А.Энхболд:

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй


4 минут уншина
А.Энхболд: Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж өнөөдөр ямар түвшинд байгаа, даатгуулагчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР хөндөхийг зорьж байгаа юм.

Энэ удаад бид Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга А.Энхболдтой ярилцлаа.

-Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний стратеги, төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? Хэрэгжилт нь ямар түвшинд байгаа вэ?

-Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний стратегийг 2012 оны Монгол Улсын Засгийн газрын 146 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ стратегийн гол зорилго нь зам тээврийн ослоос нас барах болон хүнд гэмтэх хүний тоог 50 хувиар бууруулах юм. Энэ зорилгын хүрээнд 5 гол зорилт бий. Нэгдүгээрт, менежментийг сайжруулах. Хоёрдугаарт, замын аюулгүй байдлыг сайжруулах. Гуравдугаарт тээврийн аюулгүй байдлыг сайжруулах. Дөрөвдүгээрт хүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах.

Тавдугаарт ослын дараах тусламж үйлчилгээг сайжруулах гэдэг төлөвлөгөө бий. Эдгээр төлөвлөгөөний хэрэгжилт өнөөгийн байдлаар 71.2 хувийн биелэлттэй явж байна.

Биелэлт тааруу явж байгаа хэд хэдэн заалт бий. Үүний дотор баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн тоо бууруулах, жолооны хүрдний байрлал солих, гэрлийн тусгалыг өөрчлөх чиглэлийн ажлууд хоцрогдолтой байна. Мөн суурин газруудад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төвүүдийг байгуулах асуудал хоцрогдолтой байна.

-Замын цагдаагийн газраас мэдээлж байгаагаар өдөрт 300 гаруй осол гэмтлийн дуудлага ирдэг гэсэн. Энэ тоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги хэрэгжиж эхэлсний дараах тоо юу? Уг стратеги хэрэгжиж эхэлснээр осол гэмтлийн тоонд хэр нөлөөлсөн бэ?

-Уг стратегийг боловсруулах үед жилд дунджаар 560-аад хүн нас бардаг байсан. 2016 оны мэдээгээр жилд 485 хүн нас барсан. Дэлхий нийтээр зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүнд ногдох хэмжээ нь 15.9 байдаг. Монгол Улсын хувьд 15.3 болсон. Энэ бол бидний хэрэгжүүлж байгаа стратегийн үр дүн.

Гэхдээ энэ стратегийг хэрэгжүүлснээр бүх зүйл сайхан боллоо гэж үзэж болохгүй.

Тухайлбал манай оронд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын асуудлыг зайлшгүй авч хэлэлцэх шаардлагатай байна. Ялангуяа буруу талтай жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл, оношилгоо, үйлчилгээний асуудлыг анхаарах хэрэгтэй.

-Манайд орж ирж буй тээврийн хэрэгслийн дийлэнх хуучин тээврийн хэрэгслүүд байдаг?

-6-аас дээш жил ашиглагдсан тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт Монгол Улсын хэмжээнд 80 гаруй хувь байдаг. 3 хүртэл жил ашигласан тээврийн хэрэгсэл 3 орчим хувьтай байгаа. Энэ нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын хувьд өндөр үзүүлэлт биш.

Энэ чиглэлээр тусдаа бодлого баримтлах хэрэгтэй гэж үзэж байгаа.

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн олон улсын хэлэлцээр байдаг. Эдгээр хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж байна. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар нэгдэн орох асуудлыг дэмжиж, УИХ-ын Аюулгүй байдлын гадаад байнгын хороогоор хэлэлцүүлээд, гарын үсэг зурах эрхийг нь Засгийн газарт олгосон.

Эдгээр хэлэлцээрт нэгдэн орсноор нэгдүгээрт, Монгол Улсын тээврийн хэрэгсэл олон улсын хөдөлгөөнд оролцоход аюулгүй байдлыг хангах нөхцлөөр хангагдана. Хоёрдугаарт, гаднаас орж ирж буй аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Гуравдугаарт, гаднаас орж ирж буй тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг хангасан тохиолдолд л манай улсын замын хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдэнэ. Дөрөвдүгээрт, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгсэл болон сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирэх асуудал хязгаарлагдах боломжтой болно.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдалд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал ямар үүрэгтэй оролцож байна? Энэ даатгалын тогтолцоо дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхий нийтийн чиг хандлага бол даатгалын тогтолцоо. Өндөр хөгжилтэй АНУ, ОХУ, Канад, Швед гэх мэт бүх улс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд сахилга соёлтой оролцох эсэх асуудал нь даатгалын тогтолцоотой шууд холбоотой. 2012 онд анх удаа Албан журмын даатгалын тогтолцоо хэрэгжсэн.

