Д.Цэвээнжав:
Даатгуулагчдын эрх ашиг хохирох ёсгүй
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Өнөөдөр энэхүү хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, даатгуулагчийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ хэлэлцүүлгээрээ хөндөхийг зорьж байгаа юм.
Ингээд Албан Журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавтай ярилцлаа.
-Жолоочийн даатгалын тухай хууль манай улсад 6 дахь жилдээ хэрэгжиж байна. Ер нь энэ хуулийн зорилго юу юм бэ?
-Хууль хэрэгжиж буй энэ зургаан жилд жолоочийн хариуцлагын даатгал нь хариуцлагын даатгал амжилттай хэрэгжилтийн том жишээ болсон бүтээгдэхүүн гэж болно.
ЭНЭ БОЛ нийгмийн хамгааллын агуулгатай хууль
Зам тээврийн ослыг бууруулахын тулд, замын хөдөлгөөнд оролцох жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор хариуцлагын даатгалд бүрэн хамруулах нь гол зорилго шүү дээ. Энэ хууль нь даатгуулагч, болон хохирогчийн эрх ашгийг хамгаалсан агуулгатай хууль.
Нөгөө талаасаа даатгуулагчдын хуримтлуулсан нийт хураамжаас хохирч буй хүн бүрийн санхүүгийн эрсдэлийг арилгах зорилго тавьж байгаагаараа нийгмийн хамгааллын агуулгатай хууль гэж хэлж болно.
- Та энэ хуулийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэх вэ?
-2017 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийтдээ 690071 даатгуулагч жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байна. Энэ дүнг хууль хэрэгжиж эхэлсэн 2012 оны дүнтэй харьцуулбал 54,1 хувиар өссөн, өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулбал 7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн 2017 онд даатгуулагчид жолоочийн хариуцлагын даатгалын хураамжид нийт 28.7 тэрбум төгрөг төлсөн ба даатгалын 25800 тохиолдол гарч, 14.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлбөрөөр олгосон байна.
Өнгөрсөн онд 30 гаруй мянган даатгуулагч зам тээврийн осолд орж, хохирол нөхүүлж байсан бол энэ оны хувьд 26 мянга орчим болж буурсан байна.
Мөн даатгалд хамрагдаагүй 26 жолооч осол гаргаж, тэдний учруулсан хохирлыг даатгалын сангаас барагдуулсан байна.
Энэ статистикаас харахад даатгалд хамрагдагсдын тоо өссөн, мөн нөгөө талдаа даатгалд хамрагдсан жолооч нараас зам тээврийн осол гаргагчдын тоо жил бүр буурсан дүн гарсан нь нааштай үзүүлэлт мөн.
Энэ даатгал нь олон улсад хамгийн нийтлэг хэрэглэгдэж байгаа даатгалын бүтээгдэхүүн, дэлхийн 165 улсад энэ чиглэлийн хууль амжилттай хэрэгжиж байна. Монгол улс энэ хуулийг ч мөн амжилттай хэрэгжүүлж байна гэж үзэж, дүгнэж болно.
Нэгэнт батлагдсан хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулж чадвал бодит үр дүнд хүрч болдог гэдгийг харуулж байгаа юм.
-Монгол улсад энэ хууль ямар хүрээг хамран хэрэгжиж байна вэ?
-Жолоочийн хариуцлагын даатгалд 600 гаруй мянган хүн хамрагдаж байгаа нь манай улсын хөдөлмөрийн насны нийт иргэдийн 50 орчим хувь юм. Эндээс энэ даатгалын ач холбогдол, хамрах хүрээ маш өргөн гэдэг нь харагдаж байна.
Жолоочийн даатгалын үйл ажиллагааг арилжааны даатгалын 15 компани, 30 гаруй зуучлагчид, мөн төлөөлөгчдийг оролцуулаад 3000 орчим хүн эрхэлж байна.
-Өнөөдөр даатгуулагчийн эрх ашиг хэрхэн хангагдаж байгаа гэж та үзэж байна вэ?
Даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, зуучлагч, төлөөлөгч нарынхаа хүчээр хариуцлагын даатгалд хамруулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Харин даатгуулагчдын эрх ашгийг хэн, хэрхэн яаж хамгаалж байна вэ гэдгийг өнөөдөр бид хөндөхөөс өөр аргагүй болсон байна.
Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг батлан гаргахтай холбогдуулан Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлд даатгалын үйл ажиллагааг хариуцаж ажиллах Удирдах зөвлөлийн төлөөлөлд хаанаас оролцохыг заахдаа Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл байхын зэрэгцээгээр, даатгагч, даатгуулагчийн төлөөлөл байна гэдгийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл АЖДХ-ны удирдах зөвлөлд даатгуулагчийн төлөөлөл зайлшгүй байх ёстой хэмээн хуульчилсан гэсэн үг.
Гэтэл өнөөдөр АЖДХ-ны удирдах зөвлөлд даатгуулагчийн төлөөлөл байхгүй, даатгуулагчдын төлөөлөл болж ажиллах орон зай хоосон байгаа нь харамсалтай
-АЖДХ-ны Удирдах зөвлөлд даатгуулагчдийн төлөөлөл яагаад байхгүй байгаа юм бэ, үүнийг хаанаас хэн шийдвэрлэх ёстой вэ?
-Санамсаргүй тохиолдол гэж хэлэхэд хариуцлагагүй сонсогдох байх. АЖДХ-ны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хороо сонгож баталж өгдөг. Энэ батлах үйл явц нь тодорхой хуулийн дагуу явагдаагүйгээс даатгуулагчдын төлөөлөл Удирдах зөвлөлд орж чадахгүй өнөөдрийг хүрсэн.Хуульд нэгэнт заачихсан учраас даатгуулагчдын албан ёсны төлөөлөл зайлшгүй байх ёстой.
-Хуулиар даатгуулагчийн төлөөлөл танай Холбооны Удирдах зөвлөлд зайлшгүй байх ёстой шаардлагыг та тодруулаач?
-УИХ анх хуулийг батлахдаа зайлшгүй байх ёстой гэж үзэн Даатгалын тухай хуульд тусгасан нь төрийн бодлого юм. Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж байгаа 600,000 гаруй даатгуулагчдын эрх ашгийг хөндсөн асуудлууд дээр тэд эрх ашгаа хамгаалах ёстой шүү дээ.
Тухайлбал даатгуулагчийн жилд төлөх хураамжийн хэмжээг өсгөх, бууруулах асуудал байна. Даатгуулагчийн оролцоогүйгээр тэдний асуудлыг шийднэ гэдэг нь зохисгүй. Мөн албан журмаар даатгуулж хураамж төлчихөөд хэрэгтэй үедээ чанартай үйлчилгээ авах ёстой.
Даатгуулагчгүй даатгал гэж байж таарах уу.
Тиймээс энэ сэдвийг хөндөж ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цаг үеэ олсон, зөв зүйтэй байна.
Энэ хэлэлцүүлгийн үр дүнд Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн явцад гарч байгаа зарим доголдлыг засах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар холбогдох байгууллагууд өөрсдийнхөө дуу хоолойг өргөх боломж бүрдэж байгаад таатай байна.
-Өнөөдөр тэгээд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага байна уу?
-Саяхан бид судалгаа хийж үзсэн. Жолооч нарын эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудтай уулзсан. Гэвч тэдгээр ТББ-ууд жолооч нарынхаа эрх ашгийг хамгаалах арга зүйгээ зөв тодорхойлж чадахгүй байгаа нь харагдаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа жолооч нарынхаа эрх ашгийг анхаарч хийж буй ажлуудыг нь үгүйсгэхгүй.
эрх ашгийг нь хамгаалж дуугарч байгаа байгууллага алга гэдгийг хэлмээр байна.
Харин хариуцлагын даатгалтай холбоотой асуудлаар эрх ашгийг нь хамгаалж дуугарч байгаа байгууллага алга гэдгийг хэлмээр байна.Тэгэхээр эрх ашгийг нь хамгаалах эзэнгүй юм байна гээд дураар загнаж халаасыг нь хоосолж болно гэж үү.
