2009.01.06

Ж.Сүхбаатар: Төрийн албыг намаас салгах зарчмаас ухарч болохгүй

Төрийн албаны тухай хуульд шинээр орсон заалт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж байна. Энэ заалтын агуулга, ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодрууллаа.

-Төрийн албаны хуульд нэмэлтээр орсон заалт хэрэгжиж эхэллээ. Гэвч тодорхойгүй зүйл их байх шиг байна. Хүмүүс ч нэгдсэн ойлголттой болоогүй байна. Энэ заалтын гол ач холбогдол юу вэ?

-Миний бие Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажиллаж байсны хувьд хэлэхэд, энэ заалт Монголын төрийн албаны түүхэнд дэвшил болох учиртай. Анх 1990 онд улстөрийн нам төрийн ажлыг удирдах явдал дуусгавар болж байсан ч тухайн үедээ зарим нэг гол зарчмыг орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн албан дахь түшмэд, албан хаагчид зөвхон нийтийн сонирхолд захирагдаж ажиллах тухай асуудал жинхэнэ утгаараа хуульчлагдаагүй үлдсэн байсан. Монгол Улсын иргэн хэн боловч намын үзэл бодлоос шалтгаалахгүйгээр төрийн албанд орж ажиллах эрх нээлттэй байх ёстой. Үүнд л гол ач холбогдол нь байгаа юм.

-Гэхдээ төрийн албанаас түдгэлзлээ гээд хүний үзэл бодлыг өөрчилж чадахгүй болохоор энэ ажил үр дүнгээ өгөхгүй мэтээр ярих хүмүүс байна?

-Энэ заалтаар төрийн тусгай, захиргааны, үйлчилгээний албан хаагч бүгд намын гишүүнчлэлээс түдгэлзэхээр байгаа. Энэ нь намын гишүүнээс бүрмөсөн татгалзаж байгаа хэрэг биш боловч түдгэлзсэнээрээ тухайн албан хаагч намдаа сонгох, сонгогдох эрхээр хязгаарлагдаж байгаа юм. Ингэж сонгуульт ажил хийхгүй болохоор намын өмнө ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй. Нэг ёсондоо намтайгаа шууд шүтэлцээнд орохгүй болчхоор хэдийгээр улстөрийн үзэл бодлоо хадгалж үзэх нь тухайн хүний хэрэг боловч ажил албандаа үүнийгээ гаргаж чадахаа болих юм. Төрийн албанд орохдоо ч бас аль нэг намын гишүүн гэдгээрээ түлхээс болгож эсвэл хойш татагдах шалтгаан болохгүй болно гэсэн үг. Өнөөдөр намын гишүүнчлэл харж ажилд авах явдал түгээмэл байна шүү дээ.

-Төрийн албан хаагчдыг намаас гаргаснаар чадвартай боловсон хүчин дутагдаж намын хүчин чадал суларч байна гэж зарим улстөрч ярьж байна. Энэ талаар Та юу хэлэх вэ?

- Улстөрийн албан тушаал гэсэн ангилал хэвээр үлдсэн шүү дээ. Тухайн нам гол гол албан тушаалууд дээрээ өөрийнхөө түлхүүр болох хүмүүсийг тавиад бусад хүмүүсийг удирдуулж ажллпаа явуулах нь нээлттэй. Намын "мэргэжлийн" боловсон хүчин гэх ойлголт олон улсад бий. Ер нь гишүүнчлэлээс түдгэлзэж байгаа нь нийгмээс хүлээж байгаа тухайн намыг дэмждэг хүмүүсээс татгалзаж байгаа явдал биш. Төрийн албан хаагчид намаа дэмжих өөр арга зам байж болно. Тухайлбал, ТББ-тай хамтарч ажиллах, иргэний нийгмийн бусад бүлгүүдтэй үзэл бодлоо солилцох замаар тэдний дэмжлэгийг авдаг үзэл бодлын томоохон шинэчлэл ирж байна гэсэн үг. Төрийн алба дотроосоо тунгалагшина гэдэг нэг дор хийчих ажил биш. Энэ хуулийн ач холбогдол магадгүй дөрөв, таван жилийн дараа гарах байх.

-Хуульд зааснаар төрийн алба хааж буй хүмүүс 30 хоногийн дотор саналаа ирүүлэх ёстой, Эхнээсээ өргөдлөө өгч байгаа байх. Хүмүүс ер нь ямархуу хандлагатай байна вэ?

