Д.Тэрбишдагва: Хариуцлагыг С.Баяр, С.Батболд нарын аль аль нь хүлээх ёстой
0
2012.02.07

Д.Тэрбишдагва: Хариуцлагыг С.Баяр, С.Батболд нарын аль аль нь хүлээх ёстой


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Стандарт бус гэж шүүмжлэгдэг байсан Засгийн газар тарж, стандарт хэлбэр рүү шилжиж байх шиг байна. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-2012 оны сонгууль ойртож байгаа учир АН улс төрийн өнцгөөс асуудалд хандаж байна. Уг нь анх Хамтарсан засаг байгуулахдаа жигтэйхэн сайхан гэрээ хэлцэл байгуулсан шүү дээ. Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэл эрчимтэй хөгжүүлж ажлын байр буй болгох нөхцлийг бүрдүүлэх, үсрэнгүй хөгжсөн эдийн засгийг цогцлоон байгуулах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, авлига хүнд сурталыг арилгах зорилгоор тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН, АН 2008-2012 онд хамтран ажиллахаар тохиролцож гэрээ байгуулав гэж заасан байдаг. Энэ гэрээг хоёр талаасаа зургаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй нийтдээ 12 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан. Манай хоёр нам хүн ардынхаа эрүүл саруул, боловсролтой, чинээлэг аж төрөх нөхцлийг хангах, улс орноо XXI зуунд үсрэнгүй хөгжүүлэх түүхэн сонголт хийлээ гээд байсан ч барианд орохын өмнөхөн ардчилсан намынхан буцаж, засгаас гарлаа. Аливаа гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон, болгоогүй гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэдэг олон улсын практик бий. Гэтэл дүгнэсэнгүй ээ. Хамтарсан Засгийн газрын гэрээ нь өрхийн сарын дундаж орлогыг саяаас доошгүй төгрөгт хүргэнэ, нефть боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэн бензин шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэнэ зэрэг 65 заалттай. Ажлын хэсэг гаргаж 3.5 жилийн хугацаанд хамтарч ажиллахдаа гэрээний биелэлт нь хэр байгааг судалж дүгнэлт гаргах шаардлагатай байсан.Тэгээд хэрэгжүүлээгүй зүйлийнхээ шалтгаанаа олон түмэнд тайлагнах учиртай.Гэвч албан тушаал авах болохоороо уургын морь шиг дайрчихаад, алдаа оноог нь дэнсэлж, ажлыг нь дүгнэх гэхээр булзайруулж, уснаас хуурай гарч бусдад буруугаа чихэх гэж оролдох нь зохимжгүй л харагдаж байна.

-Гэрээний ихэнх заалтууд хэрэгжээгүй гэж үү?

-Хэрэгжээгүй заалтууд олон байна. Тухайлбал, энэ гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл хүчинтэй байна гэж тов тодорхой тусгасан. Хэлсэн үгэндээ, зурсан гарын үсгэндээ эзэн байж чадсангүй.Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь дангаар цуцлахыг хориглоно гэсэн байгаа. Гэвч нэг өдөр гэнэтхэн л АН-ын дарга Н.Алтанхуяг намынхаа дээд шатны байгууллагаараа хэлэлцүүлэлгүй засгаас гарлаа гээд мэдэгдсэн дэг.Аймгийн төв болгоныг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно, Бага нуур, Шивээ –Овоогийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станцууд байгуулж говийн бүсийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж, илүүдлийг экспортлоно, нийслэлд эрчим хүчний шинэ эх үүсвэр барина зэрэг олон ч зүйл заалтыг хэрэгжүүлсэнгүй дээ. Цаас л “үйлдвэрлээд”, тунхаглаад, сайхан амлаад байгаа ч амьдрал дээр ажил явахгүй байна.Сөрөг хүчингүй, стандарт бус Засгийн газар 3.5 жил нэг иймэрхүү л ажиллалаа. Харин ардчилсан намынхан Засгийн газраас гарангуутаа л хамтран ажиллаж байгаагүй юм шиг аашилж, учир зүггүй өөрсдийн хийсэн ажлаа шүүмжлээд эхэллээ. Ард түмэнд бид юу ч ярьж болно, бидний хэлснээр л асуудлыг хүлээж авна гэж бодож байгаа бол эндүүрэл. Олон түмэн улс төрчдөөр заалгахгүй шүүн тунгаагаад дүгнэлтээ хий ж байгаа. Ер нь монголчууд хэлсэндээ хүрдэггүй, замын дундаас буцаж, бусдад буруугаа тохох гэж оролддог нөхдүүдийг яасан ч жудаггүй, хуншгүй юм бэ гээд нүүр буруулдаг талтай шүү.