-Даатгуулагчдын өмнө яг ямар асуудлууд тулгамдаад байна гэж та харж байна вэ?
-Тээврийн хэрэгсэл эзэмшигчид жолоочийн хариуцлагын даатгалд өөрсдийн халааснаас хураамж төлж албан журмаар даатгуулж байгаа. Энэ хураамжийн хэмжээ хэрхэн өсөж, буурч байгаад дүгнэлт хийгдэхгүй байна, тийм боломж ч хомс байгаа.
Энэ байдлыг нь ашиглан жолооч нарын даатгалын хураамжийн хэмжээг дур мэдэн өсгөх, эсвэл үйлчилбэл зохих үйлчилгээг бүрэн хүргэхгүй, мэдээлэл өгөхгүй,сурталчилгаа хийхгүй байж болохгүй. Энэ бол дэндүү хариуцлагагүй явдал. Ийм байдал удаан үргэлжлэхгүй байх гэдэгт найдаж байна.
-Үйлчилгээ гэж та юу хэлээд байна вэ тодруулаач?
-Даатгуулагч нь зам тээврийн осолд холбогдож дуудлага өгөх үед тухайн даатгалын компани ослын газар дээр нь очиж хохирлын хэмжээг үнэн тодорхойлох, заавар зөвлөгөө өгөх, мөн хохирлынх нь хэмжээг үнэн зөв тогтооход мэргэжлийн туслалцаа үзүүлэх шаардлага байна. Мөн даатгагч нар даатгуулагчдын мэдвэл зохих зүйлсийг сурталчилж, ойлгуулах, мэдээлэл өгөх ёстой.
Наад зах нь даатгуулагчдын гэрээний хугацаа дуусаж байгаа эсэх, хэдийд дуусах талаар урьдчилж мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Энэ мэтчилэн тодорхой үйлчилгээ авах ёстой даатгуулагч маань үйлчилгээгээ авч чадахгүй ямар нэгэн байдлаар хохирч, эрх ашиг нь зөрчигдөж байна. Тиймээс даатгагчид энэ төрлийн үйлчилгээг цаашид хийж хэвшүүлэх нь зүйтэй.
-Зарим хүмүүс жолоочийн даатгалын тухай хууль бол хохирогчийн эрхийг хамгаалсан хууль юм гэж хэлэлцүүлгийн үеэр тодорхойлж байсан. Та бол харин нөгөө талдаа зөрчил гаргасан жолооч нарын эрх ашгийг хамгаалсан хууль гэж ярьж байна? Үүнийгээ тодруулаач?
-Зөвхөн хохирогчдын эрх ашгийг хамгаалсан хууль гэвэл энэ хэт өрөөсгөл ойлголт. Зам тээврийн ослын улмаас хохирогч хохиролоо нөхүүлснээр түүний эрх ашиг хамгаалагдсан гэж ойлгоно. Хуулийн үйлчлэлийг зөвхөн энэ өнцгөөс харж, хандаж болохгүй.
Ингэж үзэх юм бол Монголын 600 гаруй мянган жолооч яагаад энэ даатгалд хамрагдах ёстой болох юм бэ? Тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч нар энэ даатгалд хамрагдана гэж хуульчилж өгсөн учраас энэ хүмүүс хуулиа хэрэгжүүлж, хүлээсэн үүргийнхээ дагуу даатгалд хамрагдаж байна. Үүний зэрэгцээ даатгалын компани нь эдгээр даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, хохирогчдын хохирлыг арилгах үүрэгтэй. Энэ хоёр талын үүргийг нэгэн зэрэг авч явахгүй бол болохгүй.
-Албан журмын даатгагчдын холбоо ямар эрх үүрэгтэй байгууллага юм бэ? Одоо үүсээд байгаа асуудлыг харахаар СЗХ, Даатгалын компаниуд, даатгуулагч гурвын тухай л яриад байх юм.
-Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд АЖДХ-ны эрх үүргийг тодорхой зааж өгсөн бий. Манай холбоо нь даатгагчдын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж өгөх үүрэгтэй.
Энэ нь даатгалын 15 компанийхаа үйл ажиллагааг жолоочийн хариуцлагын даатгалыг амжилттай хэрэгжүүлэхэд нь зохих ёсоор туслаж, нэгдсэн мэдээллийн сан бий болгож, түүгээрээ үйлчилгээ үзүүлэх ёстой.
Энэ үүргээ бид сайн биелүүлж байгаа. Хэрэв гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байвал хуулийн дагуу тэднийг хамгаалах үндсэн үүрэгтэй.
Үүний зэрэгцээ зам тээврийн ослыг бууруулахтай холбоотой сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг дэмжиж, санхүүжүүлэх үүрэгтэй.
Мөн даатгалгүй жолооч замын хөдөлгөөнд оролцож бусдад хохирол учруулбал даатгалын сангаас нөхөн төлбөр олгож, түүнийгээ буруутай этгээдээс нэхэмжилж авах үүрэгтэй.Хуулиар заасан манай үүрэг бол энэ. Гэтэл үүний дээр АЖДХ –ны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчийн төлөөлөл ороогүйгээс болоод СХЗ-оос гарч буй журам, зааварт даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах асуудлаар ямар ч дуу хоолой гарах боломж нөхцөл бүрдээгүй байна.
-Та тодорхой жишээ хэлээч?
-2015 онд даатгуулагчдаас төлөх хураамж тооцох итгэлцүүрт өөрчлөлт оруулсан байдаг. Ингэснээр нийт төлбөл зохих хураамжийн хэмжээг 27.3 хувиар нэмэгдүүлсэн. Тухайн үед энэ санаачлагыг даатгалын компаниудын зүгээс гаргасан байдаг. Нэг ёсны өөрсдийн олох ашгийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхлоор хураамжийн хэмжээг өсгөсөн гэж болно. Гэтэл даатгуулагчийн эрх ашгийг хамгаалсан байгууллагуудын зүгээс ямар нэгэн санал санаачлага гараагүй.Даатгуулагчид нь дараа жилийн хураамж төлөхдөө гомдлын үг хэлээд өнгөрсөн байдаг. Энэ шийдвэрээр жилд 7,0 тэрбум төгрөг даатгуулагчдаас авч байгаа нь бага гэж үү.
-Даатгалын компаниуд ашиггүй ажиллаж байгаа гээд байгаа шүү дээ?
-Өнөөдөр жолоочийн хариуцлагын даатгалаас орж ирж буй орлогоос 50 орчим хувийг нь нөхөн төлбөрт зарцуулж байна. Даатгалын компаниуд болоод зуучлагч нарын үйл ажиллагааны зардалд 20 орчим хувь нь, мэдээлэл, сурталчилгаанд 10 орчим хувийн зардал гарлаа гэхэд цаана нь 20 орчим хувийн ашиг бий болсоор байгаа нь нууц биш.
Энэ хуулийг гаргахдаа хэн нэгэн хүнд ашиг олж өгөх гэж гаргаагүй.
Энэ хуулийг гаргахдаа хэн нэгэн хүнд ашиг олж өгөх гэж гаргаагүй. Автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцогчдын бусдын өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, учирч болох санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой.
-Хэлэлцүүлэг хийж явахад даатгуулагчид болон зарим нэг ТББ-ын төлөөллүүд СЗХ ажлаа сайн хийхгүй байна гэсэн шүүмжлэл байна л даа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Санхүүгийн зохицуулах хороо сайн дурын даатгалтай холбоотой зохицуулалтын үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Харин албан журмын даатгалын хувьд зохицуулалт, нөхцлийг нь тухайн хуулиар нь хийж өгсөн байх учиртай боловч тэр нь дутмаг байгаа. Мөн тогтолцооны асуудал байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалын цаад агуулга нь нийгмийн хамгааллын шинж чанартай гэж хэлсэн.
