УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг нар ОУПХ-ны салбар хуралдаанд оролцлоо
Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганы хуралдаанд оролцож байгаа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр уг Байнгын хорооны Удирдах зөвлөлд Ази-Номхон далайн бүлгээ төлөөлж ажилладаг бөгөөд Монголын парламентаас сонгогдсон анхны гишүүн юм. Хурлаар Байнгын хорооны ирэх оны хэлэлцэх асуудал, төлөвлөгөөг баталсан бөгөөд 140 дүгээр чуулганаар хэлэлцүүлж, батлуулах тогтоолын төслийн сэдэв, агуулгыг мөн хөндөж ярилцлаа.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлаар гарах тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт Ази-Номхон далайн бүлгээ төлөөлөн оролцов. Энэ удаагийн чуулганд оролцогчдын олонхын саналаар Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тулгамдсан асуудалд тооцож тогтоолын төсөл боловсруулсан. УИХ-ын гишүүн Л.Болд уг тогтоолын төсөлд тусгах шаардлагатай зарим асуудлыг санал болгосноос гадна бусад гишүүдийн оруулсан асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Чуулганы үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, дэслэгч генерал Сэнгнүан Саяалат, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын парламентын Үндэстний танхимын гишүүн, ОУПХ-ны асуудал эрхэлсэн хамтарсан хорооны дарга Др.Тхан Вин, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын гишүүн Жонг Хёк Ри-тэй тус тус уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засаг болоод бусад салбар, түүний дотор хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, харилцан санал солилцов. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-той хамтран ирэх оны 05 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази-Номхон далайн бүсийн 2 дугаар чуулганд оролцохыг урьсныг уулзалтад оролцогч талууд талархан хүлээн авч, төлөөлөгчдөө оролцуулахаа амлав.