-Таны сүүлийн үед хэвлэлд өгсөн ярилцлагуудыг харахад стандарт бус Засгийн газар стандарт бус хэлбэрээр задарч байна гэж байр суурь илэрхийлсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тухайн үеийн намын дарга, Ерөнхий сайд С.Баяр л өөрөө стандарт бус Засгийн газар гэж тодорхойлсон . Хуульч хүн болохоор тулгуур хуулийн заалттай харшилж байна гэж үзэн ингэж нэрийдсэн байлгүй. Миний хувьд тухайн үед хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжихгүй, энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна, зарчим алдагдвал замбараагүй зүйлд хүргэнэ гэж байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Бага хурал дээр эсэргүүцэж шүүмжилсэн цөөхөн хэдэн гишүүний нэг нь.Стандарт бус Засгийн газар байгуулах санал гаргах үед дэлхий нийтийн чиг хандлагыг нэлээд судалсан. Дэлхий дахинд хамтарч засгаа байгуулсан улс орнууд цөөнгүй. Гэхдээ манайх шиг үнэмлэхүй ялалт байгуулсан нам нь сөрөг хүчин болсон улс төрийн хүчинд санал тавьж засгаа байгуулсан жишиг байдаггүй юм билээ. Харин улс төрийн намууд нь сонгуулиар ойролцоо санал авсан эсвэл дангаараа засгаа бүрдүүлэх боломжгүй үед хамтардаг.Хоёр том нам нь хамтарч засгаа барьсан түүх Африкт л байдаг.Тэд сонгуульд орохоосоо өмнө улс орны эрх ашгийн төлөө хамтарна гэдгээ мэдэгддэг. Яагаад гэвэл Африк тивд дайны байдалтай, үймээн самуун ихтэй, хямралтай олон орнууд байдаг учраас хамтрахыг чухалчилдаг биз. Тухайлбал, одоогийн байдлаар Зааны Ясан эрэг, Зимбабе зэрэг орнууд хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ тивийн улс орнуудын хөгжил ямархуу түвшинд байгаа билээ дээ. Бид тэндээс үлгэр дууриал авах шаардлагагүй.

-Манай одоогийн байгаа эрх зүйн орчноор Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдын мэдлийн асуудал юм биш үү?

-Засгийн эрхийг авахын төлөө улс төрийн намууд сонгуульд оролцож өрсөлддөг. Аль нэг нам нь ялна. Ялсан намын дарга нь Засгийн газрын тэргүүн болно. Тэгээд Засгийн газрын тэргүүн нь кабинетаа бүрдүүлдэг. Парламентад олонх болсон намын дарга нь Засгийн газрын танхимаа хаанаас ч хамаагүй, ямарч намын гишүүнийг оролцуулан бүрдүүлдэггүй л биз дээ. Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ сонгуульд олонхи болсон намынхаа гишүүдээс сонгож нэрийг нь дэвшүүлдэг. Үүнтэй ямар ч хүн маргахгүй. Дэлхий нийтэд тогтсон жишиг.-Ажлаа хурдан явуулах гэж сөрөг хүчингүй Засгийн газар байгуулсан байх аа?-Ажлаа хурдан явуулах гэхээсээ илүү долдугаар сарын 1 –ний үймээнээс үүсэх асуудлыг намжаах, Оюу толгойн ордыг олигархиудад ашигтай шийдэх гэж л хамтарсан юм биш үү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж л ярьж бичих юм байна шүү дээ.Сөрөг хүчин бурууд нүд хурц байж, хазгай гишгэвэл хэлж засч залруулан, ажлыг урагшлуулах, сайжруулахын төлөө ажиллах үүрэгтэй. Түүнээс бид сөрөг хүчин гээд байсхийгээд л ямар ч асуудал байсан завсарлага авч уяад, бул хар чулуу болж замд тээглээд ажил явуулахгүй бол нэр хүнд нь л унана. Ер нь хамтарлаа гээд ажил урагштай явдаггүй, үсрэнгүй хөгжчихдөггүйг цаг хугацаа харууллаа. Харин ч хяналтгүй болохоор бүр дордуулдаг юм байна.