-Хувь хүний сонголт шүү дээ. Тийм болохоор ямар ч байж болно. Насаараа намаа дагаж, нөлөөн дор нь явж ирсэн нэг хэсэг нь тийм ч таатай хүлээж авахгүй байх. Гэвч цаад зорилго нь төрийн албыг бэхжүүлэхэд байгаа болохоор аль ч нам өөрчлөлтөд бэлэн байх ёстой. Сонгуульд нэг тойрогт өрсөлдсөн хоёр хүнээр жишээ авъя. Улстөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сөрөг хүчнээ хүчтэй шүүмжилдэг хүн төрийн албанд орлоо. Өрсөлдөж байсан хүн нь лиценз зөвшөөрөл авах ч юмуу төрийн үйлчилгээ хүсээд ороод ирвэл тэнд төр, иргэний шударга харилцаа үүсч чадах уу. Нөгөө талаар, намын далбаанаас гарчхаар төрийн албан хаагчидтай тооцох хариуцлага өндөржинө. Нам сонин биш болчхоор ажилд авч байгаа менежер нь ч аль болох чадвартай хүн авахыг эрмэлзэнэ. Энэ нь хэдийгээр улс төрийн нам, төрийн албаны зааг ялгааг тодотгож, тор иргэний итгэлцлийг сэргээх гэх мэт бүх асуудлыг цогцоор нь шийдэх гарц биш боловч удаан яригдаад одоо хэрэгжиж эхэлж байгаа нэг том алхам юм.

-Зарим гишүүн Төрийн албаны хуульд дахиад өөрчлөлт оруулах төсөл санаачилсан байна лээ. Энэ заалттай яаж уялдаж байгаа вэ?

-Мэдээж энэ зарчимтай уялдах байх. Зарим нэг зохион байгуулалтын чанартай харилцааг илүү тодорхой болгох шаардлага бий. Тухайлбал. ангилал, зэрэглэлийг нь өөрчилсөн байгууллагын дарга, эрхлэгч нарыг төрийн үйлчилгээний албан хаагчаас жинхэнэ рүү шилжүүлсэн. Жинхэнэ албан хаагч төрийн албаны хуулийн дагуу шалгалт өгч сонгон шалгаруулалтад ордог. Гэтэл энэ албан тушаалтнууд заавал шалгалт өгөх шаардлагатай болж байгаа юм. Үүнийг заавал сонгон шалгаруулалтад орохгүйгээр төрийн захиргааны албан хаагч болгох хувилбараар төсөл явж байна. Харин Засгийн газраас төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарыг төрийн үйлчилгээнд хэвээр үлдээе гэсэн санал боловсруулсан. Мөн баг, хорооны Засаг даргын албан хаагчийг заавал төрийн захиргаанд хамааруулах уу гэх мэтээр тодорхойгүй зүйлүүд байна. Гэхдээ төрийн апбыг намаас салгах үндсэн зарчмаасаа ухарч болохгүй. Зарим гишүүн буцах тухай ярьж байна лээ. Би үүнийг хүчтэй эсэргүүцнэ.

-Төрийн албанд шинэтгэл хэрэгтэй тухай байнга ярьдаг. Нэр томьёоноосоо эхлээд өөрчлөх зүйл их бий гэдэг?

-Төрийн албаны эрхзүй гэдэг салбар манайд шинэ тутам хөгжиж байна. Дээд тал нь 20 жилийн түүх байна. Одоо тор гэж тусгаарлаад байхгүй төрийн албыг сонгодог утгаар нь буюу олон түмний алба, олон түмэнд үйлчилдэг үйлчилгээ болж өргөжүүлэх цаг болсон. Civil service, public service гэдэг үгийг яг махчилж орчуулбал нэг нь иргэний үйлчилгээ, нөгөө нь нийтийн үйлчилгээ болж байгаа юм. Манайх төр гэж хүнийсэхгүй, нийтийн алба гэж өөрчилж болно. Хуулиар төрийн үйлчилгээний болон захиргааны гэж хувааж байгаа. Үнэндээ бүгд л үйлчилгээ үзүүлж байгаа юм. Харин улстөрийн бодлого хэрэгжүүлэгч алба тусдаа байх ёстой. Түдгэлзүүлснээр намыг гишүүнгүй болгох бус улстөрийн намын дотоод амьдралд шууд оролцдог төрийн албан хаагчгүй болгож байгаа л явдал шүү дээ. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна.

Э.Адъяасүрэн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.