Д.Сарангэрэл: Энэ оны аравдугаар сард цалин нэмэх БОЛОМЖ бүрдэнэ
2018.07.03

Д.Сарангэрэл: Энэ оны аравдугаар сард цалин нэмэх БОЛОМЖ бүрдэнэ

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргааш энэ сарын 05-наас эхлэн ажил хаялт зарлах болсон тухайгаа өнөөдөр мэдээлсэн. Уг ажил хаялтад 207 эмнэлгийн 16 мянга гаруй ажилтан нэгдэхээ мэдэгдсэн байна.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх боломж байгаа эсэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад,

"Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлах тухай мэдэгдлээ ЭМЯ-нд албан ёсоор ирүүлээгүй байна. Цалин хөлсийг нэмэх талаар иргэдээс ирүүлж байгаа санал, хүсэлтийг үл ойшоох асуудал УИХ, Засгийн газар болон ЭМЯ-нд байхгүй. Хийсэн ажилдаа зохих хэмжээний цалин авах шаардлагыг ЭМЯ болон миний бие дэмжиж байгаа. Тиймээс ЭМЯ, ХНХЯ-наас ажлын байрны ачаалалд нийцсэн цалингийн журам боловсруулсан. Нөгөөтэйгүүр Сангийн сайдын 47 дугаар тушаалын хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ажилтнуудынхаа цалин, урамшууллыг нэмэх боломж бий. Тухайлбал, амралтын өдрүүдэд аж ахуйн нэгжүүдтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, үүнээс олсон орлогоо цалин, урамшуулалдаа ашиглах боломжтой. Ер нь бол цалин нэмэх нь цаг хугацааны асуудал. ОУВС-гийн төлөөлөл энэ сард Монгол Улсад ирнэ. Энэ үеэр Сангийн сайд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох, төрийн албан хаагчийн цалинг нэмэх асуудлаар хэлэлцээрт орох юм. Үүний үр дүнд энэ оны аравдугаар сард цалин нэмэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж, ажил хаялт зарлахгүй гэдэгт итгэж байгаа" гэлээ.