-Стандарт бус Засгийн газар 3.5 жилийн хугацаанд ажиллалаа. Ийм Засгийн газартай байснаар Монголын ард түмэнд хохиролтой зүйл байв уу?

-Сөрөг хүчин байхгүй учраас аливаа асуудал зөв ч бай, буруу ч бай хоёр намын дарга нар ярилцсан, тохиролцсон гээд шийдвэрлээд явдаг байсан.Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр гишүүд нь хамтарч ажиллаад ямар үр дүнд хүрэв гээд шүүмжлэлтай хандаж байсныг та бүхэн мэдэж байгаа.УИХ-ын гишүүн З.Энхболд намаасаа хамтарсан Засгийн газарт орж ажилласан сайд нарыг зогсоож байгаад гэрээний заалт бүрийг асуухад туйлын хариуцлагагүй хариулт өгч харагдсан. Ардчилсан намын бүлэг ч өнгөрсөн онд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийгээд хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн.Хамтарч ажилласан хугацаандаа хийсэн хамгийн том ажлаа Оюутолгой гэж хэлээд байгаа. Гэтэл Оюутолгойн гэрээний зэс нь хэдийнээ цухуйгаад эхэлсэн. Дэлхийн хэмжээний том орд газарт уурхай босгож байгаа ч ойр орчимд нь зам тавьсангүй, орон сууц барьсангүй, цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдсэнгүй . Хэдэн монгол гэр, камп барьчихаад хятад ажилчид олныг оруулж ирэн ажиллуулж байна. Ийм том ордтой атлаа Хан богд сум дизель станц асаагаад цахилгааны хэрэглээгээ хангаж байна. Ойролцоо нь нүүрсний нөөц ихтэй ордтой. Тэнд нь нүүрс шатаад л байж байдаг. Ёстой л алтан дээр суусан гуйлагчин гэдэг шиг бэлээхэн байгаа эрчим хүчний нүүрсээ ашиглаад цахилгаан үйлдвэрлэхийн оронд мотор асаагаад аргацааж байна шүү дээ. Оюу толгой ХХК нутгийн иргэдэд сар бүр 300 мянган төгрөг зүгээр өгдөг, магтсных нь хөлсөнд өгч байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж бичиж байна. Энэ нь залуучуудыг залхуу, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, ажил хийх сонирхолгүй болгож байгаа хэрэг.Уг нь хоёр нам хамтран ажиллах гэрээндээ шинэ эх үүсвэр бариад говийн бүсийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангана гэж зорилт дэвшүүлсэн. Энэ нь бас хэрэгжээгүй.Юун говийн бүсийн цахилгааны асуудлыг шийдэх байтугай Оюу толгой ХХК өмнөд хөршөөс эрчим хүч худалдан авч үйлдвэрлэлээ явуулах гэж байна шүү дээ.

-Тийм бол анхнаасаа яах гэж урилга явуулсан юм бэ. Х.Баттулга сайдаас эхлээд автороо булаацалдаад ажил явуулахгүй байна. Ажлаа явуулахын тулд Засгаас гарлаа. МАН-ынхан ч муу хүмүүс байна даа гэсэн агуулгатай зүйлийг хэлж байгаа?

-Би төмөр замын мэргэжлийн хүн биш атлаа байнга л асуудал тавьж, шахаж шаардаж, үгээ ч хэлсээр ирсэн. Хэзээ төмөр замаа барьж эхлэх юм бэ, хөрөнгийг нь хэрхэн шийдэв гээд л. Улсын төсөвт ЗТБХБЯ-д багагүй хөрөнгө хуваарилдаг юм. Түүнээсээ төмөр зам тавихад зориулж мөнгө хуваарилж байв уу, үгүй юу. Хэрэв бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг санаатайгаар зогсоосон бол учир шалтгааныг нь Тэргүүн шадар сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүсээс л асуух хэрэгтэй. Х. Баттулга ч байр сууриа тодорхой илэрхийлсэн байна лээ. Би тэр хүний өмнөөс тайлбар хийгээд байх хэрэг байхгүй байлгүй дээ.

-Сангийн сайд Хамтарсан Засгийн газарт ажиллаж Оюутолгой хэмээх түүхэндээ байгаагүй том төсөл батлуулснаараа бахархдаг гэж байсан. Энэ бүхэн С.Баярцогтын гай юу, гавъяа юу?