Төрийн хуулиар жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулагч буюу жолооч нарыг албан журмаар даатгуулах ажлыг арилжааны даатгалын компаниудад хариуцуулж байгаа нь тогтолцооны хувьд буруу гэж би хувьдаа үзэж байна. Яагаад гэвэл арилжааны даатгал бол ашгийн төлөө байгууллага. Гэтэл ашгийн төлөө байгууллагад нийгмийн хамгааллын чиглэлийн, ашгийн бус үйл ажиллагааг хүчээр хариуцуулах болсон нь нийгмийн дургүйцлийг хүргэж, сөрөг хандлага үүсгээд байна шүү дээ.
-Арилжааны даатгалын компаниудад хариуцуулах нь буруу юм бол өөр хэнд энэ даатгалыг хариуцуулах ёстой юм вэ?
-Жолоочийн даатгалын тухай хуульд үүнийг анхаарч даатгагч нь хэн байх вэ гэдгийг тодорхой заачихсан байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт даатгагч гэж хэн байхыг зааж өгсөн. Энд даатгалын компани гэж хэлээгүй, зөвшөөрөл авсан хуулийн этгээд байж болно гэж заасан. Тэгвэл Даатгалын тухай хуульд сайн дурын даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөвхөн даатгагч буюу даатгалын компани байна гэж заасан. Хуульд аргагүй зөв тодорхойлчихсон байгаа.
Ийм учраас жолоочийн даатгалын асуудлыг ашгийн бус байгууллага эсвэл төрийн байгууллага шууд хариуцаж зохион байгуулах нь зохистой. Нийгмийн даатгал шиг, хадгаламжийн даатгал шиг.
Эсвэл ашгийн бус үйл ажиллагаатай манай Холбоо ч шууд хариуцаж болно.
-Бусад улсад энэ даатгалыг хэн хариуцдаг юм бэ?
-Янз бүр л байгаа. Арилжааны даатгалын компаниуд хариуцах нь элбэг байгаа. Гэхдээ манайх шиг арилжааны бүх даатгалын компаниуддаа хариуцуулдаггүй. Тухайлбал ОХУ-д арилжааны даатгалын 2000 гаруй компани байдгаас 63 компанид нь л жолоочийн хариуцлагын даатгалыг хариуцуулдаг.
Тодорхой шалгуур нөхцөл тавьж шаардлагад нийцсэн зарим даатгалын компаниудад гэрээний үндсэн дээр зөвшөөрөл олгодог гэсэн үг. Тэгэхээр ийм шаардлагыг тавьж явах хэрэгтэй. Ингэхгүй бол даатгуулагчдын эрх ашгийг анхаардаггүй компаниудад жолооч нарыг даатгуулах шаардлагагүй л гэсэн үг. Утга агуулгаас нь авч үзвэл хуулиар даатгуулагчдын эрх ашиг хамгаалагдсан байгаа. Гагцхүү хэрэгжүүлэх үед л доголдол гараад байна.
-Даатгалын компаниуд хэлэхдээ энэ жолоочийн хариуцлагын даатгал бол ашиггүй.Энэ даатгалын бүтээгдэхүүнийг гаргаснаар тухайн даатгуулагчийн хувийн мэдээллийг авч, өөр бусад даатгалын бүтээгдэхүүнээ санал болгох боломж бүрддэг. Ийм л үр ашигтай гэж тайлбарлаж байсан. Та энэ тайлбарт юу хэлэх вэ?
-Үнэхээр энэ даатгалыг эрхлэхэд ашиггүй байгаа бол тэд жолоочийн даатгал эрхлэх тусгай зөвшөөрөлөө буцаагаад өгч болно. Өөр бүтээгдэхүүнийг борлуулах суваг болгож ашиглаж байгаа, ашиг олох зорилгогүй гэж байгаа бол жолооч даатгуулагч нарт үйлчлэх үйлчилгээгээ хэвийн явуулах хэрэгтэй.
Бид даатгалын компаниас энэ бүтээгдэхүүн үйлчилгээг булаацалдаад байгаа юм биш. Даатгалын компаниуд нь даатгуулагчдын эрхийг хамгаалж үйлчилгээгээ үзүүлээд хэвийн ажиллавал өөр газар шилжүүлэх тухай яриа гарахгүй.
