ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо
Өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна.
Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байна.
Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ.
Тэрээр Монгол улсын Засгийн газраас баталсан “Сурагч өсвөр үеийнхний эрүүл мэнд”, “Хүн амын эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрүүд нь сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих тогтолцоог боловсронгүй болгоход төр, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлыг чиглүүлж, эрүүл мэндийн зохих боловсролтой, эрүүл чийрэг иргэд болон төлөвших орчныг бүрдүүлэх” зорилго тавьсны дагуу олон улсын хандивлагч байгууллагууд, дотоод, гадаадын мэргэжилтнүүд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө нөөц зарцуулж ирсэн.
Түүнчлэн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги /2010-2015/ төлөвлөгөөг боловсруулан амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Гэвч 2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээл байдлаар тусган оруулсан нь үндэслэл муутай оновчгүй хувилбар болсон гэж үзэж байна.
2015 онд Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгуулага, бусад талуудтай хамтран уг шинэчилсэн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн дүгнэлт нь ”маш хангалтгүй” гэж гарсан.
undefined
Учир нь эрүүл мэндийн хичээлийг интеграци хийж буй биологи, биеийн тамирын хичээлүүд нь өөрийн судлах агуулгын багтаамж ихтэй, сургалтын орчин, техник тоног төхөөрөмжүүд нь онцлогтой, багшийн заах арга зүй, сургалтын технологи нь ялгаатай тул эрүүл мэндийн хичээлээр зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлэх боломжгүй байна.