Шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтвортой байлгах чиглэлээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа
2018.01.10

Шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтвортой байлгах чиглэлээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын  хамтарсан зөвлөл” 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж шатахууны үнийн асуудлыг хэлэлцэв.

Тус зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг бөгөөд гишүүдээр Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, зарим шатахуун имфортлогч компаниудын төлөөлөл нийтдээ 20 хүнээс бүрддэг аж.

Хурлын үеэр шатахуун имфортлогч нар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг Засгийн газрын 2017 оны 207, 309 дүгээр тогтоолоор хоёр удаа нэмэгдүүлсэн, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан автобензин, дизелийн түлшний хилийн үнэ нэмэгдсээр байгаа зэргээс хамаарч алдагдалтай ажиллах болсон. Иймд автобензин, дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэх саналыг тавьж, шийдвэрлүүлэх хүсэлтээ дахин илэрхийллээ.  

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ,

-Улс орны эдийн засгаас шалтгаалж иргэдийн цалин хөлсийг сүүлийн гурван жил гаруй хугацаанд нэмэгдүүлээгүйгээс иргэдийн амьдрал хүндэрсэн, ядуурал ч нэмэгдсэн. Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд татвар, шимтгэлийн хэмжээг нэмсэн энэ үед иргэд, хөдөлмөрчдийн бухимдлыг нэмэгдүүлэх ийм шийдвэр гаргаж болохгүй. Автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэхэд шууд иргэдийн халаасанд нөлөөлөх учраас үнийг тотвортой байлгах, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. МҮЭ-ийн холбоо түүний  гишүүн байгууллагууд, гишүүд үнэ нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл,

-ҮЭ-ийн байгууллагын хэлж байгаа нөхцөл байдал үнэхээр нийгэмд үүссэн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөр шатахууны үнэ Монголд өсөөд байдаг хэрнээ буурахаар шатахууны үнэ буурдаггүй. Шатахуун имфортлогч нараас үнийг нэмэгдүүлэх талаар хэлж байгаа санал нь хэр бодитой вэ, нэмэгдүүлэх шаардлага байгаа юм уу үгүй юм уу, хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага байгаа талаар ажлын хэсэг байгуулж ажиллуулах горимын саналыг гаргаж байна. Ажлын хэсгийн саналыг үндэслэн бодитойгоор асуудлуудаа дахин ярих хэрэгтэй гэв.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва,

-Шатахуун имфортлогч нар өөрсдөд тулгарсан асуудлыг хамгийн хялбар аргаар шийдвэрлэхээр зорьж байна. Үнэ нэмэхэд амархан. Нэмэгдсэний дараа нийгэмд тогтворгүй байдал үүснэ. Тиймээс жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар Засгийн газар өөр нөөц бололцоогоо шавхан ажиллаж тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ зөвлөлд орж, хамтарсан шийдвэрийг гаргаж л байгаа бол гарсан шийдвэрүүдийг нефт имфортлогч нар дагах ёстой гэсэн бол Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар,

-ҮЭ-ийн байгууллага, Шударга өрсөлдөөний газрынхны хэлээд байгаа үнэн. Цагаан сарын өмнө шатахууны үнэ нэмэгдвэл нийгэм тэр аяараа босно. Тиймээс шатахууны жижиглэн худалдааны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар Засгийн газар бусад нөөц боломжоороо шийдвэрлэж, үнэ нэмэхгүй байх бүх л арга хэмжээг авах нь зүйтэй.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт, санал дууссанаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн гаргасан горимын саналын дагуу тус зөвлөлд орсон байгууллагуудын төлөөллийг бүрэн хамруулан шатахууны үнийг нэмэгдүүлэх үндэслэл, цаашид үнийн тогтвортой байлгах санал боловсруулах үүрэг бүхий шуурхай ажлын хэсгийг байгуулах асуудлаар санал хураалт болов. Хамтарсан үнийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр шуурхай ажлын хэсэг байгуулагдахаар тогтлоо.

Хурлын сүүлд хурал даргалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав хэлэхдээ,

-Ажлын хэсэг ажиллах хугацаанд шатахуун имфортлогч нар хэрэглээ хязгаарласан, үнэ нэмэгдүүлсэн аливаа үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа.