2018.10.19

О.Баасанхүү: Нөхөөсөн замын бизнес явагдаад байх шиг

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Автозамын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Зам маш төвөгтэй байна. Нөхөөсөн зам гэдэг бизнес яваад байх шиг байна. Жилд хэдэн төгрөгөөр замаа нөхөөд байна вэ? Зам эвдэрхээр нөхөн биш хүлээж харж сууж байгаад машин тэрэг өчнөөн эвдэрсэний дараа нөхөх юм. Замын асуудлыг өвөл яриад ач холбогдолгүй байна. Өвөл болж байхад утааны асуудлаа ярих ёстой байсан байх. Гол нь Дархан-Эрдэнэтийн замыг хэзээ ашиглалтанд оруулах гэж байна вэ? Засгийн газрын гишүүд албан ёсоор хариу өгнө үү? Улаанбаатар хотын хувьд замын түгжрэл хэрээс хэтэрчихээд байна шүү. Нийслэлийн автомашины янданд шүүлтүүр хийх үү?”

Гишүүн О.Баасанхүүгийн асуултанд Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хариуллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:

“Монгол Улс нийт замын засвар арчилгаа хийх хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Норм, нормативаараа бол энэ ажилд жилдээ 55 тэрбум төгрөг хэрэгтэй байдаг. Улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг, 2017-2018 онд 20 тэрбум төгрөг байсан. 2019 онд 30 тэрбум төгрөг тусгуулаад байна. Манай зам бол орон нутгийн чанартай зам буюу 3-р зэрэглэлийн зам юм. Дэлхий дахинд энэ төрлийн зам 3 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй байдаг бол манай улсад 800 гаруй сая төгрөгийн өртгөөр хийгдэж байгаа юм.“