй тавьж эзэндээ хүрэх зээл олгоосой гэж хүсч байна.