Монголын сонгуулийн систем нь эмэгтэйчүүдэд ээлтэй байгаасай
ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, Доктор, Профессор Херта Дойвлер Гмелин нь Германы Социал Демократ намын гишүүн, Хуульч, Эрдэмтэн, Улс төрч эмэгтэй юм.
Тэрээр 1998-2000 онд ХБНГУ-ын Хууль зүйн сайдын алба хашиж байсан бөгөөд 1972-2009 онд Бундестагийн гишүүнээр ажиллаж байжээ.
Одоо Берлиний Их Сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Хүндэт профессор бөгөөд Олон улсын харилцаа, Хүний эрхийн чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Хатагтай Херта Дойвлер Гмелин Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэх мэт сэдвээр манай улсын эрдэмтэн судлаачид болон Хүний эрхийн байгууллагынхантай уулзаж, сургалт зохион байгуулж байсан.
Түүнийг “Фридрих Эйбертийн сан”-ийн урилгаар манай улсад ирж улс төрч эмэгтэйчүүдтэй уулзалт хийх үеэр “Германы улс төрд эмэгтэй улс төрчид хэрхэн амжилт гаргасан” талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
ХБНГУ-ын эмэгтэйчүүд улс төрийн оролцооныхоо төлөө маш шаргуу зүтгэсний дүнд Канцлерын сүүлийн гурван удаагийн сонгуулиар эмэгтэй хүн сонгогдох хэмжээний оролцоо, эрх зүйн механизмаа бүрдүүлж чадсан билээ. Энэ амжилтын нууц юу вэ?
Миний аав 1954-1974 оны хооронд Түбэнген хотын захирагч байсан Ханс Гмелин юм. Би Словакийн Бүгд Найрамдах улсад төрсөн. Түбэнгинг, Берлин хотод түүх, эдийн засаг, хууль, улс төрийн шинжлэх ухааныг судалсан. 1974 оноос эхлэн өмгөөлөгчөөр ажиллаж байгаад 1992 оноос хойш Берлиний чөлөөт их сургуульд хууль зүйн зөвлөгөө өгч, 1995 онд хүндэт профессороор томилогдсон.
Би 1965 онд Германы Социал Демократ Намд элсэж, 1972 онд Бундестагийн гишүүн болсон. Тухайн үед Социал Демократ нам болон Коммунист нам гэсэн 2 том нам Германы төрийн эрхийг ээлжлэн барьж байсан.
Германы эмэгтэйчүүд улс төрд оролцох, сонгогдохын тулд олон жил хичээн зүтгэсэн
Германы эмэгтэйчүүд улс төрд оролцох, сонгогдохын тулд олон жил хичээн зүтгэж, жагсаал, цуглаан зохион байгуулдаг байсан. Тэр үед улс төр хёр том намын аль нэг нь эмэгтэйчүүдэд ээлтэй шийдвэр гаргавал тэр шийдвэрийг нөгөө нам нь адилхан хийж, үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд ордог байсан. Учир нь нөгөө нам чинь ийм шийдвэр гаргасан байхад яагаад ижил түвшинд хийж хэрэгжүүлэхгүй байна вэ? гэж эмэгтэйчүүд маш ихэд шахаж шаарддаг байсан.
Ингэснээр Герман улсад эмэгтэйчүүдийн оролцооны эрх зүйн механизм сайжирсан гэж хэлж болно. Энэ нь зөвхөн Холбооны түвшинд хэрэгжээд зогсохгүй шат шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог зааж өгсөн учраас Германы улс төрийн өөрчлөлтөнд асар их нөлөө үзүүлж чадсан.
Херта Дойвлер Гмелин ХБНГУ-ын Бундестагийн гишүүний хамт
Өөрийн нүдээр харсан нэгэн жишээг хэлье:
Миний Бундестагт нэр дэвшиж сонгогдсон нэгэн жижиг сайхан хот бий. Тэр хотод нэхмэлийн том үйлдвэр байсан. Тэнд олон эмэгтэйчүүд ажилладаг. Энэ үйлдвэрээ түшиглээд тухайн хотын хөгжил ч сайн байсан. Хүмүүсийн амжиргаа ч бусад хотуудаасаа боломжийн өндөр хэмжээнд байсан. Тухайн үед Бундестагийн гишүүдийн олонхи нь эрэгтэйчүүд байсан учраас гарч байгаа шийдвэр нь амьдралын нэн шаардлагатай хэрэгцээ гэхээс илүү амралтаа өнгөрүүлэх газар, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудал байдаг байсан. Гэтэл нэхмэлийн үйлдвэрийн ажил эхлэх болон тарах цаг хүүхдийн цэцэрлэг сургуулийн эхлэх болон тарах цагтай хэрхэн зохицож байгаа эсэхийг хэн ч олж хараагүй. Нэхмэлийн үйлдьэрт ажиллаж байгаа хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд, ээжүүд байсан. Тэд өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд ажилруугаа явах хэрэгтэй. Орой ажлаа тараад хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь авах боломжтой. Гэтэл энэ хоёр цаг давхцаж байна уу үгүй гэдгийг Бундестагийн эрэгтэй гишүүд анзаарч байгаагүй. Мөн хүүхдийн цэцэрлэг, сургуулийн төлбөрийн асуудал, сургууль цэцэрлэг дээрээ ямар хоол идэж ууж байгаа зэргийг ч анзаарч байгаагүй. Нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэх цаг эмэгтэйчүүдэд ээлтэй болгож, сайжруулах талаар хэн ч анзаараагүй.
Харин эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн квотыг нэмэгдүүлсэнээр шат шатны парламентад эмэгтэйчүүд орж ирсэнээр орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хийх ажил өөрчлөгдсөн. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцсоноор хүний амьдралд нэн чухал асуудал юу байгааг анзаарч хардаг болж, ээлтэй шийдвэрүүд гарч эхэлсэн.