Даатгалын компаниуд өөрсдийн хүлээж байгаа үүргээ ухамсарлах хэрэгтэй. Би даатгалын компаниуд ашиггүй ажиллаж байгаа гэдэгт огт санал нийлэхгүй байна. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн 20 орчим хувийн ашигтай байна. Энэ бол дэндүү өндөр ашиг байна гэж хэлэх гээд байна.
-Зөрчлийн хууль гарч. Зам тээврийн осол гаргасан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож, 5 оноо хасах болсноор энэ даатгалын компаниуд даатгуулагчийнхаа эрх ашгийг бодохгүй байгаа энэ байдал “хурцадмал” байдалд орж байна гэж харж байна. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Өнгөрсөн оны 7 сарын нэгнээс Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн. Даатгалын компаниуд зам тээврийн осол гаргасан жолоочийг замын цагдаагийн тодорхойлолт авчрахыг шаардах болсон.
Энэ шаардлагыг нарийн хараад үзвэл даатгалын компаниуд даатгуулагчдыгаа замын цагдаагаар торгуулах, жолоодох эрхийн онооноос нь хасуулах зэргээр хохиролтой “булан руу шахаж” эхэлсэн. Би үүнийг хүнлэг бус хандлага гэж тухайн үед үзсэн.
Шүргэлцсэн буюу 100 мянган төгрөг ч хүрэхгүй хэмжээний хохиролтой осол гаргасан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгуулж, бас оноогоо хасуулахыг шаардана гэдэг хүнлэг байна гэж үү.
Үүний эсрэг байр суурьтай байгаа.Даатгалын гэрээ хийж хураамж тооцохдоо үүнийг харгалздаг. Энэ жолоочийн даатгалын хураамжийн хэмжээ тооцох журамд бас алдаа бий, үүнийг яаралтай засах шаардлага байна.
-Энэ нөхцөл байдалд АЖДХолбоо ямар арга хэмжээ авсан вэ?
-Холбооноос СЗХ-д байр сууриа маш тодорхой хүргүүлсэн. Үүний үр дүнд 300 мянга хүртэлх төгрөгийн хохиролтой зам тээврийн ослыг цагдаагийн тодорхойлолтгүйгээр шийдэж байх тухай албан бичиг гаргасан. Хорооны гаргасан энэ албан тоотыг нийт даатгалын компаниуд жигд хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр зарим компаниуд цагдаагийн тодорхойлолт шаардсаар байгаа. Үүнийг бид юу гэж ойлговол зохих вэ.
Даатгалын үйл ажиллагаанд зохицуулалт хийх төрийн дээд байгууллага нь СЗХ учраас Хорооноос зөвшөөрөл авч ажиллаж байгаа компаниуд тэр шийдвэрийг хэрэгжүүлэх л ёстой. Манай Холбоо бол жолоочийн даатгалын хуулийг хэрэгжүүлэхэд зөрчил гаргаж байгаа даатгагчдын эрхийг нь түтгэлзүүлэх, цуцлах санал тавих үүрэгтэй. Үүнийхээ дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэх болно.
-Танай Холбоо даатгалын компаниудын жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа явуулахаас түдгэлзүүлэх хүсэлтийг СЗХ-д тавих үүрэгтэй байгууллага юм байна?
-Тиймээ. Бид өнгөрсөн 6 сард Хороонд даатгалын компаниуд, түүний салбаруудад хууль хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлаар шалгалт хийх удирдамж боловсруулж хүргүүлсэн. Даатгалын компаниуд энэ үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалд дүгнэлт гаргая гэдэг тодорхой санал хүргүүлсэн. Үүний дагуу Хороо зарим аймгуудад шалгалт хийсэн. Гэтэл энэ шалгалтын дүнг гаргаагүй. Тиймээс ирэх онд дахин санал боловсруулж хүргүүлэх болно.
-Даатгалын компаниудын үйл ажиллагаанд өөр ямар асуудлууд гарч ирж байна вэ?
