"Баянхонгор аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний “Ажилсаг” төв олон иргэдийг ажлын байраар хангаж байна"
Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар аймагтаа ЖДҮ-ийг хөгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад хүмүүсийг тогтмол ажлын байраар хангах боломжийг олгосонд тус аймгийн иргэд талархаж буйгаа илэрхийлж байв.
Ерөнхий сайд Баянхонгор аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний “Ажилсаг” төвтэй танилцлаа. Тус төвийг анх Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар санаачлан 2010 оноос эхэлж бүтээн байгуулж иржээ. Гэвч тус бүтээн байгуулалт нь 2013 оноос гацаанд орсон төслийн нэгд орж зогсонги байдалд орсонг 2016 оноос мөн л Г.Занданшатар нь төсөв хөрөнгийг нь шийдвэрлэж энэ оны нэгдүгээр сард нээлт хийж, үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээний “Ажилсаг” төвөөр дамжуулан ирээдүйтэй, ашиг олох, ажлын байр нэмэгдүүлэх, боломжит жижиг, дунд үйлдвэрийн төслийг бичих иргэдийг сургах, зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлдэг байна.
Ерөнхий сайдыг тус төвтэй танилцах үеэр Баянхонгор аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ахиц гарсан гэдгийг аймгийн удирдлагууд Монгол улсын ерөнхий сайдад танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 200 ААН бизнес эрхэлж иргэдийг ажлын байраар хангажээ.
Баянхонгор аймаг орон нутгийн төсвөөс энэ жил 960 сая төгрөгийн зээлийг бизнес эрхлэгчдэд олгосон нь ажлын байр нэмэгдэх боломжийг нээж өгчээ. Уг зээлээс санхүүжилт авч бизнес талх нарийн боов, бууз баншны бизнес эрхэлж байгаа иргэн Н.Тамжидмаагийн үйлдвэрлэлтэй ерөнхий сайд танилцсан юм. Тэрээр үйлдвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулсан нь тэднийг тогтмол орлоготой байх боломжийг бий болгосон байна. Аймгийн хэмжээнд 56 хөгжлийн бэрхшээлтэй иргэн “Ажилсаг” төвд хөдөлмөр эрхэлж байна.
Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор аймгийн засаг даргын тамгын газраас жилд 1 тэрбум төгрөгийг ААН иргэдэд хөнгөлөлттэй зээлийн шугамаар олгохоор төлөвлөжээ.
Энэ төвд цаашид 40 аж ахуйн нэгж бизнесийн гараагаа эхлэх боломжтой. Одоогоор мкв-ийн түрээсийн үнэ 5000-8000 төгрөг. Үүнийг цаашид салбарын яаманд нь хүлээлгэж өгөөд инкубатор төвөөр үйлчлүүлэгчдээс түрээс авахгүй байх зорилготой гэв. Үйл ажиллагаа жигдэрсний дараа 300 орчим ажлын байрыг бий болгох боломжтой юм байна.