-Аливаа зүйлийг цаг хугацаа л харуулна. Оюутолгойн гэрээ хэлэлцээр сайн болоогүй, хөнгөн хуумгай хандсан гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. 34 хувиа эзэмшихийн тулд Монголчууд өндөр хүүтэй зээл авсан нь бодит үнэн. Олон жил яригдсан зүйлийг эхлүүлсэн гэдгээрээ гавъяа болж харагдуулах гэж хичээж байна. Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан 57 дугаар тогтоолыг ягштал барьж хэрэгжүүлэн гэрээг байгуулаагүй. Үнэхээр хангалтгүй байсан учир бидний хэдэн гишүүн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж Оюу толгойн гэрээг УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолтой нийцүүлж сайжруул гэсэн бичиг хүргүүлсэн. Гэвч сайжруулах байтугай хөрөнгө оруулагч талтай нийлээд мэдэгдэл хүртэл гаргасан даг. Ер нь УИХ-ын хэдэн гишүүн л шүүмжлээд байгаа ч юм биш. Эдийн засаг, уул уурхайн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд энэ гэрээг тааруу болсон гэдэг. Тэд гэрээг байгуулахаас өмнө саналаа олон удаа хүргүүлсэн ч тоогоогүй, хэлэлцээр хийхдээ тусгаагүй. Харин “Айвенхоу майнз” компанийн хувьцаа эзэмшигч Голдман Сакс банк гэрээг байгуулахад Монгол Улсын Засгийн газарт зөвлөхөөр ажилласан. Тэгэхээр гэрээ хийсэн сайдууд үндэсний мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохоосоо илүү Голдман Сакс банкны зөвлөхүүдийн зөвлөгөөг тусгаж авсан байх. Хувьцааг нь эзэмшдэг юм чинь хэний талд үйлчлэх нь угаасаа ойлгомжтой л доо.

-Та өөрөө Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан хүн. Өдөр тутам тулгамддаг асуудал бэрхшээлийг нь сайн мэдэх хүний нэг хэрнээ Засагт орж ажилласан хүмүүсийг болон Засгийн газраа шүүмжлэх нь яаж харагдах бол?

- Ер нь үнэхээр буруу зөрүү зүйлийг ч айж бэргээд эргэлзэж тээнэглэзээд байдаггүй шулуухан л хэлчихдэг. Бас өнгөтэй, өөдтэй зүйлийг нь харлуулах гэдэггүй, дэмжээд л явдаг. Ажил сайн явж байвал магтаалын үгээ ч харамладагүй.Харин сайд байсан гээд болохгүй зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч, ажил явахгүй байгааг харсаар байж зулгуйдан магтаж, дүр эсгэж чадахгүй. Хувийн эрх ашгийн үүднээс асуудалд ерөөсөө хандаагүй. Зарчим, хууль л ярьж байна. Парламентын засаглалтай улсууд хуулиа дээдэлдэг зарчимтай. Илэрхий хууль зөрчиж байгаатай эвлэрч бас чадахгүй ээ. Гурван ч удаа Засгийн газарт орж ажилласан хүний хувьд салбартаа юу хийх вэ, хүмүүсээ яаж удирдах вэ гэдгээс асуудал шалтгаалдаг гэдгийг сайн мэднэ. Үнэн үг сонсоход хэдий гашуун ч ажилд тустай гэдэг дээ. Аливаа зүйлийг хэлэхээр шүүмжиллээ, эсэргүү нөхөр гэж хардаг бололтой. Уг нь засч , сайжруулахын тулд хэлж, ярьдаг юм. Шүүмжлэл хүлээж авна гэдэг ажил сайжрахын нэг илрэл. Миний хэлж ярьж байгааг ажил сайжруулахын төлөө сэтгэл зовсон хүний үг гэж ойлговол илүү үнэнд ойртоно.

-Та өмнө нь эвслийн Засгийн газарт ажиллаж байсан биз дээ. Тэр үед ч гэсэн хамтарч засаг байгуулж байсан байх аа?

-Тэр үеийн нөхцөл байдлыг 2008 оны сонгуулийн дараахтай харьцуулахад эрс тэс ялгаатай. Тухайн үед хоёр том нам бараг адилхан шахуу санал авсан учир гарцаагүй бусад намуудтай эвсэхээс аргагүй байсан. Энэ чинь л нөгөө миний түрүүний яриад байсан олон улсад байдаг жишиг шүү дээ.

