МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны удирдлагууд өнөөдөр /2017.01.10/ сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгчийн шуурхай зөвлөлөөс өчигдөр /2018.01.09/ олон нийтийн жагсаал зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийн дагуу нэгдүгээр сарын 12-ны өдрийн 12-14 цагийн хооронд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийхээр болсон тухай мэдэгдлээ.
МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.АМГАЛАНБААТАР:
-МҮЭХ-ны гишүүн байгууллага, дэмжигчдийн зүгээс эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгуулахыг хүсч байгаа. Жагсаалын гол зорилго нь УИХ-аас баталсан долоон төрлийн татвар нэмэх тухай болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрийг эсэргүүцнэ.
Бид энэ асуудалд 2017 оны гуравдугаар сарын 05-аас эхлэн анхаарал хандуулсан.
Монгол Улсын Засгийн Газар, ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас хойш МҮЭХ эсэргүүцлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Бид хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн оны тавдугаар сард хийсэн. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцээд хэлэцээг түр зогсоосон. Ингээд 2017.09.13-ны өдөр хэлэлцээг үргэлжлүүлсэн. Тухайн үед хүрээнд татварын нэмэгдэл тэтгэвэрийн насыг нэмэгдүүлсэн асуудлыг Засгийн газрын түвшинд эргэж харж, оновчтой шийдвэр гаргах талаар ярилцаж, тохиолцсон.
Гэтэл хэлэлцээрийн тодорхой заалтууд үр дүнд хүрэхгүй байгаа учир МҮЭХ эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргалаа. Жагсаал хийснээр асуудал дуусахгүй. Бид ард түмнийхээ эрх ашгийг хамгаална. Энэ үйл ажиллагаанд иргэд, дэмжигчид чөлөөтэй оролцож болно гэдгийг хэлмээр байна. Жагсаалд урьдчилсан байдлаар 15 мянга гаруй гишүүн оролцоно.