Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг хамтад нь хэлэлцэхээр хойшлуулав
2010.12.28

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг хамтад нь хэлэлцэхээр хойшлуулав

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, шинээр сонгогдсон байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар анхны хуралдаанаа даргалан хийлгэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг энэ сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй таван саналар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлахад, хуралдааны дэг зөрчиж сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх эрхийг нь хасахаар төсөлд заасан байсан. Тэгвэл асуулт асуух эрхийг нь бас хасахаар төсөлд нэмж оруулах саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Харин төслийн 1 дүгээр зүйлийн 6-д “танхимд орох эрхийг нь тодорхой хугацаагаар” гэснийг “үйл ажиллагаанд оролцох эрхийг нь 3 цаг хүртэл хугацаагаар” гэж өөрчлөх саналын талаар гишүүд нухацтай ярилцав. Гишүүн Х.Тэмүүжин “3 цаг гэдэг их хугацаа тул цагийг багасгах нь зүйтэй юм, бусад оронд гол төлөв 30 минутаас 1 цаг хүртэл байдаг. Харин дахин зөрчил гаргавал хуралдаан даргалагч цагийг нь сунгаад явдаг” гээд “зөрчил гаргасан гишүүний үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасч танхимаас гаргахаар тусгах” санал хэлэв. Түүнчлэн зөрчил гаргасан гишүүнийг тухайн асуудлын хэлэлцүүлгээс гаргахаас биш санал хураалтад оролцох эрхийг нь хасч болохгүй гэсэн байр суурьтай байлаа. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь “танхимд орох эрх нь үйл ажиллагаанд оролцох гэдэгтэй хамт байгаа гэж ойлгох ёстой, төсөлд 3 хүртэл цаг гэж заасан тул тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хуралдаан даргалагч цагийг нь шийдээд явах боломжтой” гэж үзэж буйгаа хэлэв. Харин гишүүн С.Ламбаа төслийн энэ заалтыг “санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг нь 3 цаг хүртэл хасах” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Мөн хуулийн төслийг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх санал олонхийн дэмжлэг авлаа.

Дараа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төслийн танилцуулгыг гишүүн Х.Тэмүүжин хийлээ.

Эл хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Я.Батсуурь, Х.Баттулга, Л.Гантөмөр, С.Оюун, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Д.Энхбат нар санаачлан боловсруулж өргөн барьсан юм. Засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлагыг үндэслэн эрхэм гишүүд эдгээр хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдан гарснаар одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Ингэснээр нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаар нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авилгад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Төслийн зохицуулалтттай холбогдуулан Авлигын эсрэг хууль дахь хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зохицуулалтыг өөрчлөх, Эрүүгийн хууль дахь гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоож холбогдох хариуцлагыг тодорхойлох шаардлагатай гэж үзээд хуулийн өөрчлөлтийн саналыг хамтад нь боловсруулжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Д.Дондог хуулийн үйлчлэх хугацаа ямар байх, учирч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэр судалж тооцсон, ийм агуулга,  нэр томъёотой хууль хэр олон оронд байдгийг төсөл санаачлагчаас тодруулав. Энэ талаар төсөл санаачлагч гишүүн Х.Тэмүүжин хариулахдаа, төрийн албыг нийтийн албаны жишигт шилжүүлэхэд нэлээд хугацаа орох нь тодорхой, гэхдээ энэ хуулийг гаргаснаар одоогийн хуультай зөрчилдөөд байх зүйлгүй. Харин хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахтай холбогдсон асуудлыг шинээр зохицуулахын тулд сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хугацааны талаар бодолцох зүйл гарах байх гэлээ. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлийн ийм бие даасан хуультай 10 орон, энэ асуудлыг авлигын хуультайгаа хамт зохицуулсан 4 орон байдаг агаад эдгээр нь бүгд хуучин пост коммунист дэглэмтэй байсан орнууд. Харин ардчилал, улс төрийн соёл өндөр хөгжсөн ихэнх оронд сонирхлын зөрчлийн асуудлыг ёс зүйн дүрмээр зохицуулсан байдаг гэдгийг төсөл санаачлагч тайлбарлалаа. Ингээд Д.Дондогоос өөр санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нарын санаачилж өргөн барьсан Төрийн дээд цол, одон, медалийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим зарлиг, тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Монгол Улсын цол, Төрийн шагнал, одон медалийн тодорхойлолт батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн саналаар төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Энэ төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хойшлуулсан юм. Гэвч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс байнгын хороод дээр хүлээгдэж байгаа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг даруй шийдэж нэг мөр болгох чиглэл өгсөн юм байна. Харин МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан намын бүлэг эдгээр хуулийн төслийг хэлэлцээд хойшлуулахаар гаргасан санал хэвээр байгаа гэдгийг хэлээд бүлгийн гишүүд төслийг дэмжих эсэхээ ярилцаж шийдэх шаардлагатай байгаа тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг АН-ын бүлгийн ахлагч бас дэмжиж буйгаа хэлэв. Ингээд хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэхэд УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг тус намын бүлэг энэ асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд Цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй тул нэг мөр хамтад нь хэлэлцэхээр тохирсон тул энэ асуудлыг хойшлуулах санал гаргав. Харин МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан: УИХ-аас нэр дэвшүүлэх хоёр хүний асуудлыг бид одоо ярих байна, хуулийн дагуу өөр субъектээс нэр дэвшүүлэх асуудал дараа нь яригдана. Өөр өөр субъектээс нэр дэвшүүлж орж ирэх, хуулийн заалттай, цаг хугацааны зөрчилтэй асуудлыг нэг саванд чихэх нь буруу юм. Иймээс АН-ын бүлэг энэ асуудлыг бодолцож үзмээр байна, гишүүн Ө.Энхтүвшин: Төрийн ажил тасралтгүй явагдах ёстой, өмнөх гишүүн нь өөр ажилд очихсон, хууль зөрчигдөхөд хүрээд байна. Намын бүлэг завсарлага авч болох ч төрийн асуудлыг гацааж болохгүй гэсэн байр суурьтай байв.

Харин АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг: Хоёрхон долоо дараа Цэцийн гишүүдийн тал хувь нь өөрчлөгдөхөөр байхад нэр дэвшигчдийн асуудлыг хамтад нь нэг мөр шийдэх нь зүйтэй гэж манай намын бүлэг үзэж байгаа. Дөнгөж сая бид МАН-ын бүлгээс төрийн дээд шагнал, одон медальтай холбогдсон хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар гаргасан саналыг дэмжээд байхад бие биендээ  хатуурхахгүй саналыг нь хүндэтгэж хандмаар байна гэсэн саналын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хойшлуулахаар болж, байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.