Л.Энхболд: Засгийн газрыг огцруулах байр сууринаасаа ухрахгүй
2017.08.30

Л.Энхболд: Засгийн газрыг огцруулах байр сууринаасаа ухрахгүй

Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зураад байгаа. Үүний улмаас  УИХ ээлжит бусаар хуралдахад хүрч, энэ зуны турш эл хуль байсан Төрийн ордон хөл хөдөлгөөнд дарагдаад байна. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Л.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдэд дарамт үзүүлэх, тендер санал болгож, гарын үсгээ буцаах саналыг танай намын удрдлагаас тавьсан гэх мэдээлэл байна. Та гарын үсгээ буцаах уу?

-Намын удирдлагуудын зүгээс ямар нэг дарамт шахалт ирээгүй. Миний хувьд Засгийн газрыг огцруулах бичигт зурсан гарын үсгээ буцаахгүй. Гарын үсэг зурсан гишүүд ямар нэг дарамт, шахалтаар бус сэтгэлийн дуудлагаар гарын үсэг зурсан.

-Гарын үсэг зурсан гишүүдийн тоо нэмэгдэж байгаа гэх юм?

-Өнөөдөр нэмэгдэж эхлэх болов уу гэж таамаглаж байна.

-Ямар шалтгааны улмаас та Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан юм бэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил л ажиллаж байна, тогтвортой ажиллуулах нь аль аль талдаа хэрэгтэй баймаар юм?

-УИХ өнгөрсөн нэг жилийн хугацаанд өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн. Тухайлбал, УИХ-аас маш олон ажлын хэсэг гарч Хөгжлийн банк, Монголбанк, Эрдэнэт үйлдвэрийг шалгах ажил хийсэн. Энэ нь өөрөө 2016 оны УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөртөө тусгасан хариуцлагын тогтолцоог сайжруулах асуудал байсан юм. Уг ажлын хүрээнд олон ажлын хэсэг гарч, ажлаа хийсэн ч хэрэгжих шатандаа ажил хийгдээгүй. Үүний дүнг Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар дүн тавьсан. Тиймээс хариуцлагын асуудлыг хөндөх нь зөв гэж бодож байна. Мөн хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас Өмнөговь аймгийн Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоох шийдвэр гаргасан. Энэ нь өөрөө судалгаагүй, тэнд амьдарч байгаа 16 мянга орчим иргэдийг хоолноос нь салгасан үйл явдал болсон. Тиймээс би Засгийн газрыг хариуцлага хүлээж огцрох ёстой гэж гарын үсэг зурсан.  

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагыг гүйцэтгэх засаглалаасаа нэхэх нь буруу гэх шүүмжлэл нийгэмд байна. Энэ тухайд?

-Эдийн засгийн хямралд оруулсан, санхүүгийн хариуцлага алдсан асуудалд хариуцлага тооцож чадаагүйгээс болж өнөөдөр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмж ард түмэндээ дарамт учруулсан. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, тэр мөнгийг эргүүлж авчрах ёстой байсан. Энэ нь өөрөө Ерөнхийлөгчийн сонгуулийн үед татвар нэмж, ард түмэндээ ачаа үүрүүлсэнд ард түмэн дургүйцсэн. Тиймээс Засгийн газрыг огцруулах ёстой.

-Гарын үсэг зурсан гишүүд дараагийн Засгийн газарт сайдын суудал амласан гэсэн мэдээлэл байна. Та сайд болох уу?

-Засгийн газрыг огцруулах үндэслэлээ тодорхой хэлсэн. Цагаан хадны гаалийн хяналтыг хаасан Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Зам тээвэр, хөгжлийн сайд Ганбат хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагаан хадны гаалийн хяналтыг шөнө галзуу хад гэж хэлж байсан. Тэр үгнийхээ төлөө Өмнөговийн ард түмнээс уучлалт хүсэх ёстой.