Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг хэлэлцэв
2018.04.18

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг хэлэлцэв

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  хуралдаан /2018.04.18/ боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай иргэнээс гаргасан маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хэлэлцсэн байна.

2018 оны дөрөвдүгээр сарын  06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн дээрх хуралд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон Ч.Дондогмаа Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд байлцсан юм

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Д.Ганболд, Л.Болд, Ж.Батзандан, С.Бямбацогт нар байр сууриа илэрхийллээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Ингээд ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлтийг гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нарыг ажиллуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.