2017.10.13

Гуравдагч хүчний ганц гишүүн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас ганцаараа суудал авч, УИХ-ын сөрөг хүчний үүргээ идэвхтэй биелүүлдэг гишүүн. Парламентын хувьд шударга байдлын төлөө дуу хоолойгоо өргөөд зогсохгүй, өөрийн намаа ч мөн шинэчлэл хийх цаг болсон гэсэн байр суурьтай байдаг нэгэн.

ПАРЛАМЕНТАД

УИХ-д хоёр удаа сонгогдсон О.Баасанхүү чуулганы үеэр хамгийн идэвхтэй гишүүн. Тиймээс ч 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд хамгийн их асуулт асууж, үг хэлсэн гишүүнээр тодорсон. Тодруулбал, тэрбээр чуулганы 166 цаг үргэлжилсэн 34 удаагийн хуралдаанд 31 удаад нь буюу 151 цаг сууж, 74 удаа нийт 289 минут үг хэлж, 112 асуулт асуусан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

 Ямар ч асуудлыг хэлэлцэх үед сөрөг хүчний үүргээ маш сайн биелүүлж, тэр байтугай шударга бус гэж үзсэн үедээ “лайв” хийгээд, ард иргэддээ ил тодоор шууд дамжуулж харуулдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн нэгнийхээ өмнөөс кноп дардаг асуудлыг тэрээр хатуу шүүмжилж, кноп дарах секундыг багасгах талаар санал ч гаргаж байсан.

О.Баасанхүү: Энэ бол авто зам тавьж байгаа асуудал биш. Харин ард түмэнд ШУДАРГА ЁСНЫ ЗАМЫГ тавьж байгаа асуудал. Хууль тогтоомжийн тухай хууль батлагдсанаар ирцийн асуудлыг цэгцлэх хуулийн төсөл санаачлах боломж байна уу? Ирцтэй тэмцсэний төлөө УИХ-ын гишүүд битгий бухимд! (2017.05.12-ны нэгдсэн чуулган дээр)

Харин сүүлийн үед тэрээр давхар дээлийг хурц шүүмжилж байна. Тодруулбал шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сайдууд 100 хувь УИХ-аас бүрдсэн буюу давхар дээлтэй байгаа нь гүйцэтгэх засаглалыг нурааж буй хэрэг гэж үзжээ.

Үндсэн хуулийн дагуу УИХ-ын гишүүд сайдын албыг давхар хашиж болохгүй гэсэн заалт байхгүй. Гэхдээ Гүйцэтгэх засаглалыг УИХ хянах хуультай. Энэ тогтолцоо байхгүй болно гэдгийг тэрээр онцолж буй. Тиймээс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж ТЕГ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг явуулсан.

О.Баасанхүү: МАН-ыг би мэдэж байна. Гадаад дотоодод явсан, эрдэмтэй залуу сэхээтнүүд байхад заавал энэ хэдийгээ тавьж байгаа нь огцормооргүй 2020 он хүрмээр байна гэсэн нөхцөл байдал юм. Дараа нь дэд сайд, ТНБД-ыг дараагийн хүмүүсийн санал болгосноор тавих юм байна. Ингээд дөчин хэдүүлээ нийлээд Засгийн газрыг бүхэлд нь монополчлох явуулга хийж байна. (2017.10.13-ны хэвлэлийн бага хурал дээр)

Энэ бодлынхоо дагуу “үзэл бодлын уриалга” нэртэй урилага бэлтгэсэн. Гэтэл тус хэвлэлийн цаасыг УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга болон Төрийн ордны хамгаалалтын албаны орлогч дарга нар ордны хаалганаас гишүүнд мэдэгдэлгүйгээр нууцаар авсан аж. Энэ мэт УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан явдлыг цаашид хүчтэй илэрхийлэхээ тэрээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгсэн юм.

МАХН-Д

УИХ-ын 75 гишүүний эсрэг зоригтой сөрж чаддаг тэрээр МАХН-даа ч бас үзэл бодлоо шулуухан хэлчихдэг нэгэн. Тэрээр энэ жил болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр даргынхаа дэмжлэгийг авч дэвшсэн С.Ганбаатарыг эсэргүүцэж  байгаагаа ил тод хэлж байсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад гишүүд

О.Баасанхүү: МУ-ын Сонгуулийн тухай хуульд өөр намын хүнийг нэр дэвшүүлж болдоггүй заалттай. Миний мэдэж байгаагаар С.Ганбаатар аль нэг намаасаа гарсан талаараа Бага чуулган дээр  ямар нэгэн баталгаа гаргаж ирээгүй. ХҮН-аасаа гараад Эх орон тусгаар тогтнолын эвсэлээс нэр дэвшсэн санагдаж байна. Ийм зүйлээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэж санаа зовж байна. (2017.05.17-ны хэвлэлийн бага хурал дээр)

Мөн сүүлийн үед тэрээр өөрийн намдаа шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг хэлж байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулиар 11 суудал авч байсан тус нам 2016 онд нэг суудал авч, амжилт нь буурсан нь намын дотоод зөрчилдөөн болон ганцхан хүний үгээр асуудалд ханддагтай холбоотой гэж тэрээр үзэж байна.

Тиймээс бага чуулганы гарын үсгийг цуглуулж МАХН-ын бага чуулганыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.