-Даатгалын компаниуд даатгалын гэрээ байгуулж түүнийгээ Холбооны мэдээллийн санд ирүүлсэн байдлыг судалж үзэхэд мэдээллийнх нь 45 хувь нь ямар нэгэн зөрчилтэй байгаа юм. Өөрөөр үнэн зөв мэдээлэл бүрэн гүйцэт оруулахгүй байна. Тухайлбал, жолоочийн үнэмлэхийн дугаарыг буруу оруулж байгаа мэдээлэл нийт мэдээллийн 70 хувийг эзэлж байна.
Даатгалын компаниуд болон зуучлагчид энэ мэдээллийг үнэн зөв оруулах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ бол үүргээ биелүүлэхгүй байгаа наад захын жишээ л дээ.
-Тэгэхээр СЗХ-д даатгалын компаниудыг шалгах, зааварлах үүрэг, хүн хүч байгаа биз дээ. Тэр аппарат нь даатгалын компаниудыг хамгаалсан дүр зураг эндээс харагдаж байна л даа. Та үүнтэй санал нэг байна уу?
-СЗХ төрийн бодлого зохицуулалт, хяналтын үүрэгтэй байгууллага. Даатгалын компаниудтай үгсэн хуйвалдаж байгаа гэж бодохгүй байна. Гэхдээ санхүүгийн нөлөө байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл даатгалын компаниудаас СЗХороо зохицуулалт үйлчилгээний хөлс гэж нийт борлуулалтын орлогын 0.5 хувийг авч байна.
Энэ тогтолцоог би буруу гэж боддог.
Төрийн байгууллага бол төсвөөс л санхүүждэг зарчмаараа л явах ёстой. Даатгалын компаниуд татвараараа л улсад төлөх ёстойгоо төлөөд явах ёстой. Ингэхгүй заавал яагаад даатгагч нар СЗХ-той төлбөрийн харилцаа үүсгэдэг юм? Энэ бол зарчмын хувьд байж боломгүй.
-Хохирол үнэлгээтэй холбоотой асуудлууд гарч байна. Хохирлыг бодитоор үнэлэхгүй байгаа нь даатгуулагч жолооч нарыг хохироож байна гэсэн гомдол гарах юм?
-Хохирол үнэлгээтэй холбоотой гомдол санал гардаг л даа. Хохирлын үнэлгээ хийлгээд засварын газар очихоор засварын зардал нь илүү гардаг. Монголчуудын онцлог юм даа мөнгө дутвал өөрөөсөө нэмж гаргаад засуулчихаад, чимээгүй яваад өгдөг. Уг зүй нь ийм байх ёсгүй. Энэ бас л тогтолцооны гажуудал харагдаж байгаа юм.
Олон улсад нөхөн төлбөрийг хохирогчид шууд өгдөггүй. Шууд тэр машиныг засварын газарт шилжүүлээд, засварынх нь газарт мөнгийг нь шилжүүлдэг. Энэ тогтолцоог бий болгох зайлшгүй нөхцөл бий болсон. Өнөөдөр даатгалын компаниас авсан нөхөн төлбөрийн тодорхой хэсгийг халаасалчихаад, үлдсэнээр нь хямдхан засвар хийлгээд “за боллоо.
Харин ч сохорсон биш завшив” гэж бодоод явж байна. Үнэндээ хохирол үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж чадахгүй байгаа.
Мөн засварын ажлыг ч зарим нь чанартай хийх боломжгүй байна.
Тухайлбал, Солонгост ямар хэмжээтэй ослын үр дүнд машинд ямар эд анги, хэрхэн эвдэрдэг юм бэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоочихсон байдаг. Жишээ нь 40 миллийн хурдтай явсан тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед гадна талын эвдрэлээс гадна цаана нь ямар эд ангид эвдрэл үүсэх вэ гэдгийг тохиолдол бүрээр нь тооцож, тестлэж үзээд тогтоочихсон. Ийм каталог боловсруулсан байдаг.
