Хууль гарсан нь хүлээгдэж байсан асуудлын нэг. Энэ бол нэг талдаа сайн. Яагаад гэхээр олон зуун км зам тавьж, өчнөөн гүүр барьдаг. Үүнийг ашиглагч байгууллага дангаараа хариуцахад хэцүү. Хөдөө орон нутагт нэг аймгийн газар нутгийг хөндлөн гарахад 300-400 км байдаг. Энэ замыг аймгийн төв дээр байгаа хүмүүс өдөр бүр үзэж, харж чадахгүй. Тэгэхээр замаа хэсэгчилж аваад сум, сум хариуцаад ажиллах хүч, ажлын байраар хангаад явахад болно. Хуулинд энэ талаар тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын туслан гүйцэтгэгч гэсэн үг.
Энэ асуудлыг тодорхой болгож өгсөн нь сайн. Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна гэж тодорхой заасан.
Үүнийг мөрдөх хэрэгтэй байна. Жишээлбэл, Нийслэл хотод зам барья, барьсан замаа өргөтгөе гэхээр газар байхгүй том асуудал үүсэж байгаа. Хуулийнхаа хүрээнд энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
Өнөөдрийн нөхцөлд бараг зам дээр нь байшин бариад байна шүү лээ. Одоо хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаараад, дагалдаж гарах журмаа гаргах хэрэгтэй..
Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байхаар тусгасан. Энэ нь чанартай зам барихад тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
Гэхдээ чанар, хариуцлага дээр ярих юм их бий. Агуу сэтгэгч Кант: “Чанар бол идэвхи, чармайлт юм” гэж хэлсэн. Ямар ч ажлыг хийхэд идэвхи, чармайлттай, ёс журмын дагуу яв л гэсэн үг ш дээ.
Сайны хажуугаар саар зүйл байна. Сайхан чанартай баригдсан зам их бий. Гэхдээ ихэвчлэн замын зурагт алдаа гардаг. Үүнийг хүн санаатай хийж байгаа юм биш. Мэдэхгүй учраас алдаа гаргаад нөгөө чанарын асуудал яригддаг. Харин туршлагатай хүмүүст ажил даалгаснаар залуучууд дагалдаад, туршлагажаад дараагийн боловсон хүчин бэлтгэгддэг. Энэ манайд дутагдалтай байгаа.
Өнөөдрийн Тендерийн хуулиар туршлагатай нэг хүн, туршлагагүй хоёр хүн өрсөлдөөд бага үнэ хэлсэн нь тендер авч байна. Үр дүн нь ямар гарах нь тодорхой шүү дээ.
Хариуцлагын тогтолцоо сайжирч байж, чанар сайжирна. Энэ талаар хуулинд тодорхой заалт орсон уу?
Барилгын хуулинд зохиогчийн хариуцлагын талаар тодорхой заасан байдаг. Үүнийг замын хуульд тусгамаар санагддаг. Яагаад үүнийг хэлж байна вэ? гэхээр зам, гүүр өөрөө барилга байгууламж. Бүх төрлийн инженерийн хийцтэй объектийг барилга байгууламжд тооцно гэсэн тодоройлолт байгаа. Нэг талдаа барилгын хуулиндаа уялдаж ажиллах хэрэгтэй. Замын хууль гарчихлаа гээд хаяж болохгүй. Барилгачид, замчид ялгаагүй бетон хэрэглэж байна. Стандарт норм байгаа.
Хамгийн бага үнэтэй тендерийг хамгийн сайн тендер гэнэ гээд хуульчилж болохгүй.
Саяхан баахан тендер зараллаа. Зургийн байгууллага, гүйцэтгэгч хоёр хамтарч тендерт оролцож байна.Та хоёр хуйвалдаад ороод ир гэсэнтэй яг адилхан. Тэр төсөвт нь таарсан зурагтай орж ир л гэсэн үг. Ингээд л болохоо байж байна.
Гүүр барих өртөгийн талд нь ч хангалтгүй төсөв тавьчихсан байна. Дахиад энэ үнийг багасгаад “би гүүр баринаа” гээд нэг байгууллагууд орж ирдэг. Тэгэхээр хариуцлагын тогтолцоог салбарын хэмжээнд авдаг арга хэмжээ маш тодорхой байх хэрэгтэй. Одоо ЖУРАМ гарч ирэх ёстой.
Чанартай юм хийе гэвэл эзэнтэй байх хэрэгтэй. Яам эзний сэтгэлээр хандаж чадахгүй байна. Яаманд үнэ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн зайлшгүй байх хэрэгтэй, өнөөдөр ийм хүн алга. Энэ мэргэжилтэн замын асуудалтай холбоотой судалгаа, шинжилгээ гаргаж, үнийн асуудалд анхаарал хандуулдаг. Төсөвт хэдэн төгрөг суулгавал хэдийн хэмжээний зам, гүүр баригдаж, засварлах талаар тооцоо, судалгаа гаргаж ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал амьдралд ойр төсөв гарна шүү дээ. Бас техник, технологио хариуцдаг мэргэжилтэн дутагдалтай байна.
Улсын төсвийг зөв зүйлд зарцуулах ёстой. Яам тендер зарлалаа, нэг хүнд өглөө. Хүлээж авлаа.Дараа нь удирдлагууд солигдоод л явчихдаг. Ингэж болохгүй ээ. Тохирсон төсвөөр,сайн гүйцэтгэгч нар, чанартай ажил хийж чадна.
Манайхан ямар ч нарийн ажлыг хийнэ дээ.
Итгэл өгөөд хөрөнгө мөнгийн шийдээд ажил өгвөл хүн хөгжинө. Тэр хүн чинь судална, эрэл хайгуул хийнэ. Бүтээж л таараа. Нэг талдаа шахаж байгаа боловч нөгөө талдаа хүнээ хөгжүүлнэ. Мөнгө нь байвал хаанаас ч техник худалдаад авна ш дээ. Харин хүнээ бэлдэх хэрэгтэй.
Ер нь гадны ажиллах хүчин оруулж ирэхдээ салбар салбараар нь хүний тоог маш тодорхой зааж хуульчлах хэрэгтэй.
Жишээ нь Казахстан улс барилга,байгууламжийг зөвхөн Казахстаны компани гүйцэтгэнэ, гадаадын өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг авч ажиллуулж болно гээд хуулиндаа заачихсан байдаг. Гадны туршлагыг бид яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Манай салбараас олон залуучууд гадаадад сурч байна. Ирэхээр нь хүлээж авах эзэн байдаггүй. Манай улсад эзэн хэрэгтэй байна.
Нийслэлд гүүрэн зам барих зайлшгүй шаардлагатай.
Гүүрэн зам барихад тулгарч байгаа нэг хүндрэл бол газрын асуудал. Замын хуультайгаа уялдаж ГАЗРЫН асуудлаа шийдэх хэрэгтэй.