Гэхдээ энэ хууль төгс шийдлийг бий болгосон уу гэвэл үгүй.

Бусад улсын даатгалын тогтолцоог харахад хоёр шугам бий. Нэгдүгээрт, жолоочийн хариуцлагыг сайжруулахтай холбоотой. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалтай холбоотой. Тээврийн хэрэгслийн эрсдэл гэдэг бол насжилтын онцлог. Судлаачдын үзэж байгаагаар 10-аас дээш жил ашиглагдсан тээврийн хэрэгслийн насжилт өндөр эрсдэлтэй байдаг. 6-10 жил ашиглагдсан тээврийн хэрэгслийн хувьд 10-аас дээш ашиглагдсанаас 30 хувиар бага эрсдэлтэй. 3 хүртэл жил ашиглагдсан бол 85 хувиар бага эрсдэлтэй байдаг.

-Засварын чанарын асуудал дээр та юу хэлэх вэ?

Мөн засвар үйлчилгээтэй холбоотой асуудал байдаг. Засвар үйлчилгээ өөрөө чанартай байх  ёстой. Үүнээс гадна засвар үйлчилгээ хийж байгаа байгууллага нь өөрөө хариуцлагатай байх ёстой. Үүнийг даатгалын тогтолцоогоор яаж сайжруулах вэ гэдэг асуудал бий. Өндөр хөгжилтэй улсуудын даатгалын тогтолцоо нь тээврийн хэрэгслийг дагасан даатгалын тогтолцоогоо ашигласан жилээс, оношилгоо, үйлчилгээ эрхэлсэн байгууллагаас хамааруулдаг. Байгууллагуудад бол үнэлгээ тогтоож өгнө.

Өндөр зэрэглэлийн байгууллагаар үйлчилгээ хийлгэсэн эрдсэл нь бага байдаг. Гадаадын улсуудын үйлчилгээний тогтолцоог харахад засвар үйчилгээг хийлгэх аж ахуйн нэгжийг тухайлж зааж өгдөггүй. Харин муу байгууллагаар үйлчлүүлж, муу сэлбэг хэрэгсэл авсан үнийг 3-4 нугалсантай тэнцэх даатгалын үнэлгээний хураамж авах тогтолцоотой.

Тиймээс хүссэн хүсээгүй үнэлгээ өндөр байгууллагаар үйлчлүүлэх нөхцөл бүрддэг.

Тухайлбал А гэсэн байгууллагаар засвар үйлчлүүлсэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс шалтгаалсан зам тээврийн осолд өртвөл тухайн байгууллагын үнэлгээ буурна. Үнэлгээ муу байх тусмаа үйлчлүүлэгчээ алдана гэсэн үг. Манайд ийм тогтолцоо арай бүрдээгүй.

Дараагийн ээлжинд жолоочийг дагасан эрсдлийн үнэлгээ байна. Одоогийн байдлаар бид автомашин барьсан жилээс харгалздаг. Мөн осол гаргасан тоо, зөрчил гаргасан үзүүлэлтээ тооцдог. Мөн эрүүл мэндийг тооцох эрдсэл мөн. Хараа муу, хөгжлийн бэрхшээлтэй байх гэх мэт. Хөгжлийн бэрхшээлтэй байх нь автомашин жолоодохыг хориглосон үзүүлэлт биш. Гэхдээ эрсдлийг тооцоход орно. Ингэхдээ төрөөс зохицуулалт хийж өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрсдлийг ямар нэгэн байдлаар алийг нь төрөөс даах, алийг нь өөрдсөө хариуцах, алийг нь олон нийтийн байгууллага хариуцах вэ гэдгийг зохицуулсан зохицуулалт байдаг.