Д.Сумъяабазар: "Сентарра Гоулд" хувьцаагаа зарсан талаар мэдээлэлгүй байна
Уул, уурхайн сайд Д.Сумъяабазараас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-“Рио тинто” далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа хойшлуулсан талаарх мэдээлэл байна. Энэ талаараа Засгийн газарт мэдэгдсэн үү?
-Өнөөдөр тус компанийн удирдлагууд ирж уулзана. Одоогийн нөхцөл байдал болон бусад асуудлаар ярилцана. Тэдний юу хэлэхийг сонсох ёстой. Түүний дараа асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярих ёстой.
-Яг ямар асуудлаар уулзах санал тавьсан бэ?
-Олон асуудал бий. Татвартай, далд уурхайн бүтээн байгуулалтын явц, эрчим хүчний эх үүсвэр болох цахилгаан станцын байршил гэх мэт асуудлыг ярьж байна. Эцсийн байдлаар шийдвэрлэсэн зүйлгүй.
-Өмнө нь Оюутологойн таван асуудал дээр тохиролцсон гэж байсан биздээ?
-Эхний байдлаар тохирсон зүйл байхыг үгүйсгэхгүй. Эцсийн байдлаар талууд зөвшилцөж байж гарын үсэг зурж баталгаажих ёстой.
-“Сентарра Гоулд” компани Монгол улсад эзэмшдэг лицензээ зарсан гэсэн. Энэ талаар ямар мэдээлэл байна вэ?
-Одоогоор нарийн мэдээлэлгүй байна. Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалсан гэсэн. Яг нарийн мэдэж буй зүйл алга. Мэдээж бүртгэлээ улсын бүртгэлээр хийх ёстой. Түүний дараа лицензийн шилжих хөдөлгөөн хийнэ. Аж ахуйн нэгжүүд нь худалдан авсан юм уу, яасан гэдэг талаар ямар ч ойлголтгүй байна.
-Лицензээ зарж болох юм уу. 34 хувь нь Монголын талд байгаа юу?
-Би эргэж сайн харахгүй бол хэлж мэдэхгүй байна.
Т.ЭНХЭЛЭЭ