Нийслэлийн Эрүүл мэндийн салбарын асуудлаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Баяр болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2017 онд Эрүүл мэндийн салбарт хийгдсэн тохижилтын ажлуудаас танилцуулсан юм. Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сул шороон хөрс бүхий газрын эзлэх хувийг бууруулах, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, орц гарцыг нээж түгжрэлийг бууруулах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Тус ажлуудын хүрээнд 5800м2 сул шороон хөрс бүхий газрыг ногоон байгууламж бий болгож, 812 метр урттай 7 метрын өргөнтэй авто зам, 2 талаараа явган хүний замтай, зүүн талаараа 42 ширхэг явган замын гэрэлтүүлэгтэй, 190 авто машины зогсоол, борооны ус зайлуулах инженерийн шугам, 6 цэгт сүүдрэвч бүхий амралтын талбайг бий болгоод байна.
Үүний дараа Нийслэлийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан бөгөөд жилээс жилд нийслэл хотод томоохон асуудал болоод байгаа томуу, томуу төст өвчний дэгдэлт, хүүхдийн эмнэлэг, эмнэлгийн ор, эмч нарын хүрэлцээ зэрэг тулгамдаад байгаа шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлуудаар талууд санал бодлоо солилцлоо.
Нийслэлийн зүгээс хүүхдийн орны асуудлыг боломж бололцоогоороо бүрэн шийдвэрлэж газар хүүхэд хэвтдэг байсныг шийдвэрлэсэн, зарим нэгэн эмнэлгүүд ачааллаасаа шалтгаалан орны хүрэлцээгээ нэмэгдүүлэх ажлыг тухай бүрт нь авч хэрэгжүүлж, зарим нэгэн эмнэлгүүд ажлын өрөөгөө хүртэл хэвтэх тасаг болгон эмчилгээ үйлчилгээ явуулж байгааг онцлон дурдсан юм. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үе эхлээд байгаа бөгөөд нийслэлд 16,000 гаруй хүүхэд эмнэлгээр эмчлүүлсэн мэдээ байгаа юм байна. Нийслэлийн зүгээс хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт ирэх ачаалалыг багасгах, хурдан шуурхай үйлчилгээг нэмэгдүүлэх хүрээнд 2018 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс 14 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн чиглэлд зарцуулахаар төсөвлөсөн мөн 10 өрхийн эмнэлэг шинээр барихаар төлөвлөж байгаагаа ч Эрүүл мэндийн сайдад танилцууллаа. Нийслэл цаашдаа ч бүтээн байгуулалтын ажилд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эмнэлгийн тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэх, эмнэлгийн чанар үйлчилгээ тэр дундаа өрхийн эмнэлгүүдийг чанаржуулах хүүхдийн амбулаторийн шинэ барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг чухал асуудлуудаар санал солилцсон уулзалт боллоо НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.