НҮБ Шадар сайд Ө.Энхтүвшиний оролцоог үнэлэв
2018.01.23

НҮБ Шадар сайд Ө.Энхтүвшиний оролцоог үнэлэв

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.23) НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерардеттэй уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Хатагтай Лоретта Хибер Жерардет Шадар сайд Ө.Энхтүвшиний урилгаар маргааш Төрийн ордонд болох уг бага хурлын бэлтгэл ажлыг хангах өргөтгөсөн хуралдаанд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлэх ялдамд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг долдугаар сард уг бага хуралд хүрэлцэн ирэх урилга хүргүүлснийг санууллаа.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерардет “Азийн сайд нарын бага хурлыг өөрийн эх оронд зохион байгуулах ажилд манлайлан оролцож байгаа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Таны үлгэр дуурайл дэлхийн олон орны удирдагчдад сайн жишээ болж байгаад талархал илэрхийлэх ёстой” гэлээ