-МАН-ын дарга Хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилт 84 хувьтай гэж дүгнэсэн. Хэрэв тийм сайн байгаа юм бол намын гишүүд нь яагаад ингэж шүүмжлэл өрнүүлээд байгаа юм бэ?

- Цалин, хөлсийг гурав дахин нэмэгдүүлэх, Монгол Улсын айл өрх бүрийг эрчим хүчээр хангах гээд 65 заалттай энэ гэрээний хэд нь хэрэгжсэн гэдгийг уншиж үзээрэй. Түүнээс энэ гэрээний хэрэгжилтийг дүгнэх хүн нь ч би биш. Цагаан цаасан дээр ярайтал бичсэн гэрээний заалтууд амьдрал дээр хэрэгжсэнгүй гэж бодит байдлыг ярьж байна.

-Стандарт бус Засгийн газрыг байгуулах урилгыг Ардчилсан намд С.Баяр өгсөн. Харин одоо энэ Засгийн газрыг С.Батболд тэргүүлж байна. Ард түмний өмнө өгсөн амлалтыг биелүүлээгүйн хариуцлагыг хэн нь хүлээх вэ?

- Урилга гэхээсээ илүү манай намын зүгээс санал хүргүүлж, түүнийг нь АН-ын хэсэг нөхдүүд баяртайгаар хүлээн авсан гэж ойлгож байгаа. Ард түмний санал, сонголтыг бүдүүлгээр зөрчиж, олон түмэн болон намын гишүүд, дэмжигчдийн сэтгэлийг гонсойлгосон нь С.Баярын хариуцлагагүй ажил мөнөөс мөн. Үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Түүний ажлыг залгамжилж авсан С.Батболдод ч хамаатай.

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа бага байгаа . МАН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаа Тэргүүн шадар сайдаар томилох гэсэн ч АН-ынхан хүчтэй эсэргүүцсэн. Намын генсек нь С.Баяр болно гэсэн яриа гарсан?

-Төрийн данхайсан бүтцийг цомхотгож орон тоог цөөрүүлж хүнд сурталыг багасгах дорвитой өөрчлөлт хийхийг дэмждэг. Хамтарч засаг барих хугацаандаа ийм зоримог алхам ч хийсэнгүй, санаачлага ч гаргасангүй.Ардчилсан намынхан Засагт орохоороо Тэргүүн шадар сайдын суудал байж болдог, гарахаар байж болохгүй гэж зүтгэсэн нь хэтэрхий явцуурч байгаагийн илрэл. Шулуухан хэлэхэд, шадар сайдын албыг ихэрлүүлж, хоёр дэд сайдтай болгосон нь өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг дуугай байлгах арга нь байж дээ.

-МАН, АН ирэх сонгуулийн дараа дахин хамтрах талаар ярилцах болсон гэсэн мэдээлэл гарч байгаа. Та үүнийг юу гэж хүлээж авч байна вэ?

-Хэд хэдэн хүний амнаас цаашдаа ч хамтарч болно шүү дээ гэсэн үг гарч байна лээ. Энэ бол хариуцлагагүй асуудал. Цаашдаа хамтраад байвал сонгууль явуулах шаардлагагүй. Сонгуулиар аль нэг нам нь Засгийн эрхийг авч, цөөнх болсон нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой. Үнэхээр иргэдээс авсан санал нь тэнцээд аль нэг нь дангаараа засгаа байгуулах боломжгүй бол дараагийн гарцыг хайхаас аргагүй л болох байх.

-Шинээр бүрдсэн Засгийн газрын ирээдүйг хэрхэн харж байна?

-Ажил хийе гэсэн хүнд зургаан сар гэдэг тийм ч бага хугацаа биш. Манай нам дангаараа Засгийн газраа бүрдүүллээ. Шинэ сайд нарын хувьд ажилтайгаа танилцах хугацаа шаардлагатай болж байх шиг байна. Ерөнхий сайд давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг, тиймээс дахиж мөрийн хөтөлбөр гаргалгүй Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, харин Ардчилсан намынхан дэмжинэ гэж найдаж байна хэмээн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тиймээс Засгийн газрыг сайн, муу гэхээс илүү ажил хэрэгч, шуурхай ажиллах талаас нь шахаж шаардсан нь дээр гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.