Ж.Сүхбаатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт зөөлөн хандах шалтгаан байхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аар батлаад удаагүй байна. Уг хуулийг хэрэгжүүлэх ажил ид эхлээд байгаа юм. Гэвч УИХ-ын хаалттай хуралдаанаар яаравчлан хэлэлцсэн уг хууль бас л цоорхойтой гарчээ. Энэ талаар УИХ-ын хуульч гишүүдийн нэг Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Өршөөл үзүүлэх хууль УИХ-аар батлагдаад хэрэгжиж эхэлж байна. Хуулийг хаалттай хэлэлцсэн тул агуулга нь олон нийтэд тийм ч хүртээлтэй хүрч чадаагүй. Хуулийн агуулгын талаар таны байр суурийг сонсъё?
-Өршөөж уучлах ёс аль ч төрт ёсны уламжлалд байдаг. Төрийн энэрэнгүй бодлогын хүрээнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг гаргасан. Энэ бол юуны өмнө өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор хорих ял шийтгүүлсэн, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа нь дуусаагүй байсан хүмүүстэй холбоотойгоор нэлээд эртнээс яригдаж байсан хууль. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуулийг санаачилж оруулж ирсэн. Ингэж оруулж ирэхдээ долдугаар сарын 1-ний явдалтай холбоотой ял шийтгүүлсэн болон мөрдөгдөж байсан хүмүүсийн хүрээнд биш урьд өмнө Монгол төрөөс үзүүлж, уламжилж ирсэн өршөөлийн бодлоготой холбоотойгоор тодорхой хязгаарлалтуудыг хуулиар тавьж өгөөд нэлээд өргөн хүрээтэй болгож оруулж ирсэн.
-Ямар ялтай хүмүүст энэ хуулийг хэрэглэхгүй хаахаар заасан бэ?
-Цаазаар авахуулах ял шийтгүүлсэн хэрэгтний ял хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гурав болон түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, урьд нь санаатай хэрэг үйлдэж ял эдэлж байсан этгээд эрүүгийн хуулийн 78-д заасан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж дахин хорих ялаар шийтгүүлсэн бол энэ хуульд хамааруулахгүй байхаар хязгаарлалт тавьж өгсөн. Бусад тохиолдолд үлдсэн ялыг нь өршөөж хэлтрүүлэх, үлдсэн хугацааг тодорхой хугацаагаар багасгах, тодорхой хэргүүдийг хэрэгсэхгүй болгох хэлбэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг гаргасан.
-Өршөөлд хамрагдаж чадаагүй зарим хүн төрөөс хоригдлуудад ялгавартай хандлаа гэж бослого үймээн гаргасан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Зарим онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд өршөөлд хамрагдах ёстой байсан гэж гомдол санал гаргаж байгаа. Зарим нь хуулиар далимдуулж ял, хариуцлага завшиж, түүгээрээ нийгэмд өрнөж байгаа шударга ёсны төлөөх тэмцлийг сааруулсан явдал болж байна гэсэн шүүмжлэл ч гарч байгаа.
-Хуулийг хэрэгжүүлэхэд болгоомжлох зүйл байна уу?
-Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх явцад тодорхой гэмт хэрэг үйлдсэн зарим этгээд сугарч гарах тохиолдол байдаг. Урьд нь ч тийм шүүмжлэл гарч байсан. Одоо ч албан тушаалын зарим гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамаарахаар болж байгаа нь яах аргагүй шүүмжлэлтэй хандах төдийгүй Өршөөлийн хуулийн утга, агуулга, санаа, ач холбогдлыг сулруулсан явдал болж байна. Эрүүгийн эрх зүйн нэг зарчим байдаг. Эрүүгийн гэмт хэрэгт ял хариуцлага гарцаагүй байх зарчим үйлчилдэг. Хариуцлага гарцаагүй байна гэдэг нь тодорхой гэмт хэрэгт тодорхой ялын бодлого оногдуулж хатуу бодлого баримталснаар бусад этгээдийг тийм гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, тийм үйлдэл хийвэл хатуу ял эдэлнэ, ямар нэг хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй шүү гэсэн анхааруулга болж өгдөг.
-Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завшсанаар ямар хор хохирол учирч болох вэ?
-Эрүүгийн хуульд хээл хахууль авах, өгөх, зуучлах, албан тушаалын гэмт хэрэг гээд тус тусад нь зүйл-чилдэг. Зарим хүн эдгээрийг андуурдаг. Авлига бол хээл хахууль гэж ойлгодог. Гэтэл авлига бол хээл хахуулиас өргөн ойлголт. Төрийн эрх мэдэл, албан тушаалын эрх мэдлийг хортойгоор ашигласан бүх төрлийн үйлдэл, хөнгөлөлт, амлалт, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа байдал зэрэг орно. Хээл хахууль бол нэг төрөл нь. Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг арга хэмжээ нь шударга ёсны төлөөх үйл ажиллагаа. Бид 1995 оноос авлигын асуудлаар нэлээд ярьж эхэлсэн. Авлигын талаарх Монголын индекс зогсолтгүй муудаж байгаа. Ийм үед авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдоод явж байгаа хүнийг өршөөвөл тэр чиглэлд явж байгаа үйл ажиллагаанд том цохилт болно. Өнөөдөр Авлигатай тэмцэх газрыг маш сайн ажиллаж байна гэж хэлж чадахгүй ч авлигатай тэмцэх ажил нь олон нийтийн гэхээсээ тодорхой албан тушаалтан, тодорхой бүлэг хүмүүс, тодорхой сонирхлын эсэргүүцэлтэй тулгардаг. Авлигатай шударга тэмцэж байгаа жирийн мөрдөн байцаагч, шүүгч нарын хүч чадал дээр тулгуурладаг. Тэд эдийн засаг, нийгмийн тодорхой дарамт амсдаг. Зарим хүнд өршөөл үзүүлснээр тэр жирийн албан хаагчдын хичээл зүтгэлийг талаар болговол цаашдаа албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцлийг мохоож болох юм. Цаашдаа авлигын хэрэгтнүүд хууль ёсны замаар өршөөгдөж ял хэлтэрдэг жишиг тогтвол шударга ёсны үнэлэмжид цохилт өгч байгаа хэрэг болно. Одоо бол бид авлига, албан тушаалын гэмт хэрэгт зөөлөн хандах ямар нэг шалтгаан, учир холбогдол байхгүй. Цаг хугацаа талаасаа ч тийм байна. Дор хаяж ойрын 10 жилд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцлээ нэмэх ёстой. Авлигыг тэвчиж болох уур амьсгалыг нийгэмд бүр-дүүлэх ёсгүй. Шударга албан хаагчид авлигын эсрэг тэмцлээсээ няцаж болохгүй. Өршөөлийн нөгөө талд хохирогчдын эрхийн асуудал ч хөндөгдөнө. Хуулийг нэг мөр бүгд алга ташиж хүлээж авахгүй ньойлгомжтой.