ЗТХ-ийн сайд “Миат” ТӨХК-тай холбоотой асуудлуудад Т.Тамираас тодруулга авлаа
Т.Тамирийн хувьд уг асуудал захиалгатай мэдээлэл, манай компани 2017 онд түүхэндээ анх удаа 59-н тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Яригдаад байгаа гэрээ, санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар Үндэсний аудитийн газраас өчигдөр шалгалт орсон. Санхүүгийн аудитыг хөндлөнгийн аудит хийж байгаа гэсэн тайлбарыг өглөө.
Тэрээр “Air Lease Corporation”-тай хийсэн гэрээний хувьд “2011 оны 9 дүгээр сард 3-н онгоц түрээслээд 2013 онд буцааж өгсөн. Тус компани дээрх онгоцоо “AerSale” компани руу шилжүүлсэн учир үүний дараа бид энэ компанитай нэмж 3 жилийн гэрээ хийсэн.
Гэвч “AerSale” компаниас ирүүлсэн хөдөлгүүр нь хүлээж авч, ашиглах боломжгүй байсан учир буцаасан. Уг нь гэрээнд бүх эд анги нь бүрэн байна гэж заасан. Гэвч онгоц цахилгаан монтажгүй, хөдөлгүүр нь ашиглах боломжгүй ирсэн. 10 циклтэй буцааж өгнө гэсэн гэрээтэй ч бид 4 циклтэй буцааж өгсөн.
Тус компани онгоцоо хүлээж авчихаад хэсэг хугацааны дараа онгоц хүлээж авахад шаардлага хангахгүй байна гэсэн мэдээ ирүүлсэн. Үүний алданги 5.7 сая доллар гэсэн нэхэмжлэл ирүүлсэн ч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги тооцоод 9 сая долларт хүрсэн. Зөвлөх компаний санал болгосноор бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг хийлээ.