Эмэгтэйчүүд сонгогдож, шийдвэр гаргах түвшинд оролцсоноор эрэгтэйчүүдээс илүү нийгэм, иргэдийн амьдралд хэрэгтэй чухал шийдвэрүүд гарч чадна гэж та үзэж байна уу?
Эрэгтэй улс төрч муу, эмэгтэй улс төрч хамгийн сайн гэж хэлж байгаа зүйл огт биш. Эмэгтэй хүний ертөнцийг үзэх үзэл нь өөр, амьдралаас хэрэгтэй байгаа зүйлийг нарийн олж харах төрөлхийн чадвартай. Мөн ээж, эзэгтэй хүний хувьд энгийн иргэдийн амьдралд хэрэгтэй байгаа шийдвэрүүдийг өөрийн биеэр мэдэрсэн, олж харсан байдагт л онцлог, давуу тал байгаа юм.
Эмэгтэйчүүд өнөөдрийг байгаагаар нь бус үүнээс илүү сайн сайхан болгохын тулд хичээдэг. Тиймээс эмэгтэйчүүдийн энэ давуу талыг улс төрд ашиглах ёстой. Бид ч энд ийм л учир шалтгаанаар уулзаж байгаа юм.
Та манай улсад энэ удаа ямар зорилготой ирсэн бэ?
Энэ удаад Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны урилгаар “Фридрих Эйбертийн сан”-аар дамжуулан дахин Монголд ирээд байна. Парламентад олонхи суудал авсан МАН-ын шат шатны удирдлагад сонгуульт ажил хийж байгаа олон эмэгтэйчүүдтэй уулзлаа.
Тэдний дунд олон залуу эмэгтэйчүүд улс төрд орж ирсэн, төрийн алба хашиж байгааг хараад туйлын баяртай байна. Энэ бол Монголын нийгэмд түрүүн миний хэлсэн эмэгтэйчүүдийн оролцоо өсөж байгааг тод харуулаад зогсохгүй шийдвэр гаргалтанд сайн нөлөө үзүүлнэ гэж би итгэж байна.
Монгол эмэгтэйчүүд улс төр дэх оролцоогоо нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдал гэж сүүлийн 20 шахам жил ярьж байна. Өнөөдөр парламентын түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн дараагийн алхам юу байх ёстой вэ?
Улс төрд эмэгтэйчүүд оролцох нь чухал гэдэг нь ойлгомжтой. Харин тэд маш өндөр боловсролтой, соёлтой, хариуцлагатай, тууштай байх ёстой. Түүнээс гадна багаар ажиллах чадвартай байх ёстой. Бусад эмэгтэйчүүдтэйгээ сүлжээнд ажиллах чадвартай бол.
Би Монголд ирэх бүртээ олон сайн, чадварлаг эмэгтэйчүүдтэй танилцсан. Монголын улс төрд эмэгтэйчүүд оролцож чадахгүй байх, урагшаа ахихгүй байх вий гэсэн болгоомжлол огт харагдахгүй байна. Монгол эмэгтэйчүүд дараагийн шатанд гарч чадна гэж итгэлтэй хэлмээр байна.
Монголын сонгуулийн систем нь эмэгтэйчүүдэд ээлтэй байгаасай
Миний хүсч байгаа нэг зүйл бол Монголын сонгуулийн систем нь эмэгтэйчүүдэд ээлтэй байгаасай. Франц улсад пропорциональ буюу намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшдэг. Энэ жагсаалтад байгаа нийт нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй хүн байна гэж хуульчилсан. Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжие л гэж байгаа бол Монголын шат шатны сонгууль дээрх жишээтэй адил жагсаалтаар сонголт хийх эрх зүйн орчин бүрдэх хэрэгтэй.
Харин уламжлалт буюу можаритар системээр сонгуулиа явуулна гэвэл Улс төрийн намуудын хууль болон Сонгуулийн тухай хуулиндаа тойрогт нэр дэвшүүлж байгаа хүмүүсийн 50 хүртэлх хувь нь эмэгтэй байхаар тусгах хэрэгтэй.
Эмэгтэй хүн улс төр ба төрийн албанд ажиллахдаа хувь хүний хувьд ямар зарчим баримтлах ёстой вэ?
Би улс төрд маш сонирхолтой, дуртай. Одоо ч энэ чиглэлээрээ идэвхтэй ажиллаж, миний тусламж хэрэгтэй хүмүүс надтай холбоо барьж уулздаг. Би ХБНГУ-ын Социал демократ намын дэд даргын албыг хашиж байсан. Маш их ажилтай байсан. Тухайн үед над шиг мэргэжил ур чадвар эзэмшсэн хүн намд хэрэгтэй байсан. Тиймээс би улс төрийн ажилд идэвхтэй амьдарсаар ирсэн.
Миний ажил амьдралаасаа хуримтлуулсан болон олж харсан зүйл бол: Хүн аливаа хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ дуртай байх хэрэгтэй. Хүмүүстэй холбоо харилцаатай байх нь маш чухал. Хамгийн гол нь хэлж байгаа зүйлээ ойлгомжтой ярих хэрэгтэй. Дандаа бүх хүнд таалагддаг зүйл ярьдаг улс төрч гэж байхгүй. Хүмүүст таалагдахгүй зүйл ярьж байгаа ч гэсэн тэдэнд ойлгомжтой байдлаар ярих хэрэгтэй. Энэ бол улс төрч болон олон нийт, төрийн алба хашиж байгаа ямар ч хүнд эзэмших хэрэгтэй хамгийн чухал чанар гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа
Баярлалаа