Өнөөдөр биш ч гэсэн маргааш замд гараад нөгөө эд анги нь эвдэрдэг. Манайхан ослын биш механикаар эвдэрч байна гээд дахиад өөрийнхөө мөнгөөр сэлбэг худалдаж авдаг. Тэгэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй хохирлыг зөв тооцож хохирлыг гаргаж өгдөг, нөхөн төлбөрийг нь хувь хүнд бус засварын газарт өгдөг.
Харин засварын газар нь үйлчилгээнийхээ чанарын хариуцлагыг хүлээдэг ийм тогтолцоонд шилжчихвэл энэ зохисгүй байдлаас гарч болно. Эдгээр асуудлыг удахгүй шийднэ гэдэгт итгэлтэй байна.
-Жолоочийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн маань нийгэмд хэр өгөөжтэй вэ? хэдий хэр удаан тогтвортой байж чадах вэ?
-Монгол улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалын нэгдсэн тогтолцоо, зохион байгуулалтыг авч үзэх шаардлага байгаа. Энд хамаг учир нь байна.
Жолоочийн хариуцлагын даатгал дэлхийд аль 1908 оноос эхлэн одоо ч амжилттай хэрэгжсээр байна. Цаашид ч энэ хуулийн ирээдүй нийгэмд их ач тустай байх болно.
Гэхдээ нийгэмд ач тустай байлгахын тулд зөрчил гаргаагүй жолооч нарынхаа эрхийг хамгаалж, жил тутам төлж буй хураамжийн хэмжээг бууруулах замаар урамшуулдаг байх нь зохистой.
УИХ энэ хуулийг батлахдаа итгэлцүүр хэрэглэх хэсэгт үүнийг тусгасан байгаа. Хуулийн агуулгаар зөрчилгүй жолоочийн суурь хураамжийн хэмжээ 0.5 хувиас 50 хүртэлх хувиар буурах боломжтой байгаа. Тэгэхээр жил бүр 0.5 хувиар буурч байх нөхцөлийг л даатгуулагчдад олгох ёстой.
Түүнээс бус янз бүрийн шалтаг зааж даатгуулагчдын төлөх хураамжийг нэмэгдүүлэх, хохироох, торгох шалтаг гаргаж болохгүй гэж хэлмээр байна. Ер нь даатгалын ямар тохиолдолд даатгалын байгууллагын шуурхай алба заавал очихыг тодорхой болгоод өгчихвөл ажил жигдэрнэ гэж үзэж байна.
-Даатгуулагч, жолооч нар ч бас хариуцлагатай байх шаардлагатай биз?
-Миний дээрх ярьсан зүйлсээс харахад жолооч нар, даатгуулагч нар ямар ч буруугүй юм шиг ойлгогдсон байж магадгүй. Гэхдээ тэгж нэг талыг барьж ойлгож болохгүй. Даатгуулагчдад маань анхаарах зүйл байна.
Өнөөдөр Монгол улсад гарч байгаа зам тээврийн ослоор олон хүний амь нас эрсдэж, хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Энэ бүхнийг замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 6 орчим хувь л үйлдэж байна. Энэ 6 хувьтай тооцох хариуцлагыг өндөр болгох хэрэгтэй.Нийт жолооч нарт нялзаах учиргүй гэдэг талаас нь би ярьлаа.
Бид сая замын хяналтын камерыг ашиглаад судалгаа хийж үзсэн. Нийтдээ 3646 жолооч ямар нэг зөрчилтэй явж байна.
Энэ дотор даатгалд хамрагдаагүй, улсын бүртгэлд хамрагдаагүй, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч нар явж байна. Даатгалын гэрээний хугацаа дууссан жолооч нар ч байна.
Жолооч нар маань Монгол улсынхаа хуулийг хэрэгжүүлж, хүндэтгэх хэрэгтэй.
Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байгаа. Манай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид, даатгуулагчид маань хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээж хуулийн хүрээнд үйлчилгээ авна.
Замын хөдөлгөөнд соёлтой оролцож байж өөрийн чинь эрх ашиг хамгаалагдаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна.